Төсөв иргэдийн амьдралтай нийцсэнгүй
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролтой ярилцлаа. 2016 оны төсвийн тосөлд тусгахаар МАН-ын бүлэг хэд хэдэн саналыг дэвшүүлсэн бөгөөд тэрбээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
-Засгийн газраас 2015 оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлээд парламентаар хэлэлцэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг төсвийн тодотголд шүүмжлэлтэй хандаж, хэд хэдэн санал гаргасан байсан. Ямар санал дэвшүүлсэн бэ?
-Манай намын бүлгээс 2015 төсвийн тодотголын зардлыг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авах ёстой гэж үзсэн. Тухайлбал, төсвийн алдагдлыг бууруулахын тулд 2015 оны төсвийн жилд орон нутгийг хөгжүүлэх санд 40 гаруй тэрбум төгрө-гийн санхүүжилт хийгээгүй. Үүнийг МАН-ын бүлэг эсэргүүцэж байгаа. Учир нь аймаг, орон нутагт аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлынхаа санхүүжилтийг авч чадахгүй байгаа. Үүнээс үүдэн төр, иргэн хоёрын хоорондох итгэлцэл алдагдаж байна.
Мөн цалин, тэтгэврээс бусад урсгал зардлыг 10-15 хувь бууруулах боломж байгаа. Учир нь энэ онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхээр 90 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн ч хэрэгжсэнгүй. Эдийн засгийн нөхцөл байдал хүнд, иргэдийн худалдан авах чадвар муудаж, бэлэн мөнгөний хомсдолд орсон байгаа үед цалингаа бууруулах нь асуудлыг шийдэж байгаа хэрэг биш. Үүнийг өнөөгийн цалингийн түвшинд тогтоон барих арга хэмжээ авах саналыг бид дэвшүүлсэн. Үүнээс гадна бага хэмжээтэй тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
-Энэ онд цалин нэмж чадаагүй ч тэтгэврийн хувьд тодорхой хэмжээний нэмэгдэл байсан шүү дээ?
-2014 оны байдлаар нийт тэтгэвэр авагчдын 60 хувь буюу 203 мянган иргэн 200.000 төгрөгөөс бага тэтгэвэр авч байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн тодотголд мэдээлэл технологийн үйлчилгээ болон гадаад, дотоодын зардалд хөрөнгө нэмж тусгасан байсан. Цалин, тэтгэврээ нэмэх боломжгүй байгаа нөхцөлд тансаг хэрэглээгээ танах ёстой. Мөн сайдаас бусад агентлагийн албаны унаа унах эрхтэй албан тушаалтнуудын шатахууны зардлыг 100 хувь, гар утасны зардлыг 50 хувь бууруулах хэрэгтэй гэсэн саналыг дэвшүүлж байгаа.
Үүнээс гадна эдийн зас-гийн хямралд хөдөөгийн малчид хэтэрхий гүнзгий өртөж байна. “2008 оны эдийн засгийн хямрал бидний амьдралд нөлөөлж байгаагүй. Харин өнөөдрийн хувьд хүнд байна” хэмээн малчид ярьж байгаа. Орон нутагт төлөг 40-50 мянга, үхэр 400 мянган төгрөг байхад л авах хүн олдохгүй байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, жилийн дөрвөн улиралд гадаа гандаж, хөдөө хөхөрдөг малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал болон түүхий эдийн үнэ уруудлаа. Тиймээс төсвийн тодотголд махны экспортыг нэмэгдүүлэхэд тодорхой хөрөнгө тусгах ёстой.
-Таны хувьд 2016 оны төсвийн төслийг хэр чамбай боловсруулсан гэж үзэж байгаа вэ?
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол
-Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцүүлгийн явцад илүү сайжруулах хэрэгтэй. Манай намын бүлгээс Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд хэд хэдэн саналыг дэвшүүлсэн. Тухайлбал төрийн албан хаагчдын цалинг бууруулахыг эсэргүүцэж байна. Төр албан хаагчдадаа цалингаараа амьдрах нөхцөл бололцоог нь хангах учиртай.
Ингэснээр авлигаас ангид байна. Дэлхийн бусад улс оронд авлигаас ангид байхын тулд иргэддээ цалингаараа амьдрах нөхцөл бололцоог бүрдүүлж өгдөг. Мөн нийгмийн баталгаа буюу орон сууцаар ч хангадаг жишиг бий. Үүнээс гадна шатахууны онцгой болон гаалийн албан татварыг нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан. Үүнтэй манай намын бүлэг санал нийлэхгүй. Учир нь дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ буурч байна.
Гэтэл манай улс татварыг нь нэмэгдүүлэхээр санал дэвшүүлж байгаа нь буруу. Түүнчлэн төрийн өмнөөс ажил үйлчилгээ гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд олгох санхүүжилтийг он дамжуу-лахгүйгээр яаралтай шийдвэрлэх ёстой. Эдийн засгийн хямралаас үүдэн төсвийн ажил үйлчилгээг гүйцэтгэсэн зарим аж ахуйн нэгжүүд санхүүжилтээ авч чадахгүй дампуурахад хүрээд байна шүү дээ.
-МАН-ын бүлгийн зүгээс төрийн албан хаагчдын орон тоог 2012 оны хэмжээнд хүргэх ёстой гэсэн байсан. Хэдийгээр төрийн данхгар бүтцийг багасгах нь сайн ч хямралын үед цомхотгол хийх нь зөв арга хэмжээ мөн үү?
-Тэгсэн. Учир нь гэрээт ажилчин нэрийдлээр олон тэрбум төгрөгийг төсөвт суулгаж байна. Мөн 2016 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтад 120 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Үүнийг өмнөх онуудын царцаасан объектуудад зарцуулах ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа. Өөрөөр хэлбэл, ирэх онд шинээр объект барих ёсгүй.
Тухайлбал, Хавдрын эмнэлгийн барилгын ажлыг дуусгахад шаардагдаж буй долоон тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгах хэрэгтэй юм. Үүнээс гадна шинжлэх ухааны салбарын зардлыг хасаж байгааг бид эсэргүүцнэ. Харин Засгийн газрын бүтцийг өөрчлөх тухайд тодорхой зарчмын саналыг нь дэмжинэ.
-Цалин хасья гэж байгаа нь Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд орсны дохио хэмээн зарим улстөрч үзэж байгаа. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Санал нийлж байгаа. Монгол Улсын сайд М.Энхсайхан хэвтрийн эдийн засаг бий болсон талаар ярьж байсан. Энэ бол өнөөгийн бодит байдал. Гадаадын хөрөнгө оруулалт гурван жил дараалан буурч, төсвийн ажил үйлчилгээг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдэд төр санхүүжилтийг нь олгож чадахгүйд хүрч, бизнес эрхлэгчид арилжааны банкны зээлийн хүү болон татварын дарамтад орж байгаа нь бодит үнэн.
Тиймээс эдийн засгийн хямралд орсныг тоон үзүүлэлтээр ярих ёстой. 2014 онтой харьцуулахад импорт 1.3 тэрбум ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна. Өнгөрсөн оны наймдугаар сарын байдлаар улсын төсвийн алдагдлын хэмжээ 153 тэрбум төгрөгт хүрч байсан бол энэ оны үзүүлэлт нь 679 тэрбум төгрөгөөр тасарсан байсан. Энэ бол эрх баригчдын төсөв, мөнгөний алдаатай бодлогын уршиг. Өөрсдийн алдаатай бодлогоос үүдэн цалин, тэтгэврээ нэмэхгүй гээд ярьж байгаа нь буруу юм.
-Засгийн газраас төсвийн зардлыг танах бодлогыг баримталж байгаа ч хөрөнгө оруулалтын зардал өмнөх оныхоос хоёр дахин өссөн гэх мэдээлэл бий. Энэ нь улстөржилтөөс ангид төсөв болж чадаагүйн илрэл мөн үү?
-Засгийн газар их хариуцлагагүй төсвийн төсөл боловсруулсан. Иргэдийн амьдралд наалдсан төсөв болж чадаагүй. Хөрөнгө оруу-лалтын жагсаалтад анхаарах ёстой олон асуудал бий. Манай намын бүлгийн төсвийн Ажлын хэсгээс хасаж болох жагсаалтыг гаргана.