Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн “Нээлттэй өдөрлөг” амжилттай боллоо
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам түүний харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газар, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв хамтран ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭДЭД ТАНИУЛАХ “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ"-ийг 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Чингисийн талбайд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгт хүрэлцэн ирсэнээр нийгмийн даатгал, халамж, хүүхэд гэр бүлийн хөгжил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бүхий л асуудлын талаарх мэдээ мэдээллийг нэг дороос авсан. Мөн Нийслэлийн 6 дүүргийн Нийгмийн даатгал, Нийгмийн халамж, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсүүд иргэдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд иргэдийн асуултуудад газар дээр нь хариулт өгч, өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн юм. Түүнчлэн гэр бүлд зөвлөгөө өгөх төв ажиллаж, гэр бүлийн бат бөх, нандин харилцааны талаарх сургалтууд зохион байгуулж, амралтынхаа өдрийг гэр бүлийнхээ хамт халуун дулаан уур амьсгалтайгаар өнгөрөөх боломжийг бүрдүүлж чадлаа.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ болон Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон. Гэр бүлийн салалт, өнөөгийн нийгэмд газар авч, тулгамдсан асуудлын нэг болсон учраас гэр бүлийн бат бөх, үнэ цэнэтэй байдлыг хадгалахад төрийн бодлогыг чиглүүлж, хууль тогтоомжийг нийгмийн өөрчлөлтөнд тулгуурлан шинэчлэн найруулсанд уг хуулийн гол зорилго оршиж байгаа.
Тиймээс ХАХНХЯ, Монгол Улсын Засгийн газраас Монгол гэр бүлийн бат бөх, үнэ цэнийг хадгалах улмаар төр улсынхаа төвшин байдлыг бататгахын тулд 2014 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан. Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд иргэд, олон нийтийг хамарсан шат дараатай олон ажил хийж байгаа бөгөөд 2014 оны 5-р сарын 15-ны өдрийг "Гэр бүл"- ийн өдөр болгон улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөгөөт ажлуудаа эхлэсэн.