Ирэх жилийн төсөв жирийн иргэдийн хармайг суйлахад чиглэсэн
Өнгөрөгч долоо хоногт олны анхааралд байсан нэг асуудал бол Сангийн сайдын өргөн мэдүүлсэн 2015 оны төсвийн тодотгол, 2016 оны төсвийн төсөл юм.
Төсвийн төслийн эхний хэлэлцүүлэг болсоны дараа улстөрчид болон эдийн засагчид өөр өөрийн өнцгөөр асуудлыг тайлбарлаж эхэллээ. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва. Эрхэм гишүүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ирэх жилийн төсөв жирийн иргэдийг халаасыг ухахад чиглэсэн хамгийн муу төсөв болсон хэмээн тодотгосон байна.
Тэрбээр, “2016 оны төсвийн төслийг судалж үзэхэд хэмнэх ёстойгоо хэмнээгүй, асуудалд хэтэрхий гэнэн хийсвэрээр хандсан тал ажиглагдаж байна. Хөрөнгө оруулалтын задаргааг харахад л эдийн засгаа бодсон гэхээсээ илүү ирэх онд болох сонгуульд зориулагдсан шинжтэй. Иргэдийн цалин, тэтгэврийг нэмэх асуудал тусгагдаагүй атлаа суманд далбааны өндөрлөг барина гэж 200 сая төгрөг тусгасан байх жишээтэй. Ирэх оны улсын төсвийн төсөл “жирийн иргэдийн хармайг суйлахад” чиглэгдсэн.
Энэ бол хамгийн муу хувилбар. Төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг 30 хувиар бууруулна гэж байгаа ч энэ хүрээнд багтах 250 орчим хүн хамрагдахаар байна. Сарын цалинг нэг сая төгрөг гэж бодвол сардаа 75 сая төгрөг хэмнэхээр байна. Хэд хэдэн агентлагуудыг татан буулгаж олон зуун төрийн албан хаагчдыг ажилгүйчүүдийн эгнээнд оруулахаар төлөвлөсөн нь зөв зүйл мөн үү.
Ирэх оны төсвийн төсөл орж ирэхэд зарим улс төрчид “Залуу хүн зоригтой алхам хийж байна” гэж худал дөвийлгөх, зоригтой гээд золигт гаргасан төсвийг дэмжих биш харин үндэслэлтэй тооцоо судалгааг шаардаж төсвөө бодитойгоор сайжруулж оруулж ирэх хэрэгтэй л дээ. Холион бантан шиг төсвийн төслөө Засгийн газар маш сайн залруулаад дахин хэлэлцүүлэхээр оруулж ирэх ёстой гэж үзэж байгаа” хэмээн ярьсан байна. Мөн МАХН-аас гарах уу гэсэн сэтгүүлчийн асуултад үгүйсгэсэн хариулт өгчээ.