Сайн төсөв болж чадаагүй ч дэвшилттэй
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан
2015.10.20

Сайн төсөв болж чадаагүй ч дэвшилттэй

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаантай Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийн талаар ярилцлаа.

Тэрбээр “Өр зээлийн үйлчилгээний зардал өсөж байгаа нь бодитой. Үүнийг цаашид хязгаарлах бодлого баримтлах нь зөв. Гэхдээ төсвийн орлогын 50 орчим хувь нь зээлийн хүү, түүний үйлчилгээний төлбөрт өгнө гэдэг худлаа" хэмээн байр сууриа илэрхийллээ.

-УИХ ирэх оны төсвийн төслийг ид хэлэлцэж байна. Төсвийн байнгын хорооны даргын хувьд Засгийн газраас өргөн барьсан төсөл хэр чамбай болсон хэмээн үзэж байна вэ?

-Сайн төсөл гэж хэлэхгүй. Төслийн үр ашгийн үзүүлэлтүүдийн тэнцэл, оновчтой харьцаа, бодлогын уялдааг хангаж байж сайн болох ёстой. Би мөн сайхан төсөв ч гэж хэлэхгүй. Учир нь сайхан төсөв гэдгийг нийгмийн үр дагавар, ард иргэдэд өгөх үр шим болон цалин, тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх, амьдрал яаж сайжрах зэрэг үзүүлэлтээр хэмждэг. Гэхдээ Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2016 оны төсвийн төсөл бол хямралын үед зайлшгүй хийх ёстой арга хэмжээнүүдийг тусгаж чадсанаараа дэвшилттэй.

Яагаад гэвэл бодит нөхцөл байдалтай уялдуулан төслөө боловсруулсан. Эрдэмтэн, судлаачид янз бүрээр дүгнэж байна. Зарим эрдэмтэд “зальжин төсөв” хэмээн тодотгож байгаа. Улстөрчид бодит хөрсөн дээрээ бууж чадаагүй хэмээн тодорхойлж байна. Хуулийн төслийг хэлэлцүүлгийн явцад илүү чамбайруулах хэрэгтэй.

-Та эдийн засгийн хямралтай үед авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээг тусгасан гэлээ. Чухам ямар арга хэмжээг тусгав?

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан

-Төсвийн орлогоо бодитоор тооцохыг хичээсэн байна. Ингэхдээ дотоод, гадаад нөхцөл бололцоог харгалзан тооцсон. Зарим тохиолдолд хэт өөдрөгөөр хандсан байна. Тухайлбал, өмч хувьчлалаас олох орлого болон өмнөх онуудын татварын өрийг барагдуулж, улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээг хэлж болох юм. Мөн нефтийн бүтээгдэхүүний татварыг сэргээх гэх мэт өөдрөгөөр хандсан зүйл бий.

Нөгөөтэйгүүр, зарим орлогыг дутуу тооцсон байна. Тухайлбал, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэрэг-жүүлснээр далд эдийн засгийг ил болгож, улсын төсөвт орлого төвлөрүүлнэ хэмээн тооцож баталсан. Гэтэл 2016 оны төсөлд нэг ч төгрөгийн орлого эндээс төвлөрнө гэж тусгаагүй байх жишээтэй. Мөн эдийн засгийн өсөлтийг буурна хэмээн тооцсон атал төсвийн орлогыг өндрөөр тусгасан нь хэт өөдрөг гэж хэлж болно. Гэхдээ өмнөх оны төсвийн хүрээний мэдэгдлээс давуулан төсвийн орлогыг нэмэгдүүлснийг эргэж харах хэрэгтэй.

-Төсвийн орлогыг тооцохдоо тодорхой дэвшил гаргасан гэж ойлголоо. Төсвийн зарлагын хувьд юу хэлэх вэ?

-Төсвийн зарлагыг зайлшгүй бууруулах ёстой. Энэ хүрээнд Засгийн газрын бүтцийг танах бодлого баримталж байгаа нь зөв. Хэрэгжүүлэх хугацаа болон үр дагаврыг нь тооцох хэрэгтэй. Зүг чиг, хандлага нь зөв хэдий ч нарийвчилж ярих зүйл байна. Ийм байдлаар төсвийн араг ясыг авч үлдэх боломжтой. 

-Засгийн газрын бүтцийг танаж, 2016 оны наймдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуулийн төсөлд тусгасан байгаа. Гэвч дараагийн Засгийн газрын эрхэнд халдаж байгаа хэрэг хэмээн шүүмжлэх хүн олон байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Үүнийг би дүгнэхгүй. Улстөрчид ,янз бүрээр дүгнэж байна. Засгийн газрын бүтцийг танах бодлого баримталж байгаа нь сайн. Өөрөөр хэлбэл, хагас алхам хийсэн байна. 

Үүнийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, улс төрийн шийдвэр гаргах байх. Дараагийн Засгийн газрын эрхэнд халдаж байгаа гэхээс илүүтэйгээр нийгэмд зөв дохио өгч байна гэж харж байгаа.

-2016 оны төсвийн төсөлд ам.долларын ханшийг 2030 төгрөг байхаар тусгасан байсан. Тэгэхээр ам. долларын ханш буурахгүй гэсэн үг үү?

- Үүнээс илүү ханатай хэлэх байгууллага бий байх. Ам.долларын ханш буурах бодитой нөлөөлөл байхгүй. Валютын орлого нэмэгдэх талаар төсвийн төсөлд тусгасан зүйл үгүй. Экспортын орлого өсөх хандлага ч мөн алга байна.

-Төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх оны төсвийн алдагдлыг 3.3, 2017 онд тэг хувьтай байхаар тусгасан байна. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгээс 2016 онд төсвийн алдагдлыг тэг хувьтай байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Эдийн засгийн хямралтай үед төсвийн алдагдлыг дээд зэргээр багасгаж, болвол алдагдалгүй батлах хэрэгтэй. Төсөвт алдагдал байна гэдэг нь дараагийн жилийн төсөлд өр болон үлдэж байгаа хэрэг. Зардлаа танаж чадахг үй байгаа учир төсвийн алдагдал үүсч байгаа юм. Гэхдээ төсвийн алдагдлыг ялгаж ойлгох хэрэгтэй. Хэрэв эдийн засгийн орчин тогтвортой байгаа үед төсвийн алдагдал байх нь муу биш. Энэ нь ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээгээр хэмжигдэж байвал зөвшөөрч болдог. Харин эдийн засгийн хямралтай үед урсгал зардлынхаа дутууг нөхөх зорилгоор алдагдал бий болгож байгаа бол буруу.

-2016 оны төсвийн алдагдлыг бууруулах боломж байгаа юу?

-Ирэх оны төсвийн алдагдлыг хөрөнгө оруулалттай холбон тайлбарлаж байгаа нь буруу. Хөрөнгө оруулалттай холбоотой байсан ч төсвийн алдагдлыг бууруулах ёстой. Хямралтай үед хөрөнгө оруулалт хийвэл дуусгаж чадахгүй байгаа хөрөнгө оруулалтын жагсаалтыг арвижуулна.

-УИХ дахь МАН-ын бүлгээс 2016 оны төсвийн орлогын 50 орчим хувийг зээлийн хүү, зээлийн үйлчилгээний төлбөрт төлнө хэмээн мэдэгдээд байна. Хэр бодит мэдээлэл вэ. Сөрөг хүчнийнхэн улстөржүүлээд байна уу?

-Өр зээлийн үйлчилгээний зардал өсөж байгаа нь бодитой. Үүнийг цаашид хязгаарлах бодлого баримтлах ёстой. Гэхдээ төсвийн орлогын 50 орчим хувийг зээлийн хүү, зээлийн үйлчилгээний төлбөрт өгнө гэдэг нь худлаа.

-Монгол Улсын 2016 оны төсвийн төслийн хөрөнгө оруулалтаас тэвчиж болох зардал бий юу?

-Эдийн засгийн хямралтай үед амьдрал залгуулах нь тэргүүн зэргийн зорилго. Түүнээс бусад зардлыг тэвчиж болох зардал хэмээн тооцдог. Хөрөнгө оруулалт бол тэвчиж болох зардал. Хурал зөвлөлгөөн болон гадаад, дотоод томилолтын зардлыг мөн үүнд оруулна. Эдийн засгийн өсөлттэй байгаа нөхцөлд хөрөнгө оруулалт бол зайлшгүй зардалд ордог.

Засгийн газраас цалин хасах саналыг гаргаж байна. Цалин хасъя гэж байгаа нь Монгол Улс хүнд байдалд орсны дохио. Цалингаа хасах санал гаргасан атлаа барилга барья гэж байгаа нь амьдралаас хол сонсогдож байна. Энэ бол тэвчиж болох зардал. Тухайлбал, хөрөнгө оруулалт өмнөх оноос нэмэгдсэн.