Д.Баярсайхан: 500 ТЭРБУМ ТӨГРӨГ шаардлагагүй айлд очдог байсан нь ЗОГССОН
iKon.mn сайт Нийгмийн Халамж, Үйлчилгээний Ерөнхий газрын дарга Д.Баярсайханы ярилцлагыг онцлон хүргэж байна.
Монгол Улс уул уурхайн бүтээгдэхүүний орлого сайн байх үед нийгмээрээ хавтгайрсан халамжинд "умбаж" жилдээ нэг их наяд төгрөгийг бэлнээр хуваан "иддэг" байлаа. Харин энэхүү хавтгайрсан халамжаас сүүлийн хоёр жилийн хугацаанд зайлсхийж чадсан билээ.
Бүр тодруулбал, зорилтот бүлэг буюу халамж, үйлчилгээ заавал шаардлагатай иргэддээ хүрч ажиллах хөгжингүй орны туршлагыг энэ жилээс нэвтрүүлээд байна. Энэ жилээс гэж тодотгосон нь 2013 онд бид Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох улсын хэмжээний судалгааг амжилттай хийж дуусгасан. Үүний үр дүнд 2014 оноос эхлэн зорилтот бүлгээ зөв зүйтэй тодорхойлж нийгмийн халамж үйлчилгээг хүргэж байна.
Анх удаа нийт өрхийг хамруулсан амьжиргаа тодорхойлох судалгааны сонирхолтой үзүүлэлт болоод энэ судалгаанд үндэслэн үзүүлж байгаа нийгмийн халамжийн үйлчилгээний талаар Д.Баярсайхан даргатай ярилцлаа.
- Нийгмийн халамжийн бодлого өөрчлөлт, шинэчлэлтэд орох алхмаа хийж байгаа таатай мэдээтэй. Шинэчлэлийн бодлогын талаараа та товч танилцуулахгүй юу?
- Халамжийн салбарыг юуг нь нуух вэ улстөр, улстөрийн бодлогоос их хамааралтай.
Бодлогоо өөрчлөх гээд бид тодорхой төсөл хийж байсан ч УИХ-д өргөн баригдаж чадахгүйгээр бүдэрч байсан удаа бий. Одоо няцахгүй дахиад бас нэг оролдоод л явж байна. Дэмжлэг авах эсэхийг мэдэхгүй байна.
Хавтгайрсан халамжийн бодлого бүгд л улстөрөөс хамааралтай. Улсын төсвийн мөнгөөр халамж амласан.
Сүүлдээ зээл авч хүртэл бэлэн мөнгө тарааж өгсөн. Энэ зээлээ төлж дуусаагүй одоо үргэлжлээд явж байна шүү дээ.
Одоогийн шинэчлэлийн гол зорилго нь хавтгайрсан халамжаас татгалзаж нийгмийн зорилтот бүлэг рүү чиглүүлэх томьёолол байгаа. Нийгмийн халамжийн сан улсын төсөв дээр төвлөрч байсныг орон нутгийн засаг дарга нарт эрх мэдлийг нь шилжүүлсэн. Тэгэхээр бид энд гол бодлого, арга зүйн удирдлагаар хангах хяналт, үнэлгээ хийх, хүнээ сургах бэлтгэх, хууль эрх зүйн орчноо сайжруулах тал дээр ажиллаж байна.
Хүүхдийн мөнгө болоод зарим нэг үйлчилгээ шууд улсын төсөв дээр байхаас аргагүй. Үүнийг бол эндээс санхүүжүүлээд явахаас аргагүй юм.
- Зорилтот бүлгээ тодорхойлохын тулд та бүхнийг суурь судалгаагаа хийж дуусгаж бэлэн болгоод байгаа гэсэн. Энэ судалгаа маш их сонирхол татаж байна. Монгол улсад анх удаа хийсэн нийт өрхийг хамруулсан судалгаа шүү дээ.
- Тийм ээ. Бид нэгдүгээрт нийгмийн халамжийн салбарт өөрчлөлт хийхийн тулд суурь судалгаа хийх хэрэгтэй болсон. Манай төрийн байгууллагууд судалгаа муутай. Дарга нарын эсвэл хэсэг бүлэг хүний цээжний пангаар их явж ирсэн.
Үүнийг өөрчлөхийн тулд яах ёстой вэ гэхээр хүнээс, албан тушаалтнаас их хамаардаг хамаарлыг багасгах хэрэгтэй болсон.
Халамжийн газрын үзүүлж байгаа 69 үйлчилгээнд хэл ам, маргаан их гардаг. Гомдол, санал их. Танил тал ихтэй, мэдээлэлд ойр байдаг, орон нутгийн нийгмийн ажилтнуудын үзэмж ордог байсныг нуугаад байх юм алга. Тэгэхээр энэ байдлыг юун түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Үүнийг өөрчлөхийн тулд яах ёстой вэ гэхээр хүнээс, албан тушаалтнаас их хамаардаг хамаарлыг багасгах хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл энэ бүх гар ажиллагааг цахимжуулж, мэдээллийн нэгдсэн баазтай болъё, санхүүгийн хяналттай болъё, хүн үйлчилгээ авахдаа тодорхой бодлогын хүрээнд хамрагддаг байх ёстой гэж үзээд өрхийн амьжиргааны түвшин тогтоох суурь судалгааг 2013 оны арваннэгдүгээр сарын сүүл арванхоёрдугаар сарын эхээр улс орон даяар нэгэн зэрэг явуулсан.
Энэ судалгааг хийхийн тулд жил гаруй хугацаанд бэлтгэл ажил хийсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газар байгуулагдсан цагаасаа л эхэлсэн. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтран энэхүү судалгааг хийсэн юм. Үндэсний Статистикийн хороотой судалгааны аргачлал талд нэлээд хамтарч ажилласан. Энэ судалгааг өмнө нь хийх оролдлого байсан уу гэвэл байсан. Энэ туршлага дээр үндэслээд гадны загвараар биш Монголын хөрсөнд тохирсон ойлголтоор судалгааны аргачлалаа боловсруулж хийлээ.
Судалгааны урьдчилсан үр дүнг Засгийн газарт танилцуулсан. Үр дүн маань эцэслэгдэж дуусаагүй. Програмчлал нь дуусах шатандаа явж байна.
- Судалгаа, тоо баримтыг худлаа зохиож гаргаж ирж байна гэж шүүмжлэх хүмүүс их байдаг. Харин Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох улсын хэмжээний энэ судалгаанд итгэж болохоор болов уу?
- Судалгаа зөв болж уу, буруу болж уу гэдэг асуудал мэдээж гарсан.
"Монгол Улсын 768 өрхийн 712 нь энэ судалгаанд хамрагдсан. Өөрөөр хэлбэл 2,9 сая хүний 2,5 сая нь хамрагдсан гэсэн үг"
Хүнээ бүрэн хамруулж чадсан уу, судалгаанд хамрагдсан хүн нь өөрийнхөө амьжиргаа, нөхцөл байдлыг зөв оновчтой илэрхийлж чадсан уу гэсэн асуудлууд гарсан. Үүнд гадны болоод, дотоодын экспертүүд ажилласан. Биднээс хамааралгүй хөндлөнгийн хяналтуудыг хийсэн. Ингээд харахад боломжийн сайн үр дүн гарсан.Олон улсын түвшинд 0.5 хувийн хүлцэх алдаа байдаг юм байна. Гадны буюу хөндлөнгийн хүмүүсийн ирээд ажилласан дүгнэлт 0.1 хувийн хүлцэх алдаа гарлаа гэсэн. Ийм суурь судалгаатай болоод авсан.
Энэ өөрөө 103 асуулга бүхий бүх орон нутгийн засаг захиргаа, иргэний нийгмийн байгууллага бүх төрийн яам ашиглах боломжтой мэдээллийн бааз болж байгаа юм. Өөрөөр хэлбэл салбар дундын мэдээллийн сан болохуйц судалгаатай болсон. Энэ мэдээллийн сангаа эхний шатанд ямар ч байсан бүрдүүлсэн. Мэдээллийг шивж оруулах, зарим алдааг засах, баталгаажуулах ажил дууслаа. Одоо програмчлалын ажил хийгдээд дуусч байна.
- Судалгаа нийт өрхийг хамарч чадсан уу?
- Монгол Улсын нийт өрхийн 93 хувь нь энэ судалгаанд хамрагдаад мэдээллийн баазад орчихсон. Цаана нь үлдсэн 7 - 8 хувь нь гадаад амьдардаг иргэд. Дээр нь нэлээд чинээлэг айлууд энэ судалгаанд хаалга үүдээ тайлж өгөхгүй гэдэг шалтгаанаар хамрагдаагүй. Тэгэхээр Монгол Улсын 768 өрхийн 712 нь энэ судалгаанд хамрагдсан. Өөрөөр хэлбэл 2,9 сая хүний 2,5 сая нь хамрагдсан гэсэн үг.
Энэ судалгааны онцлог нь яг танай өрхийн, тухайн иргэний авдаг цалин нь хэд вэ гэж асуугаагүй. Орлогыг орлуулан тооцох буюу олон улсын аргачлалаар хийгдсэн. Ингэснээр судалгаа илүү бодит хийгдсэн нь нотлогдсон. Энэ судалгааны үр дүнг бид амьжиргааны түвшингээр нийт өрхөө 20 хуваасан. Тэгэхээр бид зорилтот бүлгээ тодорхойлж чаддаг боллоо гэсэн үг.
Ганцхан жишээ хэлье. Хамгийн олон хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрх айл хаана хамгийн их байна вэ гээд л хайгаад харахад Архангай аймгийн Түвшрүүлэх сумын Хөх сүм багт байна гээд гараад ирэх жишээтэй. Долоон ам бүлтэй өрх нь долуулаа хөгжлийн бэрхшээлтэй. Би өөрийн биеэр очиж үзлээ. Энэ судалгаа үнэн үү, үгүй юу гэдгийг шалгахын тулд. Үнэхээр үнэн байсан.
Хоёр дахь айл нь хаана байна вэ гэхээр Ховд аймагт байх жишээтэй. Ийм нарийвчлалтай гарч байна, манай судалгаа.
- Энэхүү судалгаанд үндэслэн зарим халамжийн бодлогоо хэрэгжүүлээд эхэлсэн гэж байсан. Жишээ нь хүнсний талон олгох асуудалд ямар дэвшил гарсан бэ?
- Өмнө нь бид амьжиргааны түвшин доогуур иргэдэд хүнсний талон олгоод туршиж байсан. Гэтэл "Манай хажуу айлын 1000 малтай, хоёр машинтай айл танил талаараа хүнсний талон аваад байхад намайг оруулахгүй байна" гэсэн гомдол, санал сумдад, хороодод тасардаггүй байлаа. Харин одоо ийм гомдол байхгүй болж байна.
- Туршилт хийж байсан гэдэг нь юу гэсэн үг үү?
- Өмнө нь өрхийн амьжиргааг тогтоохдоо социологийн судалгааны аргаар хийгдсэн байсан. Тэгэхээр янз бүрийн асуудал гаралгүй яах вэ дээ.
Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс шинэ судалгаан дээрээ үндэслээд өрхүүдийн амьжиргааны түвшингээр эрэмбэлээд 20 шугам татсан. Програмын аргаар 20 түвшин тогтоогоод улны таван хувьд орсон өрхүүдийг хүнсний талонд хамруулж байна. Тэгэхээр үүнд ямар нэгэн албан тушаалтан, ар, өврийн хаалга гэсэн ойлголт байхгүй болж байна гэсэн үг.
- Хүнсний талоныг одоо яг хэчнээн иргэнд олгож байна вэ?
- Зорилтот бүлгээ тодорхойлсноор бидний хамгийн түрүүнд нийт өрхийн таван хувьд хүнсний талон өгч байна. Нийтдээ 15700 гаруй өрхийн 88.760 иргэн энэ халамжинд хамрагдаж байна.
Сар бүр том хүн 10 мянган төгрөг, хүүхдэд таван мянган төгрөгний хүнсний талон өгч эхэлсэн. Өмнө нь авч байсан хүмүүсийн 50 хувь өөрчлөгдсөн байх жишээтэй.
- Орон гэргүй иргэдийг түр хоноглуулах байр, нэг удаагийн халуун хоол шөлөөр хангах тухай танай үйлчилгээнд бичсэн байсан. Үүний талаар тодруулахгүй юу?
- Манай судалгаанд нэг хэсэг хүн хамрагдаагүй. Бичиг баримтгүй, гэр оронгүй хүмүүс. Орон гэргүй хүмүүс дотор олон янзын хүн байдаг. Архинд донтсон эсвэл хорихоос суллагдсан гэх мэт. Ийм хүмүүсийг бид цагдаагийн байгууллагатай хамтраад тодорхой зорилго тавиад бүртгэл хийсэн.
Энэ хүмүүсийг бичиг баримттай болгох гэж нэлээд хөөцөлдсөн. Хууль, дүрмийнхээ хувьд нэлээд хэцүү байсан. Гэхдээ эхний шатанд 1000 иргэнийг бичиг, баримттай болгож Улаанбаатарт түр хоноглох байр гаргаж өгсөн. Зуны улиралд энэ хүмүүс ирдэггүй. Өвлийн улиралд хөлдөж үхэхээс нь сэргийлээд хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудтай хамтраад түр хоноглох байранд байршуулаад бүртгэж байна. Тэднийг хүнсний дутагдалд оруулахгүйн тулд халуун хоолоор үйлчилдэг. Наад захын ийм үйлчилгээ үзүүлдэг дээ.
"Хүүхдийн мөнгө өгч эхлээд гурван сарын дараа судалгаа хийхэд гуравны нэг нь удаан хугацааны хадгаламж хийсэн байсан бол одоо нийт хүүхдийн 60 гаруй хувь хадгаламжтай болсон байна"
- Орон гэргүй иргэдийг бүртгэлжүүлэх, орон гэртэй ч халамж шаардлагатай иргэдэд танай гүйцэтгэх шатанд ажиллаж байгаа хороодын нийгмийн ажилтнуудын хүрэлцээ хаанаа ч хүрдэггүй гэсэн гомдол их байдаг.
- Тэр үнэн. Ажлын ачаалал зовлон бэрхшээл бол байна. Ялангуяа захын дүүргүүдийн хүн ам ихэссээр байна. Ямар ч байсан бид улсын хэмжээний мэдээлэлтэй болчихлоо. Одоогийн бидний үзүүлж байгаа 69 төрлийн үйлчилгээг энэ хүмүүс л хийж байгаа.
Гэхдээ бид аргачлалаа сайн боловсруулаад, мэдээлэл сайн байхад үйлчилгээгээ сайжруулаад явах боломж их байна. Ердөө хоёр жилийн өмнө хүмүүс 21 мянган төгрөгөө авах гээд банкны гадаа ямар урт дараалал үүсгэдэг байлаа. Гэтэл одоо хүүхдийн мөнгөн дээр ийм асуудал огт үүсэхгүй байгаа.
Хүмүүс арилжааны бүх банкнаас хүүхдийн мөнгөө саадгүй авах боломжтой болсон. Дурын иргэн дуртай банк руугаа очоод маягтаа бөглөөд мөнгөө авч байгаа. Хүүхдийн мөнгө өгч эхлээд гурван сарын дараа бид судалгаа хийхэд гуравны нэг нь удаан хугацааны хадгаламж хийсэн байсан бол одоо нийт хүүхдийн 60 гаруй хувь хадгаламжтай болсон байна. Энэ бол бодит тоо. Тэгэхээр манай судалгаагаар нийт өрхийн 60 гаруй хувь нь дунд болон чинээлэг давхарга гэж гарсан. Тэгэхээр логик хамаарал ч зөв болж байна.
Хүүхдийн мөнгө гэдэг бол халамж биш юм. Энэ бол хүн амын хөгжилтэй холбоотой хөтөлбөр юм. Төрөлт нэмэгдэж байна. Энэ мөнгө хүүхдийн ирээдүйд буюу сурах боловсрох, эрүүл мэндэд чиглэсэн мөнгө. Гуравдугаарт энэ мөнгө өрхийн амьжиргаанд тус дэм болж байна. Тэгэхээр энэ бол гэр бүл, хүн амын бодлогод чиглэсэн томоохон хөтөлбөр юм.
- Мөнгөн дүнгээр илэрхийлбэл одоо хүүхдийн мөнгөнд жилдээ 270 орчим тэрбум төгрөг өгч байгаа. Үүний 60 орчим хувь нь банкны хадгаламж болж үлдэж байгаа нь банкны активын хувьд ч эерэг нөлөөлөлтэй байгаа юм байна.
- Тийм ээ. Энэ бол бага мөнгө биш. Халамж хавтгайрсан оргил үед жилдээ нэг их наяд төгрөг улсын төсвөөс гардаг байсан бол одоо хоёр дахин буурсан.
Өөрөөр хэлбэл 500 тэрбум төгрөг шаардлагагүй айлд очдог байсан нь зогссон гэсэн үг.
Халамжийн бодлогын шинэчлэлийн гол үр дүн нь энэ.
- Бид өмнө нь амьжиргааны түвшингээс доогуур амьдралтай өрх гээд тодорхойлдог байсан. Харин энэ удаад өрхийн амьжиргааны түвшин арай өөр хэмжигдэхүүнээр илэрхийлэгдэж байгаа гэсэн үг юм байна. Тийм үү?
- Тийм ээ. Өрхийн амьжиргааг илэрхийлэхийн тулд 103 асуулгын тухай нэг бүрчлэн ярих хэрэгтэй болно. Багцлаад хэлбэл, тухайн өрхийн амьдарч байгаа сууц. Орон сууц, гэр, байшин гэх мэт. Орон сууц дотроо тансаг зэрэглэлийн хаус уу, энгийн орон сууц уу гээд ангилна. Хөдөө орон нутагт гэрт амьдарч байгаа нь ядуу гээд шууд үзчихгүй.
Өөрөөр хэлбэл 500 тэрбум төгрөг шаардлагагүй айлд очдог байсан нь зогссон гэсэн үг. Халамжийн бодлогын шинэчлэлийн гол үр дүн нь энэ.
Тухайн орон нутаг, амьжиргааны онцлогоос хамаараад амьдарч байгаа сууцнаас хамаарч амьжиргааг нь тодорхойлно. Тухайн улс, орон нутгийн онцлогт тааруулж судалгааны аргачлалаа боловсруулсан гэдэг маань энэ.
Хоёрдугаарт, амьдарч байгаа орон сууц нь өөрийнх нь үү, түрээсийнх үү, хамаатан садных нь уу гэх мэт тоолсон. Мөн энэ судалгааны бас нэгэн том ажил мал тооллого байсан. Улсын мал тооллоготой давхацсан. Энэ хоёрын дүнг харьцуулсан. Үндсэндээ адилхан гарсан. Том зөрүү байхгүй. Мөн автомашин тоолсон.
- Монгол улсын нийт өрхийг амьжиргаагаар нь 20 хуваасан гэж байсан. Иргэд үүнийг сонсоод би аль түвшинд байгаа бол гэж шууд бодох байх. Та гол бүлгүүдийг хувиар хэлэх боломжтой юу?
- Тойм тоо хэлж болно. Үндэсний статистикийн хорооны мэдээлэлтэй ч энэ тоо ерөнхийдөө таарч байгаа. Холбогдох байгууллагууд манай улсын ядуурлын түвшин 28 орчим хувь гэж мэдээлж байна. Манай судалгаагаар ч нийт өрхийн 30 орчим хувьд үнэхээр асуудал байна. 30 хувь дотроо бас нэлээд ялгаатай. Ажилгүй, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй гэх мэт олон асуудал өрхийн орлого, боловсрол зэрэгт нөлөөлж байна.
Гэхдээ нийгмийн халамжийн тухайд хамгийн доогуур түвшинд байгаа 15 хувьд л анхаарал хандуулж ажиллах ёстой. 15-20, 20-30 хувьд байгаа өрхүүдэд өөр өөр бодлого явуулах ёстой. Шууд хүнсний талон гэхээсээ эрүүл мэндийн даатгал гэх мэт төрөлжүүлсэн бодлого барих нь зөв.
Үлдсэн 60 орчим хувь буюу нийт өрхийн 60 гаруй хувь нь дунд ба чинээлэг давхарга эзэлж байна.
"Нийт өрхийн 60 гаруй хувийг дунд ба чинээлэг давхарга эзэлж байна"
- Олон улсад энэ үзүүлэлт нь сайн уу, муу юу?
- Хөгжингүй орнуудад иргэдийг давхарга, байр суурь, ялгарлаар нь үндсэн гурван бүлэг задраад есөн хэсэгт хувааж үзэж байна. Доод, дунд, дээд гурван бүлэгт тус бүр гурав ангилж үздэг.
Жишээ нь дээдийн дээд түвшинд зөвхөн угсаа гаралтай, хаан удамтай буюу мөнгөний хэмжээ хамаарахгүй хүмүүс байдаг бол дээдийн дунд ангид бидний мэдэх өөрийн хүч хөдөлмөрөөрөө дэлхийн тэрбумтан болж чадсан хүмүүс орж байна. Энэ бүхнээ хувиар илэрхийлдэг. АНУ-ын тухайд үүний сонгодог жишээ. Нийт хүн амын 75 хувь нь дунд ангид хамаардаг. Манай улсын хувьд 65 хувь нь дунд болон чинээлэг хүмүүс байгаа юм.
- Ойролцоо хөгжилтэй орнуудтай харьцуулбал ямар байдаг вэ?
- АНУ-ын тухайд дунд ангиараа бахархдаг улс. Энэтхэг мэтийн хөгжиж байгаа орон гэхэд баян, ядуугийн туйл болчихсон дүр зурагтай байдаг. Харин ядуу орон гэхээр дээд анги гээд байх зүйл байхгүй. Хэсэг нөхөр толгойд гарч суучихаад тоглоод байдаг. Дунд анги гэчихээр нөлөөлөл үзүүлдэг хэсэг байдаггүйг бид африкийн зарим орноос хардаг шүү дээ. Энэ гурван бүтцийг харахаас манай улсын хувьд хөгжингүй, хөгжсөн орон руу дөхөж байгаа юм байна гэж үзэж болохоор байна. Гэхдээ үүн дотроо чанарын ялгаа бий юу гэвэл бий.
- Та бүхэн судалгаанд үндэслэн нэвтрүүлсэн үндсэн хоёр гол ажил хүүхдийн мөнгө, хүнсний талон хоёрыг хэлж байна. Цаашид төлөвлөж байгаа ажил юу байгаа вэ?
- Миний нэг мөрөөдөл бий. Халамжийн байгууллыг удирдаад 10 гаруй жил болж байна. Хууль эрх зүйн орчин цаг үеэ дагаад сайжраад өөрчлөгдөөд явж байна. Бид дахин нэг санал өргөн барина. Засгийн газар, УИХ хэрхэн шийдэхийг мэдэхгүй байна.
Хийх гээд байгаа ажлынхаа нэг л жишээг хэлье.
Саажилттай, дауны синдромтой хүүхдэд Монгол Улс ямар халамжийн бодлого барьдаг вэ. Эрүүл мэндийн байгууллага дангаараа тусламж, үйлчилгээ үзүүлэх ёстой юу. Эсвэл халамжийн байгууллага тусгай бодлого барих ёстой юу. Эсвэл зөвхөн аав, ээж нь асран хамгаалах ёстой юу.
Ийм асуудал, асуулт их гардаг. Гэтэл манайд нарийн зохицуулагдсан зүйл байхгүй. Хэдий бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж зам, талбай барих ёстой гэж байгаа ч тэдэнд зориулсан тусгайлсан үйлчилгээ үзүүлдэг барилга байгууламж заавал хэрэгтэй байна. Үүнийг хийхийн тулд олон хүчин зүйлээс хамаарч байна. Төсөв, орон нутгийн удирдлага гэх мэт. Хамгийн наад зах нь газрын асуудлаас л эхэлж байна. Гэхдээ бид үүнийг зөвхөн улсын төсөв гэж хаялгүй төсөл бичээд олон улсын байгууллагад хандаж л байна.
- Асрамжийн газруудыг шинэчилж байгаа гэсэн.
- Тийм ээ. Ахмадын асрамжийн төв гэхэд л манайд хүнд байдалтай байдаг. Улсын хэмжээнд төвлөрсөн Батсүмбэрийн асрамжийн газрыг задлах асуудлыг олон жил ярьсан. Үүнийг бид ойрын нэг, хоёр жилийн хугацаанд өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаа. Улсын төсөвт суугаад одоо барилга, байгууламжийг нь бариад эхэлчихсэн. Хоёр том объект эхэлчихсэн.
Нэг өргөтгөл барьж байна. Энэ асрамжийн газарт гэхэд ахмадууд, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс, өнчин хүүхдүүд нэг дор амьдарч байна. Тэднийг нэг газар байлгаад яг адил хоол өгөөд, адилхан дэг журмаар ингээд явж болохгүй. Ийм төвлөрсөн асрамжийг төрөлжүүлээд явахаар барилга байшин хэрэгтэй байсан. Одоо энэ байшингаа орчин үеийн зургаар барьж байгаа юм.
- Энэ ажлын үр дүн хэзээ гарах вэ?
- Дараа жил барилгууд ашиглалтанд орно. Үүнийг дагаад боловсон хүчин бэлтгэх, хөрөнгө санхүүгийн асуудал шийдэх гээд олон ажил ундарна даа.