Одоо яаж ч мөрөөдөөд “Чингис”, “Самурай” шиг сайн нөхцөлтэй бонд босгож чадахгvй
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Ч.Улаан УИХ-ын Төсвийн байнгын хороон даргаар томилогдоод 15 хонож байна.
Урьдах Төсвийн байнгын хороон дарга Б.Болор Сангийн сайдаар тушаал дэвшсэн тул орон гарсан орон тоонд “Шударга ёс” эвслийн бүлэг Ч.Улаан гишүүний нэрийг дэвшүүлж, байнгын хорооны гишүүдийн бараг л 100 хувийн саналаар Төсвийн байнгын хороон даргаар томилогдсон юм.
Ч.Улаан даргын хувьд насныхаа ихэнхийг Монгол Улсын төсөв, санхүүгийн салбарт элээж яваа, туршлагатай эдийн засагч, санхүүгийн томоохон мэргэжилтэн гэдэгтэй маргах хүн гарахгvй болов уу. Ингээд ажлаа аваад хагас сар болж байгаа УИХ-ын Төсвийн байнгын хороон дарга Ч.Улаантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-УИХ-аар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа, улсын эдийн засаг, санхүүгийн байдал тун хүндэрсэн vед УИХ-ын Төсвийн байнгын хороон даргаар та дахин томилогдлоо. Ажлаа юунаас эхлэе гэж бодож байна?
-Бодож суух цаг алга, ажлаа эхэлчихээд л явж байна. Мэдээж улсын төсвөөс л миний ажил эхэлнэ шүү дээ. Монгол Улсын эдийн засаг харьцангуй тогтвортой, өсөлттэй байх үед бид бодлогын томоохон алдаануудыг гаргасаар ирсэн. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээсээ, олж байгаа орлогоосоо хамаагүй өндөр хурдацтайгаар зарлагаа нэмэгдүүлээд яваад байсан. Сүүлийн 10 жилийг аваад үзэхэд төсвийн зарлага 10 дахин өсчихлөө шүү дээ.
Энэ нь эргээд төсвийн орлого унаж, эдийн засгийн хурдац саараад ирэхээр зарлагаа яагаад ч бууруулж чадахгүй байдал руу орж, үүнээс шалтгаалан төсвийн алдагдал ихэсч, өр зээл хуримтлагдсаар өнөөдрийн бодит хүндрэл үүссэн л дээ. Монгол Улсын эдийн засаг харьцангуй нааштай байхад энэ байдлыг засах гэж оролдож байсан ч амжилтад хүрээгүй. Та бүхэн санаж байгаа бол би Сангийн сайд хийж байх үед Засгийн газраас хэмнэлтийн тухай тогтоол гаргаж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай тогтоолыг УИХ-аар батлуулж, янз бүрээр л үзсэн. Гэхдээ зарлагаа бууруулах, төсвийн алдагдлыг багасгах тал дээр дорвитой өөрчлөлт гаргаж үнэндээ чадаагүй. Тэгвэл эдийн засаг тааламжтай байх үед хийж чадаагүй ажлаа гарцаагүй амьдралын шаардлагаар улсын эдийн засаг, санхүүгийн байдал яг бодит хөрсөн дээрээ буучихаад байгаа өнөөдөр бид юу хийж чадах вэ.
Бид эдийн засаг, санхүүгийн өнөөдрийн хямралыг бага ч гэсэн давуу тал болгоод ашиглачих бололцоо байхгvй юу гэдгийг олон талаас нь нягталж, тооцоо судалгаа хийж байна. Ер нь ч ажлаа аваад хамгийн түрүүнд энэ асуултыг л би өөртөө тавьсан юм. Тэгээд ч энэ чиглэлд л хамгийн дорвитой өөрчлөлтийг хийх шаардлагатай. Засгийн газраас онцгой сайн гэж хэлэхийн аргагүй ч бас ч гэж боломжийн санал, санаачлагуудыг оруулж ирсэн. Мэдээж өнөөдөр хэлэлцэж байгаа төсөв бол сайн, сайхан төсөв биш л дээ. Яагаад гэвэл ард иргэдэд наалдах өгөөж, гялтайх зүйл багатай төсөв шүү дээ.
Гэхдээ аминд тулсан, зайлшгүй авах ёстой арга хэмжээнvvдийг тусгахыг оролдсоноороо өмнөх төсвүүдээс багагүй ялгаатай байгаа. Товчхондоо зардлын реформ хийх чиглэлд орж ирсэн төсөв л дөө. Одоо бид давын өмнө зардлын реформоо оновчтой зөв хийгээд авбал цаашдаа эдийн засаг сайжрах хөрс суурь болох учиртай юм.
-Сангийн сайд Б.Болортой мэдээж уулзаж, ярилцаж л байгаа байх. Ер нь АН-ын залуухан сайдтай аль хэр гар нийлж ажилламаар юм шиг санагдаж байна?
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хороон дарга Ч.Улаан
-Бид хоёр байнга уулзаж ярилцаж байгаа. АН-ынх байна уу ямар намынх байх нь хамаагүй. Сангийн сайдтайгаа гар нийлж ажиллахаас өөр арга байхгүй. Энэ жилийн төсөв дээр Төсвийн байнгын хорооноос барьж байгаа нэг бодлого бол Засгийн газрын оруулж ирсэн бодлогын ерөнхий рам, ясыг эвдэхгүй гэж бодож байгаа.
Зүгээр зайлшгүй засах ёстой, дахиж авч үзэх ёстой асуудлуудыг нь бид зааж өгнө. Жишээ нь төсвийн орлого талд хэтэрхий өөдрөг төсөөлөл багагүй явж байна. Үндэслэл муутай, эрсдэлтэй орлогуудыг тооцсон зүйл нэлээн байгаа учир төсвийн орлогоо дахин сайн хяна гэдэг үүрэг өгч байгаа. Тухайлбал төсвийн хүрээний мэдэгдэлд баталж өгсөн хэмжээнээс төсвийн орлогыг нэмэгдүүлэхгүй байх шаардлагатай байхад нэмээд орчихсон л байгаа. Эдийн засаг улам хүндэрч байна, өсөлт нь огцом буурч байна гэсэн мөртлөө орлогоо нэмээд тавьчихаар эргээд л эрсдэл дагуулна шүү дээ.
Энэ мэтчилэн тодорхой асуудлуудыг нь бид зааж өгнө. Төсвийн орлогыг дагуулаад төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлах ёстой. Энэ ч үүднээс Засгийн газрын оруулж ирснээс ч илүү авч vзэх ёстой болж байна. Бидэнд тодорхой нөөц бололцоо байгаа. Ингэхээс ч өөр арга байхгүй. Төсвийн алдагдлыг байж болох хэмжээгээр бууруулах хэрэгтэй. Болж өгвөл тэглэх боломж байна уу үгүй юу гэдгийг яг одоо судалж, бодлогын ажлын хэсэг дээр ажиллаж байна. Ер нь Засгийн газрын бодлогын ноён нурууг хадгалаад зайлшгүй анхаарах, шийдэх асуудлуудыг нь зааж чиглүүлж өгөөд энэ төсвийг батлана гэсэн л байр суурьтай байгаа. Тиймээс ч Б.Болор сайдтай санал зөрөлдөж, зөрчилдөөд байгаа асуудал байхгүй.
-Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөлд төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар хасахаар оруулж ирсэн нь бүгд нийлээд 1.8 тэрбум төгрөг л болох юм билээ. Гэтэл Архангай аймгийн Хайрхан суманд 1.6 тэрбумаар барилга барина гэж байна. Иймэрхүү үр ашиггүй, үрэлгэн төсөлд Төсвийн байнгын хороо ямар дүгнэлт хийж байгаа бол?
-Тэр бүгдийг ихээхэн нарийвчлан авч үзнэ. Ер нь бүх байнгын хороод дээр ажлын хэсэг гарсан байгаа. Мөн нам, эвслийн бүлгүүд дээр ажлын хэсгүүд гарсан. Хуульд заасны дагуу тэд нар төсөвтэй холбоотой санал, дүгнэлтээ гаргана. Түүнийг нь Төсвийн байнгын хороон дээр нэгтгэн боловсруулна. Тэр үед зайлшгүй анхаарах ёстой асуудал бол мэдээж хөрөнгө оруулалтын асуудал байх юм. Шинээр эхэлж байгаа обьектууд дотор амин чухал шаардлагатай биш, хойшлуулж болох обьектууд нэлээдгүй байна лээ.
Үүнийг бууруулах ёстой. Бид ч энэ талаар сайн шахаж, шаардана. Нөгөө талаар бvх түвшинд, бvх чиглэлд хэмнэлтийн горимд маш шударга, зоригтой шилжих ёстой. Хөрөнгө оруулалт, урсгал зардал, зээл тусламж, нийгмийн хамгааллын арга хэмжээ тэр ч байтугай цалин, тэтгэвэр ч гэсэн хэмнэлтэд орох ёстой, шаардлагатай болчихоод байна.
-Бvх түвшинд хасъя, таная гэж байна. Тэгвэл таны удирдаж байгаа Төсвийн байнгын хороонд хэдэн хүн ажиллаж байгаа вэ. Хасалт, таналт хийх боломж харагдана уу?
-Миний хувьд урьд нь Төсвийн байнгын хороон даргаар ажиллаж л байсан. Тэр үетэй харьцуулвал орон тоо нь бараг 2.5 дахин нэмэгдсэн байна. Төсвийн байнгын хорооны ажлын алба гэж байна. Хажууд нь УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс дотор Төсвийн шинжилгээний алба гэж байна.
Энэ хоёр албыг аваад үзэхэд л ажиллах потенциал, нөхцөл нь хангалттай бүрдсэн ч аль хэр шахаж, найдвартай ажиллаж байна вэ гэдэг нь өөр асуудал л даа. Нөгөө талаар зардлаа бууруулъя, орон тоог цөөрүүлье гэж ярьж байгаа бол хамгийн жижиг нэгж дээр ч ярих л ёстой болно. Тийм болохоор Төсвийн байнгын хороон дээр ч хасалт, таналтын асуудал яригдах, хийгдэх л ёстой гэж бодож байгаа.
-Монгол Улсын эдийн засаг 17 хувиар өсч, бүх зүйл “нисч” байх үед төсвөө дээд хэмжээгээр “хөөсрүүлэн” баталж, ёстой л нэг цацах шиг болж байсан. Олон жил Сангийн сайд хийсэн хүний хувьд тэр үеийн алдаа, завхрал дээрээ одоо ямар дүгнэлт хийж, сургамж авч байна даа?
-Ажил хийж байхад алддаггvй хvн гэж байдаггvй. Бид бvгдээрээ нийлээд л тэр алдааг хийж байсан. Эдийн засгийнхаа өсөлтөөс, төсвийнхөө орлогоос давуулаад зарлагаа дандаа л нэмсээр яваад ирсэн нь бидний хамгийн гол алдаа. За яах вэ, энэ асуудалд Сангийн сайд, Төсвийн байнгын хороон дарга гээд хувь хvний буруутай vйл ажиллагаа мэдээж байгаа.
Гэхдээ яах аргагvй хvчин мөхөстдөг юм шvv дээ. Яагаад гэвэл зарлага дэндvv их тавигддаг. Засгийн газраас оруулж ирсэн зарлагын санал УИХ дээр дандаа нэмэгддэг байхгvй юу. Зарлагаа нэмчихээр орлого нь хvрэхгvй болохоор орлогоо хийсвэрээр, хөөсрvvлээд тавьчихдаг. Энэнээс болоод жил бvр төсвийн тодотгол хийдэг, төсвийн орлого нь мэдээж тасалддаг. Энэ нь эргээд төсвийн тэнцвэргvй байдлыг бий болгосон нь олон жил vргэлжилсэн гажиг, нэг ёсны ужиг завхрал юм.
Бид давын өмнө энэ завхралыг засч авах ёстой. Гэхдээ энд нэг зvйлийг зориуд тэмдэглэн хэлэхэд Монгол Улсын эдийн засгийн 17 хувийн өсөлт гэдэг нь өөрөө бодит биш, хөөсөрсөн өсөлт байсан л даа. Шал худлаа хөөсөрсөн өсөлтөөс давуулаад зардлаа нэмчихээр зардал чинь өөрөө бодитой байдаг болохоор өнөөдрийн хvндрэлийн бас нэг суурь хvчин зvйл болчихсон юм. Цалин, тэтгэвэр, хөрөнгө оруулалт, санхvvжvvлэлт гээд бодитой зардал нь гарч яваад байдаг, орлого нь хаанаа ч хvрэхгvй хоосон шахуу яваад байхаар өр зээл өсч, эдийн засаг улам л хvндэрнэ шvv дээ.
Тэгэхээр одоо л орлого, зарлагаа бланслуулж, зөв эрvvл хөрсөн дээр шилжих боломжтой болж байгаа нь энэ удаагийн хямралын жаахан ч гэсэн эерэг тал нь байж болох юм. Энд нэг зvйл тэмдэглэхэд бид 2012 оноос зардлагын өсөлтийг эрс хязгаарлаж чадсан юм шvv. Өнгөрсөн хоёр жилийн төсөвт орлого, зарлагын өсөлтийг vндсэнд нь тэнцvvлж чадсан. Гэхдээ 20-иод жил хуримтлагдчихсан асуудал болохоор зөвхөн орлого, зарлагыг тэнцvvлээд орхих биш ер нь зарлагаа байж болох дээд хэмжээнд нь танаж, бодит орлого дотроо багтаах ёстой юм.
-Ирэх 2016 онд Монгол Улсын эдийн засаг санхүүгийн байдал улам л дордох шинжтэй. Яагаад гэвэл бондын өрд 3.4 их наяд төгрөг төлнө. Тэгж байтал АСЕАМ-ын уулзалт гээд баахан зардал гарна. Хотын захирагч Э.Бат-Үүл саяхан “Монгол Улс 2016 оны хавар Грекийн араас орно” гэсэн байна лээ. Энэ талаар та ямар бодолтой явна?
-Ер нь маш хvнд байгаа нь vнэн. Энэ хvндрэлийг Монголчууд бид өөрсдөө л үүрч гарна. Хэн нэгэн буянтан ирээд энэ хvндрэл, бэрхшээлийг шийдээд өгөхгvй. Гаднаас баахан мөнгө орж ирээд ч энэ хvндрэлийг шийдэж чадахгvй. Бид олсон орлогодоо тааруулж л зарлага гаргах хэрэгтэй. Байгаа орлого маань хvрэхгvй тохиолдолд яах ёстой вэ гэвэл хvсэл мөрөөдөл, хэрэгцээгээ хумих, хязгаарлах хэрэгтэй. Зайлшгvй амин чухал биш бvх зардлыг хасах, танах, тэвчих л ёстой.
Бидэнд орлого, зардлагаа тэнцvvлэхийн тулд лав л ойрын гурваас дөрвөн жилдээ санхvvгийн маш чанга гар, нэлээн их зориг, тэвчээр хэрэгтэй болно. Мэдээж шууд хvний амьдралын хэрэгцээг хасах хэцvv л дээ. Харин хvний амь, амьдралаас нэлээн хол зардлууд их бий. Жишээлбэл хөрөнгө оруулалтын зардал байна. Өнөөдөр амьдрал залгуулах мөнгө тасарчих гээд байгаа vед хөрөнгө оруулалт, урсгал зардлуудыг тэвчих, танах л хэрэгтэй.
Энэ олон хурал зөвлөгөөн, гадаад томилолт, хавтгайрсан нийгмийн халамжыг байж болох хэмжээнд хасч, танахаас өөр арга байхгvй. Шулуухан хэлэхэд 2016 онд нэг ч зардлыг нэмэгдvvлэх ямар ч бололцоо байхгvй, харин дээд зэргээр хасах л шаардлагатай. Ингэж чадвал харин ирэх жилvvдэд бид жаахан ч гэсэн эрvvлжиж, хөнгөрөөд явчихна.
-Та Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газарт Сангийн сайд байсан хүн. Таныг Сангийн сайд байхад “Чингис”, “Самурай” бондыг дэлхийн зах зээл дээрээс босгон авч ирж үндсэндээ Монголчуудыг 2.1 тэрбум ам. долларын өрөнд оруулсан. Одоо эргээд харахад Шинэчлэлийн Засгийн газрын гол алдаа нь юу байж вэ?
-Н.Алтанхуяг Ерөнхий сайдад алдаа ч бий, оносон зvйл ч их бий. Аль нь их байж вэ гэдгээр нь хожим дvгнэх байх. Явуулсан бодлогын хувьд зөв бодлого барьж байсан гэж хэлнэ. Хэрэгжvvлэх явцад багагvй гажуудал гарсан нь vнэн. Энэнээс болоод ч анх бодож төлөвлөсөн vр дvндээ хvрч чадаагvй нь эргээд эдийн засгийн ужиг хvндрэл vvсэх нөхцөл, шалтгаан болсон. Хамгийн гол нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд хэдийгээр төсөв хvнд байсан ч эдийн засагтаа хөрөнгө оруулъя гэсэн бодлого явуулсан юм.
Энэ ч утгаар “Чингис”, “Самурай” бондыг босгож, “Хөгжлийн банк”-ыг ажиллуулсан. Бондын мөнгөнөөс төсвийн урсгал зардалд нэг ч төгрөг зараагvй, зөвхөн хөрөнгө оруулалтад л зарцуулсан юм шvv. Муу хэлээд байгаа бондын мөнгөөр зам ч барьсан, эрчим хvчинд ч оруулсан, шинэ vйлдвэрvvдэд ч хөрөнгө оруулсан. Уг нь энэ бодлого цаашдаа vргэлжлээд явсан бол 2017 он гэхэд тvрvvчийн vйлдвэрvvд өгөөжээ өгч эхлэх байсан юм. Гэтэл бонд босгож ирээд ажил дөнгөж эхлэнгvvт улстөржөөд дөнгөж эхэлж байсан ажлуудыг нураагаад, буулгаад хаячихсан.
Шал дэмий баахан пижигнэсний vр дvнд өнөөдөр “Чингис” бондынхоо талыг нь ч ашиглаж чадаагvй, зvгээр л vхмэл мөнгө дараад байж байна шvv дээ. Мөнгийг зvгээр дарж суух биш эргэлдvvлж байж ашиг олдог биз дээ. Итгэлт баян “Мөнгийг байн байн сэгсэрч бай” гэдэг биз дээ. Бид олж ирсэн мөнгөө бvгдийг нь ашигтай зарцуулж, сэгсэрч, эргэлдvvлж чадаагvйгээс зээлийн хvvд нь нам цохиулаад сууцгааж байна.
-Тантай хамт “Чингис”, “Самурай” бондыг босгож ирсэн Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр бондын мөнгөнөөс олон тэрбумыг зувчуулсан асуудалд нэр нь орооцолдоод байгаа. Эхнээс нь хамт явсан хүний хувьд энэ талаар сонсож, мэдсэн л байлгүй. Энэ талаар юу хэлэх вэ?
-Хоёр бондыг босгож ирэхэд Н.Батбаяр бид хоёр яах аргагvй хамт явсан, их ч ажилласан. Харьцангуй хямд, их сайн нөхцөлтай бонд босгож ирсэн нь ч маргашгvй vнэн. Одоо бол яаж ч мөрөөдөөд “Чингис”, “Самурай “ бонд шиг сайн нөхцөлтэй бонд хаанаас ч олж, босгож чадахгvй. Уг нь бид олоод ирсэн юмаа чулуу болгох ёстой байсан ч чулуу болгож чадсангvй. Яг бондын зарцуулалтыг, төслийн сонголт, тvvний хуваарилалт, хэрэгжилтийн явцыг хариуцаж байсан газар бол Н.Батбаяр сайдын удирдаж байсан Эдийн засгийн хөгжлийн яам л даа. Эдийн засгийн яамны ажилд Сангийн яам огт оролцдоггvй, оролцох ч боломжгvй юм. Сангийн яам бол бондын vйлчлэх зардлыг л хариуцаж байсан.
Тухайлбал хvvг нь жил жилд нь төлөөд vйлчилгээ хийгээд л явж байсан. Тиймээс бондын ашиглалтын явцад ямар гажуудал, завхрал гарсныг ажлын хэсэг гарч шалгах, хөрөнгө мөнгө зувчуулсан зvйл байгаа эсэхийг нарийвчлан тогтоох нь зөв л дөө. Бондын мөнгөнөөс зvвчуулсан, идэж уусан зvйл байвал хэнбугай дээр ч хариуцлага тооцох, хуулийн нэрийн өмнөөс ярих л ёстой.
-Та “Шударга ёс” эвслийнхээ ажилд аль хэр оролцож байгаа вэ. О.Баасанхүү гишүүнээс эхлээд Н.Батцэрэг даргыг солихоос нааш бүлгийнхээ хуралд суухгүй гэсэн. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна?
-Би бvлгийнхээ ажилд байнга оролцдог, оролцох ч ёстой. Удирдлагатай санал нийлэхгvй байна гээд ажилд нь оролцохгvй байж болохгvй. Харин Н.Батцэрэг даргын хувьд дэндvv олон давхар дээлтэй болчихсон нь vнэн. Энэ хvн гурав, дөрвөн давхар дээлтэй яаж ажлаа зөв, сайн хийж чадах вэ дээ. Тийм учраас Н.Батцэрэг дарга нэн даруй бvлгийн даргын ажлаа өгөх ёстой. Vнэхээр удирдлага нь ажлаа дийлэхгvй байгаагаас “Шударга ёс “эвслийн бvлгийн ажил жаахан хойрго, удаашралтай явж байгаа зvйл бий.
Бvлгийн гишvvдээс Дубайн гэрээтэй холбогдуулан Ч.Сайханбилэг сайдад хоёр удаа шаардлага хvргvvлчихсэн байгаа. Адаглаад л “Шударга ёс” эвслийн улстөрийн vйл ажиллагааг Ерөнхий сайдад нь шаардлага хvргvvлчихсэн байгаа танхимын нэг сайд удирдаад байх нь ялихгvй ч гэсэн зөрчилдөөн vvсэх шалтгаан болохыг ч vгvйсгэхгvй.
-Танай бүлгийн Г.Уянга гишүүн Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байгаа. Та гарын үсгээ зурсан уу?
-Би зурна гэдгээ зарлачихсан. Бид бvтэн зургаан сар Засгийн газарт бололцоо өгч, Дубайн гэрээнийхээ алдааг зас гээд хvлээж байна. Бид хоёр удаа өгсөн шаардлагынхаа хариуг ирэх даваа гарагийн бvлгийн хурал дээр Ерөнхий сайдаас нэгбvрчлэн сонсоно гэж бодож байгаа. Тэр vед Дубайн гэрээнд Монголд ашигтай ямар нэгэн ахиц дэвшил гараагvй байх юм бол Ч.Сайханбилэгийг огцруулах бичигт тэр өдөр нь гарын vсгээ зурна. Дубайн гэрээнд 57 асуудал тусгагдсанаас 30 асуудлыг нь “Шударга ёс”эвсэл vг дуугvй зөвшөөрч байгаа.
Харин 22 заалтад эргэж нарийвчлан авч vзэх шаардлагатай юм байна. Энэ дээрээ ажиллаач. Тэгвэл vлдсэн таван заалт Монгол Улсын хуулийг ноцтой зөрчсөн байгаа. Маш ноцтой эдийн засгийн хохирол учруулахаар байна. Товчхондоо гурван тэрбум ам. долларын эдийн засгийн шууд хохирол учруулахаар таван заалт Дубайн гэрээнд орчихсон байгаа.
Vvнийгээ нэн даруй хvчингvй болго, цаана нь Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө зайлшгvй ярих ёстой таван асуудал огт хөндөгдөлгvй vлдсэн байгаа. Vvнийг нэн даруй ярилцаж шийдээч ээ гэж хугацаатай vvрэг өгсөн. Гэтэл Ерөнхий сайд бидний шаардлагад одоо болтол хариу өгөөгvй. Тийм учраас ирэх даваа гарагийн “Шударга ёс” эвслийн хуралд Ерөнхий сайд тайлангаа тавих ёстой гэсэн байр суурийг бvлгийн удирдлагуудад тавьчихаад сууж байна. Хэрвээ Дубайн гэрээг өөрчлөхөөр олигтой ажил хийгээгvй байх юм бол Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг хvчлэн тавихаас өөр арга байхгүй.