Баттулга.Д 2016.01.15 | Сонин: Зууны мэдээ

Төрийн үйлчилгээний супермаркетыг нээлээ

Төрийн үйлчилгээний супермаркетыг нээлээ

“Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг Дүнжингарав худалдааны төвд өчигдөр албан ёсоор нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцов. Оны эхнээс туршилтын шугамаар ажиллаж эхэлсэн тус төвд өдөрт дунджаар 1800 орчим хүн үйлчлүүлсэн байна. Үйл ажиллагааных нь нэгэн дэвшилттэй зүйл нь иргэд Дүнжингарав худалдааны төвөөс хотын төв рүү явах шаардлагагүй болжтухайн төвөөс шууд Хангарьд ордны дурын өрөөтэй холбогдож албаны хүнээс зөвлөгөө авах боломжийг бүрдүүлжээ.

Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах нэг том алхам хийгдлээ. Цаашид хотын хүн ам ихтэй дүүргүүд болон аймгийн төвүүдэд хэрэгжүүлэх хэрэгтэй” гээд хотын удирдлагуудад талархсанаа илэрхийлэв. Харин хотын дарга Э.Бат-Үүл “Өмнө нь иргэд нэг зөвшөөрөл авахьгн тулд олон даргын өрөөний үүдийг шагайж цаг заваа үрдэг байсан. Дэлгүүрт ороод юм авъя гэхэд худалдагч “даргаас асуугаад ирье” гэдэггүй шүү дээ. Бид худалдагч, худалдан авагчийн шууд харилцааны зарчмаар ажиллахыг зорьсон. Уг үйлчилгээний нэгдсэн төвд ажиллагсад нь өглөөний 08:00-20:00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллаж байна. Учир нь ажлын цаг тарсны дараа иргэд уг төвөөр үйлчлүүлэх боломжийг гаргаж өгч байгаа юм. Дараагийн төвөө Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт байрлуулах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр хүн ам ихээр цугладаг хотын төвийн ачаалал буурч, түгжрэл ч багасах юм” гэв.

Уг төвд ажиллаж байгаа албан байгууллага болон иргэд үйлчилгээний төвийн талаар ийм сэтгэгдэлтэй байна.

Баянзүрх дүүргийн 16-р хорооны иргэн Н.Энхмандах:

-Найман нэрийн барааны дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг арван минутын дотор авсандаа итгэж чадахгүй байна. Иргэддээ үнэхээр шуурхай үйлчилж байна. Өнгөрсөн жил уг зөвшөөрлийг авах гээд 3-4 сар хөөцөлдсөн ч авч чадаагүй. Бидний цаг завыг хэмнэсэн зардал, чирэгдэл багатай, үйлчилгээг хүргэж байгаа хотын удирдлагууддаа баярлаж байна.

НЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн ажилтан О.Нарантуяа:

- Төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулагдсанаа 1000 гаруй ААН. иргэн манай хэлтэст хандан зөвлөгөө авсан тоо байна. Уг төв байгуулагдсантай холбогдуулан худалдаа үйлчилгээний чиглэлээр  зөвшөөрөл өгөх журамдаа өөрчлөлт оруулсан. Бичиг баримт нь бүрэн иргэдэд зөвшөөрлийг нь цаг алдалгүй өдөрт нь гаргаж өгдөг болсон. Өнөөдрийн байдлаар 44 аж ахуйн нэгж, иргэнд тусгай зөвшөөрөл олгосон байна.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин:

-Баянзүрх дүүргийн Тамгын газар НЗДТГ-тай энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд бүх тал дээр хамтран ажилласан. Манай Тамгын газрын долоон хэлтэс иргэдэд 45 гаруй төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлж байна.