С.Эрдэнэ: Гурван сая дахь иргэнд 70 сая төгрөг олгоно
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнээс гурван сая дахь иргэн тодорсонтой холбоотойгоор зарим асуултад хариулт авлаа.
-Гурван сая дахь иргэнийг урамшуулах ажил хэзээнээс эхлэх вэ? Манай улс тус иргэндээ байр, гурван сая төгрөг мөн бэлэг дурсгалын зүйлийг гардуулна гэсэн мэдээлэл байгаа шүү дээ?
Гурван сая дахь иргэн болон түүний чацуутнаар тодорсон иргэдийг урамшуулах мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж байгаа. Тухайн өдөр төрсөн гурван сая дахь хүүхдэдээ 70 сая төгрөг түүнтэй тэнцэх байр өгнө.
Мөн гурван сая дахь иргэнтэй хамгийн ойр төрсөн эхний гучин хүүхдэд тухайн аймаг, дүүргийн ИТХ-аас нь 70 сая төгрөг олгох эрхийг нь олгоод байгаа.
-Гурван сая дахь иргэнд байр болон 70 сая төгрөгийг яг хэзээнээс өгөх юм бэ?
Дөнгөж төрсөн хүүхэд учраас хамаагүй мэдээллийг нь дэлгээд байж болохгүй. Эцэг, эхээс нь зөвшөөрөл авсан үед буюу аль тохиромжтой үед алдаршуулах ажлаа хийнэ.
Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болно. Уг хуралдаанаар энэ ажлыг хэрхэн, яаж зохион байгуулах талаар ярилцаж шийдвэр гаргана.