С.Эрдэнэ: Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт хувьдаа завшаад байх мөнгө байхгүй
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2014.11.20

С.Эрдэнэ: Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт хувьдаа завшаад байх мөнгө байхгүй

УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай яамны харьяа Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайханыг цагдан хорьсон тухай мэдээлэл гарлаа. Ямар шалтгааны улмаас ийм зүйл боллоо гэж үзэж байгаа вэ?

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр давс хужир нэмсэн, дэндүү сүржигнүүлсэн мэдээлэл гарч байна. Нийгмийн халамжийн салбарт хэдэн төгрөг төсөвлөдөг билээ, хөрөнгийн хэмжээ нь хэр их билээ гээд бодох ёстой л доо. Өчнөөн тэрбум төгрөг хувьдаа завшчихсан мэт мэдээлэл гарч байна.

Тийм их хэмжээний мөнгө Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газарт байхгүй. Хувьдаа мөнгө завшсан гэж үзэж байгаа бол ямар аргаар завшсан бэ гэдгийг нь хууль хяналтынхан тогтоох байлгүй. Хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа асуудалд би хөндлөнгөөс оролцоод янз бүрийн дүгнэлт хэлмээргүй байна.

 Гэм буруутай эсэхийг нь удахгүй тогтоох байх. Үнэхээр гэм буруутай нь тогтоогдвол л юм ярья. Гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад хэнийг ч буруутгах эрхгүй хуультай шүү дээ.

Зөвхөн Д.Баярсайхан дарга ч биш өндөр албан тушаал хашиж байгаа хүмүүсийг цагдан хорих байдал ихэслээ. Үүний шалтгааныг та юу гэж үзэж байгаа вэ. Улс төрийн шалтгаанаар барьж, хорьж байна гэдэгт итгэдэг үү?

Уг нь хууль хяналтын байгууллагын хийж байгаа ажлыг аль нэг өнцгөөс дүгнэж хэлэх нь зохимжгүй л дээ. Гэхдээ хүнийг гэм буруутай эсэхийг нь тогтоож байж шалгадаг, цагдан хорьдог байх нь зүйтэй. Гэтэл одоо эхлээд барьж хорьчихоод араас нь нотлох баримт бүрдүүлээд түүнийгээ тулгаж байна. Энэ нь хүний эрхийн концевцтой маш их зөрчилдөж байгаа. Уг нь ийм байж болохгүй.

Хүний эрхийг дээдэлдэг, эрх зүйн орчин нь хөгжсөн улс орнуудад бол гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд хэний ч эрхэнд халддаггүй. Хэрэг хийснийг нь мэдэж байгаа боловч түүнийгээ нотлох баримтгүй учраас барьж, хорих боломжгүй байгааг уран сайхны кинонд харуулдаг ш дээ. Энэ нь киноны үйл явдал боловч нөгөөтэйгүүр амьдрал дээр ийм л байх ёстойг харуулж байгаа хэлбэр.

Гэтэл манайд энэ хулгай хийсэн л байж таараа, энэ л гэмт хэрэг хийсэн гээд бариад хорьчихдог. Заримдаа анх барьж хорьсон хэрэгт биш шал өөр хэрэгт холбогдуулаад яллах тохиолдол ч гардаг. Энэ байдал өмнө нь ч байсан. Одоо ч хэвээрээ байна.

Тиймээс үүнийг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд нэн тэргүүнд залруулах ёстой. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг улс л юм бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой. Гэмт буруутай эсэх нь хоёрдугаар асуудал шүү дээ.

-Тантай уулзсаных улс төрийн нөхцөл байдлын талаар асуух гэсэн юм. Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг УИХ дахь суудлын тоогоороо танай намын дараа орох МАН дэмжихгүй гэдгээ илэрхийллээ. Мөн танай бүлэг түүнийг 100 хувийн саналаар дэмжээгүй. Энэ бүхнээс ер нь зөв хүнийг нэр дэвшүүлсэн эсэхэд эргэлзэж байна уу. Мөн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлээд хэлэлцээд явах ёстой гэсэн үг үү?

Манайх дотроо заавал 100 хувь дэмжих шаардлагагүй л дээ. Дэмжих нь дэмжээд, дэмжихгүй нь дэмжихгүй гээд саналаа өгөөд явдаг нь ардчиллын зарчим. Тухайн үедээ эсрэг санал өгсөн гишүүдийг буруутгахгүй байна.

Энэ бол гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Харин одоо нэгэнт шийдвэр гаргасан учраас Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан дээр бүлгийнхээ шийдвэрийг дагаад саналаа өгөх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Та бүлэг дээрээ хувийнхаа итгэл үнэмшлээр саналаа өгсөн үү, эсвэл фракцын шийдвэрээ дагасан уу. Танай фракцынхны зарим нь дэмжээд, зарим нь дэмжээгүй шүү дээ?

Нэгэнт Үндэсний зөвлөлдөх хорооноос дэмжигдээд гараад ирсэн учраас дэмжсэн. Олгой хагаравч тогоон дотроо гэж бид чинь нэг л намын хүмүүс шүү дээ. Тиймээс нэг нэгнээ түшиж тулах цагт нь түшиж тулаад, зэмлэх цагт нь зэмлээд л явна. Улс төр өнөөдрөөр дуусчихгүй. Энэ үүднээсээ цаашдаа нэгдсэн байр суурьтай байх ёстой.

-Өмнөх Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа учраас ямар ч өөрчлөлт гарахгүй. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг шиг л алхам болж байгаа юм биш үү?

Тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд л явж байсан байж тараа. Тэр хүн Ерөнхий сайдын гаргасан шийдвэр, танхимынхаа гаргасан зарчмыг дагаад л явж байсан.

Тиймээс одоо хувь хүнийхээ хувьд эрх мэдлийг гартаа аваад танхимаа яаж бүрдүүлж, ямар бодлого хэрэгжүүлэх, урд нь гаргасан алдаагаа яаж залруулах нь тухайн хүний л асуудал. Чи тийм байсан гэдгээр бүхнийг харлуулж болохгүй л дээ. Н.Алтанхуяг гэдэг хувь хүн нэг өөр, Ч.Сайханбилэг бас нэг өөр. Тиймээс энэ хоёр хүнийг адилтгаад байх шаардлагагүй болов уу гэж бодож байна.

-Та өмнөх Засгийн газрын тэргүүнийг огцруулах эсэхээр санал хураалт явуулах үед чуулганы нэгдсэн хуралдаанд оролцоогүй. Та ямар шалтгаанаар оролцоогүй юм бэ?

-Би өөрийнхөө итгэл үнэмшлээр оролцоогүй.

-Н.Алтанхуягийг хувь хүнийх нь хувьд дэмжих хүсэлгүй байсан гэж ойлгож болох уу, эсвэл фракцынхаа шийдвэрийг дагаад хуралд оролцоогүй юм уу?

Би үүн дээр тодорхой хариулт өгмөөргүй байна. Энэ асуудалд зөвхөн өөрийнхөө итгэл үнэмшлээр л хандсан. Хэн нэгнийг сайн, муу байсан гэж яримааргүй байна.

-УИХ-ын дарга З.Энхболд намын дарга болсныхоо дараа Ардчилсан хүчний холбооны даргын албан тушаалаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн. Таныг Ардчилсан хүчний холбооны дараагийн дарга болно гэсэн мэдээлэл байна. Танд энэ холбоог удирдаад явах сонирхол бий юү?

Манай Ардчилсан хүчний холбоо удахгүй хурлаа хийнэ. Тэр хурлаар энэ асуудлыг хэлэлцэж шийдэх байх. Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байгаа учраас тэгнэ, ингэнэ гэж ярихад эрт байна.