Л.Зориг: Цэргийн эмнэлгийн шинэчлэл хөтөлбөр хэрэгжихэд Л.Болд сайд гол үүрэг гүйцэтгэсэн
2016.03.28

Л.Зориг: Цэргийн эмнэлгийн шинэчлэл хөтөлбөр хэрэгжихэд Л.Болд сайд гол үүрэг гүйцэтгэсэн

Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг буюу хүмүүсийн хэлж заншсанаар Госпиталийн шинэ эмнэлэг саяхан нээлтээ хийсэн билээ. Уг эмнэлгийн талаар Госпиталийн даргаар олон жил ажилласан бэлтгэл хурандаа Л.Зоригтой ярилцлаа.

Шинээр баригдсан цэргийн эмнэлэг сайхан нээлтээ хийлээ. Та Госпиталийн даргаар ажиллаж байхдаа энэхүү эмнэлгийг барих санаачилгыг анх гаргаж, хөөцөлдөж байж бариулсан гэж сонслоо?

-Би 2006 онд Цэргийн төв госпиталийн даргаар томилогдож очсон юм. 2007 оны тавдугаар сард “Цэргийн эмнэлгийн шинэчлэл” хө- төлбөр хийсэн. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэсэн монгол үг байдаг даа. Сайн эмнэлэгтэй болохын тулд сайн чанарын шинэ байшин барих ёстой. Аливаа улсын цэргийн эмнэлэг маш өндөр түвшнийх байдаг. Америк, Оросын ерөнхийлөгчид асуудал үүслээ гэхэд цэргийн эмнэлэгт л очиж үйлчлүүлдэг. Аюулгүй байдал, харуул хамгаалалт, сайн чанарын гэдгээрээ цэргийн эмнэлэг давуу талтай. Цэргийн эмнэлэг бол тухайн улс оронд байдаг хамгийн чухал эмнэлэг. Бүх улс орон цэргийн эмнэлэгтэй. Иймээс шинэ барилга барих төслөө Батлан хамгаалахын сайд Л.Болд болон сайдын зөвлөлд 2008 онд анх танилцуулсан.

-Тухайн үед шинэ эмнэлэг барих төсөл хэр дэмжлэг авав?

-Тухайн үед арав гаруй тэрбум төгрөгөөр байшин барина гэж юу яриад байгаа, мөрөөдөхөө боль гэж хэлэх хүн олон таарсан. Би макетаа бариад л энд тэндгүй явдаг байлаа.

Би өөрөө Зүүнбаянд цэргийн эмч, Цэргийн гоо судлалын мэс заслын эмч байсан хүн. Ямартаа ч цэргийн эмнэлэг барих ёстой гэдгийг сайн мэдэж байсан. Тухайн үед Батлан хамгаалахын сайд Л.Болд миний төслийг хамгийн ихээр дэмжсэн. Би ч сайд дэмжингүүт маш их зориг орсон. Манай улсад ийм эмнэлэг заавал байх хэрэгтэй гэдгийг Л.Болд сайд мэдэж байсан л даа. Тэгээд эмнэлгийн байшинтай болох асуудал шийдэгдэж байгаа юм. Байшин барилгын асуудлыг Болд сайд дэмжчихсэн байгаа хэдий ч төсөв нь шууд бэлэн байхгүй байсан. 2009 оны төсөвт оруулах гэсэн чинь Сангийн яам төсвийг нь хасчихсан. Тэгээд 2011 оны төсөвт орж чадсан. Ингээд 2011 оны наймдугаар сард эмнэлгийн шав тавих ёслол болсон.

-Шинээр эмнэлэг баригдах асуудал ингээд шийдэгдчихэв үү?

-Сайн эмнэлэг гэж юу юм. Нэгдүгээрт, орчин үеийн барилга. Хоёрдугаарт, хамгийн сайн тоног төхөөрөмж. Гуравдугаарт, чадварлаг боловсон хүчин гурваас бүтдэг. Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хурал дээр тоног төхөөрөмж хэрэгтэй байна гэдгийг дахиад танилцуулсан. Тоног төхөөрөмжийн шинэчлэл, тавилга хэрэгсэлд төсөв мөнгө хэрэгтэй болсон. Тэгэхэд хүмүүс эсэргүүцэж, гайхаж байсан. Энэ Зориг ямар хаашаа юм бэ гэж байхад Л.Болд сайд бас л дэмжсэн. Ийм төсөл хөтөлбөрийг цогцоор хийх нь зүйтэй. Сайн эмнэлэг барьсан бол сайн тоног төхөөрөмж хэрэгтэй. Эмч нарыг сургах хэрэгтэй гэж байсан.

-Тэгээд эмнэлгийн тоног төхөөрөмж, боловсон хүчнийг хэрхэн шийдвэрлэв?

-Япон, ХБНГУ-тай төслийн хүрээнд ярьж байсан ажлууд олон бий. Бүтсэн ч бий бүтээгүй нь бий. Тоног төхөөрөмжийг Л.Болд сайд европ стандарттай байх ёстой гэдгийг дэмжиж байсан. Ингээд 2012 онд Л.Болд сайдын дараа Батлан хамгаалахын сайдаар Ажнай гэх Д.Бат-Эрдэнэ, М.Сономлил нар томилогдож очоод бас л дэмжсэний хүчинд энэ хөтөлбөр өнөөдрийн түвшинд хүрч чадсан. 2014 оны тавдугаар сард Засгийн газрын хуралдаанаар 18 тэрбум төгрөгийн Австрийн тоног төхөөрөмжийн зээл авах асуудал шийдэгдсэн. Боловсон хүчнийг бэлтгэх шаарддага үлдсэн. Японы Батлан хамгаалахын Төрийн нарийн бичгийн дарга Монголд нэг хоног айлчлахдаа манай эмнэлэг сувилагч, ажилтнуудыг сургая гэж хэлээд гэрээ байгуулсан. Уг гэрээг УИХ-аар баталсан. Цэргийн эмч чадвартай байх ёстой.

-Таны санаачилж, хийж, байсан төсөл. Таныг эмнэлгийн нээлтдээ урьсан уу?

-Очоогүй ээ. Манай эмч нарын ярих нь лифт нь дор хаяж тэрэгтэй хүнийг оруулах багтаамжгүй байна гэж дуулдаж байна лээ.

-Та эмнэлгийн дарга байхдаа хөөцөлдөж байсан эмнэлэг өнөөдөр нээгдэхдээ ямар түвшинд байна вэ. Та дүгнэж хэлэх үү?

-Энэ төсөл хөтөлбөр их удаан хэрэгжиж байна. Бүрэн гүйцэд хийгдэхгүй байна. Эмнэлэг бол ганцхан байшин барилгын асуудал биш. Тоног төхөөрөмж, боловсон хүчин чадварлаг, маш сайн байх ёстой.  Төсөл хөтөлбөрийг нийтэд нь дүгнэж хэлэх юм бол сэтгэл жаахан дундуур л байна. Тоног төхөөрөмжийн шинэчлэл дахиад хийж болох л байсан байх.

-Энэ эмнэлэг ямар цар хүрээнд үйлчилгээ үзүүлэх юм бэ?

-Нийт үйлчлүүлэгчдийн 60-70 хувь нь энгийн хүмүүс байдаг. Энэ эмнэлэг бол Монгол Улсын тэргүүлэх эмнэлэг болно. Улаанбаатар хотын Зүүн төвийн бүсийн тулгуур эмнэлэг. Цэргийн эмнэлэгт бүх хутга мэс, хордлого, яаралтай тусламжийг авдаг. Амгаланд осол аваар гарлаа гэхэд яаралтай тусламжийг уг эмнэлэг л үзүүлдэг.