Улсаараа дампуурах уу, үгүй юу гэдэг сонголтын өмнө ирсэн
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2015.10.21

Улсаараа дампуурах уу, үгүй юу гэдэг сонголтын өмнө ирсэн

тай ярилцлаа. 

-УИХ-аар төсвийн тодотгол, төсвийн төслийг хэлэлцэж байна. Гишүүд төсвийн тодотгол дээр дэд сайдыг цомхотгоно гэх зэргээр хэлбэр хөөсөн, бодлогын шинж чанартай өөрчлөлтүүд байхгүй гэх зэргээр шүүмжлэл өрнөж байна. Та төсвийн тодотгол, төсвийн төслийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Төсвийн тодотгол өргөн баригдсан. Энэ удаагийн төсөв жилийн эцсээр нэг их наяд төгрөгөөр тасарч магадгүй. Тодотгосон төсвийг дахиж тодотгож байна. Дахиад ч тодотгохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр төсвийн төлөвлөлт, төсөв дээр авч буй гол параметрүүдээ зөв үнэлэх, нийгэм, эдийн засгийн гол хүчин зүйлүүдийг үнэлэхдээ алдаатай ажиллаж байна гэж харж байгаа.

Сүүлийн гурван жилд төсвийг жил бүр хоёроос гурав удаа тодотгодог, төсөв тасрахад ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй жишиг тогтлоо. Төсөв тасрахад ямар хүчин зүйл нөлөөлсөн, тасалдах үндсийг бий болгосон хүмүүстэй ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь тодорхойгүй. Ерөөсөө төсөв тасарч байна гээд л тэр нөхцөлдөө тохируулаад, хасч, танаад явж байгаа нь өөрөө төсвийн хариуцлагыг алдагдуулж байна. Тэгэхээр хариуцлагын тогтолцооны асуудлыг давхар ярих ёстой.

Хоёрдугаарт, бид энэ удаагийн төсөв дээр нэлээд зоримог реформын шинжтэй алхмууд хийх ёстой. Оруулж төсвийг харахад шоуны байдалтай, улс төрийн хандлагатай, яг бодит байдлаа зөв үнэлсэн гэхээсээ илүү нийгэмд таалагдаж, улс төрийн ашиг хонжоо авах гэсэн зүйлүүд олон байна. Гуравдугаарт, бид төсвөө алдагдалгүй болгоход гол анхаарлаа хандуулах ёстой. Алдагдал гараад ирэхээр л тэрнийгээ нөхөх гэж дотоодын бонд гаргадаг. Түүгээрээ дотоодын зах зээл дэх бэлэн мөнгөний урсгалыг тасалдуулж, сордог. Энэ гурван зүйл дээр нэлээд төвлөрч, ажиллах ёстой гэж үзэж байгаа.

-Жилийн жилд төсөв их наядаар тасарч байна. Та сая хариуцлагын талаар ярилаа. Энэ тохиолдолд хариуцлага хаана байх ёстой вэ. Нэг талаас Засгийн газар үнэхээр муу төлөвлөж оруулж ирээд байна уу гэдэг асуудал. Нөгөө талаас Засгийн газрын өргөн барьсан төслийг УИХ танигдахгүй болтол өөрчиллөө гэдэг. Тэгэхээр хариуцлагыг УИХ үүрэх үү, Засгийн газар үүрэх үү?  

-Тогтолцооны хүрээнд бид цаашдаа Засгийн газарт төсвөө батлуулах илүү эрх мэдлийг өгөх хэрэгтэй. Нэг ёсондоо өргөн баригдсан төсөв 10 хувиас хэтэрсэн байдлаар өөрчлөлт орвол Засгийн газар төсвөө татаж авах, эргээд парламенттайгаа хариуцлага ярьдаг ч юм уу. Эсвэл парламентад 10 хувиас илүү төсвийн хөдөлгөөн хийх эрхгүй байхаар зохицуулах ёстой.

Ийм байдлаар Засгийн газрын төсвийг гишүүд тойрогтоо мөнгө төгрөг хуваарилах, үндэслэлгүй хөрөнгө оруулалт нэмэх байдлаар үймүүлдгийг өөрчлөх шаардлага байна. Магадгүй өргөн барьсан төсвийг нь баталж өгөхгүй, өөрсдийнхөө агуулгаар өөрчилж байвал Ерөнхий сайд төсвөө татаж аваад, дахин өргөн барих. Бүр цаашлаад парламентаа тараах санал оруудаг ч юм уу. Ийм эрхүүдийг бид эрх зүйн хүрээнд өгөх ёстой.

Сүүлийн жилүүдийн төсөвт гарч байгаа хариуцлагын асуудал хоёр эзэнтэй байна.Нэгдүгээрт, энэ жилийн төсөв тасарч байгаа нэг том эх үүсвэрт гадаад хүчин зүйл мэдээж бий. Гэхдээ дотоод хүчин зүйлээ аваад үзвэл АН доторх эдийн засаг, улс төрийн бүлэглэлүүдийн толхилцоон, хөлөө жийлцсэн байдлаас болж, томоохон төслүүд гацсан.

Өнгөрсөн оны өдийд бид төсвөө хийж байхдаа Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулна, Оюутолгойн далд уурхайн асуудлыг шийдвэрлэнэ, Гацууртын орд газар болон томоохон төслүүдээ хөдөлгөнө гэж тооцсон. Энэ тооцоолол дээрээ төсвөө хийсэн. Харамсалтай нь Тавантолгой, Гацууртын ордуудыг хэн зогсоосон бэ гэхээр АН доторх фракц, бүлэглэлүүдийн хэрүүлээс л болсон. 

Тэгэхээр энэ хариуцлагыг АН-ын бүлэг, АН хариуцах ёстой. Хоёрдугаарт, хэнд хариуцлага ярих вэ гэхээр төсвийг төлөвлөж оруулж ирж байгаа Сангийн яам, холбогдох мэргэжилтнүүд. Төсөв дээр өөрийн дураар янз бүрийн шинжлэх ухааны үндэслэлгүй хандаж байгаа хандлагыг ярих ёстой. Ялангуяа сүүлийн жилүүдэд Н.Батбаяр сайд Эдийн засаг, хөгжлийн сайд байхдаа гол гол параметрүүдийг санаагаараа өөрчилж байсан. 

Ам.доллар монгол төгрөгийн ханшийг жишээ нь зах зээл дээр 2000 руу дөхөж байхад 1300-аар тооцож л байлаа. Энэ мэтээр төсвийн гол параметрүүдийг дураараа өөрчилж байсан хүмүүстэй хариуцлага тооцох ёстой. Мэдээж үүнээс гадна яг төсвийн орлогыг цуглуулах зорилготой ажиллаж байгаа Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар бас хариуцлагын асуудал бий. 

 -Төсөв тасалдлаа л гээд байгаа. Яг иргэдэд энэ байдал хэрхэн нөлөөлж байгаа талаар энгийнээр тайлбарлавал?

УИХ-ын гишүүн Я.Содбаатар

 -Хамгийн наад зах нь төсөв тасалдчихаар төрөөс үзүүлж байгаа үйлчилгээнүүд тасалдаад эхэлдэг. Жишээлбэл, цалин тэтгэвэр, тэтгэмжийг энэ жил 80 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх байсан. Гэвч төсөв тасалдсан учраас энэ онд нэг ч төгрөгөөр цалинг нэмээгүй. Мөн эмнэлэг, боловсролын үйлчилгээнүүд байна. Жишээ нь эмийн төсөв тасалдсанаас болоод иргэд эмнэлэгт хэвтэж, эмчлүүлэхэд эм тариагаа өөрийнхөө мөнгөөр гаднаас авч эхэлж байгаа. Төсвөөс олгож байгаа эмийн сангийнх нь мөнгө дуусчихсан.

Тэгэхээр зайлшгүй шаардлагатай эмчилгээг хийхийн тулд иргэнээс мөнгө гаргуулж, эм тариа авах жишээтэй. Үүнээс гадна төсөв тасалдахаар аж ахуйн нэгжүүдэд шууд хүндрэл учирдаг. Тендерт шалгараад, гэрээ байгуулаад, ажлаа эхэлдэг. Яг урьдчилгаа, гүйцэтгэлийн мөнгөө авах, тухайн объектыг дуусгаад, мөнгөө авах гэхээр төсөв байхгүй. Тийм ч учраас зарим объектууд тэр чигтээ царцдаг. Зарим аж ахуйн нэгжүүд он дамжиж, төсвөөс авлагатай үлддэг. Тэр аж ахуйн нэгж нь бас нэг банкнаас зээл авчихсан байдаг. Ингээд л өр зээлийн сүлжээ болдог. Тэгэхээртөсвийн тасалдал, төсвийг буруу төлөвлөх нь нийгэм, эдийн засаг, аж ахуйн нэгжүүддээ маш их хохирол учруулдаг. Тийм учраас бид цаашдаа төсвийг зөв төлөвлөх ёстой гэж харж байгаа.

 -Яаж зөв төлөвлөх вэ?

 -Бид 2015 оны төсвийн тодотголыг батлахдаа алдагдлыг 2 хувиар, 2016 оны төсвийг алдагдалгүй батлах шаардлагатай. Тэгж байж, төсвийг зөв хэлбэрт оруулна. Үүний тулд зарлага талдаа хэд хэдэн зоригтой алхам хийх ёстой. Нэгдүгээрт, Засгийн газраас оруулж ирж байгаа төрийн захиргааны байгууллагын шинэчлэлийг хийнэ. Үүн дээр нэмэх нь маш олон төрийн өмчит аж ахуйн газрууд байгаа. Сүүлийн хэдхэн жилд 119 шинэ байгууллага байгуулагдсан. Эдгээр нь улсын төсөвт үйлдвэрийн газар гэж байгаа юм. Энэ байгууллагуудыг татан буулгах хэрэгтэй.

Хоёрдугаарт, энэ бүтцийн өөрчлөлтийн хүрээнд Их хурлын гаргасан хэд хэдэн шийдвэр хэрэгжихгүй байна. Наад зах нь нийслэлийн дүүргүүдийн хэмжээнд 33 орлогч ажиллаж байгаа. Эд нарыг болих хэрэгтэй. Улмаар төрийн захиргааны алба хаагчдыг 2012 оны төвшинд буцааж барих ёстой. Сүүлийн хэдхэн жилд 30 мянга гаруй төрийн захиргааны алба хаагч нэмэгдсэн.

Өмнө нь нийслэл хоёр орлогчтой, дүүрэг нэг орлогчтой яваад болж ирсэн. Өнөөдөр нийслэл зургаан орлогчтой, дүүрэг бүр 2-3 орлогчтой байна. Үүнийг л больчих хэрэгтэй. Ингээд төрийн албыг цомхон, чадварлаг болгох ёстой. Түүнчлэн хөнжлийнхөө хэрээр хөлөө жий гэдэг. Үүний адилаар олж байгаа орлогодоо тааруулж, зарлагаа гаргадаг байя. Тансаглалаа больё л гэж байгаа юм.

 -2016 он бол сонгуулийн жил. Сонгуулийн жилд ийм хэмжээний шинэчлэлийг зоригтой хийж чадах уу?

 -Монголчууд цаашдаа улсаараа дампуурах уу, үгүй юу гэдэг асуудал. Монголын нийгэм, эдийн засгийн байдал дараагийн 10 жилд гүн ангалд байх уу, үгүй юу гэдэг асуудлыг шийдэх гэж байгаа. Хэрэв өнөөдрийнх шигээ төсвөө алдагдалтай батлаад, алдагдлаа нөхөх гэж бонд гаргаад, эдийн засгаа агшаагаад, хүндрүүлээд байвал энэ байдлыг засахад хамгийн багадаа 10 жил хэрэгтэй болно.

Эсвэл нэг удаагийн сонгуулийн сонирхлоо хойш тавиад аль аль улс төрийн намууд ойлголцоод, зоригтойгоор шинэчлэлээ хийх үү гэсэн хоёр зам бий. Би хоёр дахь замыг нь сонгоод, зоригтойхон шинэчлэл хийгээсэй гэж бодож байна. 

 -2016 оны төсөв дээр яамдын тоог бууруулж, 9 яамтай болно гэж байгаа. Үүнийг нэгдүгээр сарын 1-нээс хийх хэрэгтэй гэх санал олон гарч байна. Та ямар бодолтой байна вэ? 

 -Бид 1992 онд шинэ Үндсэн хууль баталснаас хойш олон намын тогтолцоотой, ардчилсан нийгэмд шилжсэн. Энэ нийгэмд шилжихээр дөрвөн жил тутамд төр засгаа хэн барих вэ гэдгийг ард түмэн сонгодог. Тийм учраас долоодугаар сарын 1-нээс хойших асуудал дараагийн удаад ард түмний итгэлийг авсан улс төрийн хүчний бүрэн эрх. Тэр улс төрийн хүчнийг ард түмэн сонгож байгаа. Тэгэхээр долооодугаар сарын 1 хүртэл АН парламентад олон суудалтай байна. Тэдний ард түмнээс авсан мандат нь долоодугаар сарын 1-нээр дуусгавар болж байгаа. 

Өөрийнхөө авсан мандатынхаа хүрээнд л асуудлаа шийдэх хэрэгтэй. Дараагийн дөрвөн жилийн мандатыг хэн авна, тэр хүн асуудлаа шийдэх ёстой. Гэтэл өнөөдөр улс төрийн зорилготой, олон түмэнд таалагдах байдлаар наймдугаар сарын 1-нээс есөн яамтай ажиллана гэж байна. Үүнийг тэд мэдэхгүй. Тэд сонгогчдын бүрэн эрхэд халдаж байгаа юм. Хэн нэгэн улс төрийн хүчин биш сонгогчдын бүрэн эрхийн асуудал. Тийм учраас Ардчилсан нам үнэхээр реформ хийе гэж байгаа бол нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэх хэрэгтэй. 

 -Нэгдүгээр сарын 1-нээс гэхээр дахиад л засаг бужигнана. Тэр нь улсад ашиггүй биш үү? 

 -Тийм зүйл байхгүй. Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаараа байж байгаад, засгийнхаа бүтцийг шинэчлээд оруулж ирж болно. Есөн яам, нэг Ерөнхий сайд гээд 10 хүн үлдэх учраас Засгийн газрын чадавхийн асуудал хөндөгдөхгүй.

 -2016 оны төсвийн төсөл дээр бас нэгэн анхаарал татаж байгаа асуудал Засгийн газрын өр болчихоод байна. Бараг 900 гаруй тэрбум төгрөгийг ирэх жил өрийн үйлчилгээнд төлөх нь. Цаашдаа бид өрийн менежментийн асуудлыг нухацтайгаар барьж авч, шийдвэрлэх цаг нь болсон гэж байна л даа? 

 -МАН өр зээл тавьж байгаа асуудалд анхнаас нь маш анхааралтай хандаж, шүүмжилж ирсэн. Тэр үед нь биднийг тоож байсан хүн байгаагүй. Нэг их сайхан, өөрсдийнхөө хүчээр мөнгө олоод ирчихсэн юм шиг хандаж байсны гор одоо гарч ирж байна. Ойрын хэдэн жилд төсөв болон улс орны эдийн засаг дээр ирэх хамгийн том ачаалал нь их өрийн асуудал болчихлоо. 2003 онд бид социализмын үед тавьсан 10 тэрбумын өрийг 98 хувь хөнгөлөөд, нэг удаа чөлөөлөгдсөн. Энэ нь тухайн үедээ эдийн засгийн сэргэлтийн хамгийн том хөшүүрэг болж, гадны хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сэргэж байсан.

Харамсалтай нь 2012 онд энэ Засгийн газар гарч ирснээсээ хойш маш богино хугацаанд Монголын түүхэнд байгаагүй их өрийг арилжааны зориулалтаар авч хэрэглэж байгаа. 2012 онд бид өнөөгийн зээлийн хүү, үйлчилгээнд зарцуулж байгаа мөнгөнөөс 10 дахин бага мөнгийг л зарцуулж байсан. Ирэх жил бид 870 тэрбум төгрөгийг зээлийн үйлчилгээ, хүүнд төлөх гэж байна. Энэ цаашдаа жил жилд нэмэгдэнэ.

 Ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол 2017 онд бид нийт төсвийнхөө 50 хувийг өр зээлэнд зарцуулахаар байна. Тэгэхээр яг авсан зээлийг юунд зарцуулсан, хэн авсан, үр дүн ямар гарсан бэ гэдэг асуудлыг ч бас ярих ёстой. Үүнийг яаж шийдэх вэ гэдгээ өнөөдрөөс ярьж эхлэхгүй бол цаашдаа асуудал улам л хүнд хэцүү болно.

 -Гэхдээ одоо чи би, манай, танай нам гээд яах вэ. Нэгэнт энэ зээлийг авчихсан, төлөх нь тодорхой. Тийм учраас яаж энэ хүндрэлээс гарах вэ гэдэг дээр зөв шийдэл хэрэгтэй гэж байгаа. Зөв шийдэл нь юу байж болох вэ?

 -Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад бид хэлж л байсан. Жил жилдээ өр зээлээ төлөх хуримтлал үүсгээд явъя. Хоёрдугаарт, өр зээлийнхээ эргэн төлөлт, зарцуулалт дээр парламентын хяналтыг оруулъя. Өр, зээл тавьсан нөхцөл байдал байгаа учраас томоохон төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа тэлье гэж байсан. Харамсалтай нь үүнийг тоосон хүн байгаагүй. Өнөөдөр ч гэсэн Ардын нам энэ байр суурин дээрээ л байгаа. Өр зээлээ төлөхийн тулд нэгдүгээрт эдийн засгийн чадавхиа яаралтай дээшлүүлэх хэрэгтэй. Хоёрдугаарт, өр зээлийг хэрхэн зарцуулсныг хянаж, үр дүнг сайжруулах ёстой.

Өр зээлээ төлдөг олон арга зам бий. Арилжааны зээлийг заавал төлөх л ёстой. Үүний тулд бид гаднаас дахин өөр эх үүсвэрээс зээл авч төлж болно. Энэ нэг арга. Түүнчлэн дотоодын эх үүсвэрээр төлөх нөхцөлийг үүсгэж чадах уу, үгүй юу. Гэх зэрэг асуудлаа одооноос ярихгүй бол энэ яг тулчихаад байна.

 -Төгсгөлд нь Өршөөлийн хуулийн талаар асууя. Уг нь ээлжит бус чуулганаар Өршөөлийн хуулийг баталсан ч одоо болтол хэрэгжиж эхлээгүй, сунжирсан байдалтай байна. Та энэ асуудлыг хэрхэн харж байна вэ?

 -Өршөөлийн хуулийг гаргах ёстой гэдэг байр суурьтай байгаа. Ингэхдээ авлигал, хээл хахууль, албан тушаал, төрийн хөрөнгө мөнгөтэй холбоотой хүндрэл бий болгохгүй байх ёстой. Ардын нам ийм байр суурьтай байгаа. Бид 26-уулахнаа учраас хүчин мөхөсдөж байна. АН, “Шударга ёс” эвслийн хуйвалдаан хэрээс хэтэрч байгаа. Ер нь аль нэг улс төрийн хүчин сонгуульд ялчихаад, эхний хоёр гурван жил баруун, солгойгүй улс мөнгийг идэж уугаад. Сүүлийн жилдээ өөрсдөдөө зориулж Өршөөлийн хууль гаргадаг байвал монгол төр орших, эс орших тухай асуудал яригдана.

 -Хуйвалдаан гэдгийг тодруулахгүй юу?

 -АН дарга Шударга ёс эвслийн удирдлагууд хооронд яригдсан яриа шүү дээ. 2016 оны сонгуульд манай намын эсрэг “Шударга ёс” эвслийг муна болгож ашиглах гэсэн АН-ын хийж байгаа ажил. Нэг ёсондоо Ардын нам сонгуульд ялчихаж магадгүй байгаа учраас “Шударга ёс” эвслийг ашиглаж тэрийг унагах гэсэн тоглоомын төлбөр нь Өршөөлийн хууль болчихоод байна.

 -Ярилцсанд баярлалаа.