Болд.Л Батхүү.Г 2016.03.29 | Сонин: Өглөөний сонин

“МоАН Санаачлага” говийн аймгуудад салбартай боллоо

“МоАН Санаачлага” говийн аймгуудад салбартай боллоо
“МоАН Санаачлага”-ын Дорноговь аймаг дахь гишүүдийн анхдугаар хурал

“МоАН Санаачлага”-ын Дорноговь аймаг дахь гишүүдийн анхдугаар хурлаа өнгөрсөн долоо хоногт хийсэн.

Дорноговь дахь салбар зөвлөлийн уулзалтад тус аймгийн Тамгын газрын дарга, төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга, ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн байв. Түүнчлэн тус аймагт үйл ажиллагаа явуулж буй төмөр замын салбарын удирдлагууд, намын удирдах ажилтнууд, хэрэг эрхлэх газрын дарга зэрэг 20 гаруй хүний бүрэлдүүнтэйгээр уулзалт, хуралдааныг зохион байгуулсан юм.

Салбар зөвлөл байгуулах зарчмын хүрээнд тэргүүнээ сонгосон бөгөөд АИХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, Дорноговь аймаг дахь иргэдийн хурал дахь АН-ын бүлгийн дарга Ц.Гантулгыг санал нэгтэйгээр сонгосон байна. Мөн тус аймаг дахь “МоАН Санаачлага”-ын гишүүдийн анхдугаар хуралдааны үеэр удирдах зөвлөлийн есөн гишүүнийг сонгож томилсон.

Салбар зөвлөл байгуулахтай холбогдуулан “МоАН Санаачлага”-ын ерөнхийлөгч Л.Болд, Удирдах зөвлөлийн гишүүн Л.Пүрэвбаатар, санаачлагын Дархан-Уул аймгийн тэргүүн Д.Жаргалсайхан нар Дорноговь аймагт очиж гишүүдийн анхдугаар хуралд оролцсон юм.

УИХ-ын гишүүн Л.Болд салбар зөвлөлийн хурлын үеэр “Хор, хог, хов” гурваас Монголын улс төр салах учиртайг тодотгоод АН нэрнээсээ Монголын гэх сайхан үгээ авч хаясанаас хойш ардчиллын даль жигүүр хумигдсан.

Тусгаар тогтнол, ардчилал, өв соёл бол Монголын тулгын гурван чулуу гэдгийг онцолсон юм.

Мөн төрийн албан хаагчдыг нам улс төрийн ажилд оролцохыг хориглодог цаашлаад албан тушаалын байдалтай нь холбож хавчиж, хяхдаг нь улс төрийн эрүүл байдлыг хааж боосон хэрэг болохын дээр үзэл бодлынхоо төлөө явсан хүмүүсийг үзэгний үзүүрээр ажил амьдралгүй болгодог нь санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд нь чөдөр тушаа болдог асуудлыг хурлын үеэр гишүүд хөндөж байсан юм.

Нийгэмд түүчээлдэг эмч, багш, инженер гээд олон арван төрийн албан хаагчдынхаа үг үйлдэл, амыг хаадаг нь нийгмээ урагшлахад хамгийн том саад тотгор авчирдаг учраас бид “МоАН Санаачлага”-д үг, үйлдлээ нэгтгэхийг уриалж байна гэдгийг Л.Болд гишүүн үгэндээ тодотголоо.

Тэрбээр Дорноговь аймгийн салбарын тэргүүн Ц.Гантулгад батламжийг гардуулан өгч ажлын амжилт хүслээ. 
Түүнчлэн тус санаачлагын хамт олон Дундговь аймгийг зорьж, салбар зөвлөлийг байгуулан, анхны хурлаа 200 орчим төлөөлөгчтэйгээр хийж, Удирдах зөвлөлийн бүрэлдхүүнийг томилон, даргаар Б.Цэрэнчунтыг сонгожээ. “МоАН Санаачилга”-ыг үүсгэн байгуулагчдын нэг, УИХ-ын гишүүн Г.Батхүү Дундговь аймгийн салбар зөвлөлийн удирдах бүрэлдэхүүнд батламжийг гардуулан өгч ажлын амжилт хүссэн байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г. Батхүү “Дундговьчууд маань “МоАН Санаачлага”-ын анхны салбар болно гэсэн хүсэлтээ тавьсны дагуу өнөөдөр гэрчилгээ батламжаа авч байна. Өнөөдөр энд 200 гаруй хүн цуглаж, дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хуралд ирсэн хүмүүс гар өргөөд шийдчих биш, өөрсдийн яг үнэн үгээ хэлж, яагаад энэхүү санаачлагад нэгдэх болсон гэдгээ хэлж, ярьж байгаад баяртай байна.

Цаашдаа санаачлагад нэгдсэнээр юуг өөрчилж шийдвэрлэх вэ гэдгээ ч хэлж ярьж байна. Салбар зөвлөлийн хуралдаанд 200 гаруй хүн ирсэн харагдаж байгаа боловч анхны байдлаар 105 хүн энэхүү салбар зөвлөлд нэгдэж байгаагаа илэрхийлж гарын үсгээ зуржээ” гэв.

Дашрамд дуулгахад “МоАН Санаачлага” өнгөрсөн хоёр сарын хугацаанд олон нийтийн дэмжлэгийг хүлээж, хөдөө орон нутагт салбар, нэгжүүд сайн дураар зохион байгуулагдаж байгаа юм. Одоогийн байдлаар Дархан-Уул аймаг анхлан нэгдсэнээс хойш Баян-Өлгий, Хөвсгөл, Дорнод, Дорноговь, Дундговь аймгийн дэмжигчид орон нутагтаа салбар нэгжүүд байгуулсаар байна.