Би албан тушаал гуйж авахгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн Г.Уянга нар “Шударга ёс” эвслээс гарахаа мэдэгдсэн. Ингэснээр УИХ дахь “Шударга ёс” бүлэг, цаашлаад Засгийн газрыг огцруулах эсэх нь таны шийдвэрээс шалтгаалах болчихоод байна. Эхлээд таны байр суурийг сонсох нь зөв байх?
-Би байр сууриа тодорхой илэрхийлсэн. Би хамт олон, ард иргэдээ бодно.
-Ямар ч тохироо хийхгүйгээр үү?
-МАХН долоон гишүүнтэй. Долоохон хүнд албан тушаал нь ихдээд байна шүү дээ. Нөгөөтэйгүүр би албан тушаал авах ёстой хүний нэг. Энэ бол гуйлга биш, зүгээр л зарчим. Би зарчим л ярьж байна.
-Ямар утгаараа тэр вэ?
-Бид ялахын бол хамтдаа ялна. Ялагдахын бол хамтдаа ялагдах учиртай. Наад зах нь, О.Баасанхүү гэдэг хүн ганцаараа УИХ-ын гишүүн байснаараа, эсвэл олуулаа тохиолдолд юу хожих юм. Энэ бол маш энгийн ойлголт, зарчим шүү дээ. Тиймээс л би ядаж найм, арвуулаа болохын төлөө, намынхаа нэр хүндийг өсгөхийн төлөө л явж байна.
-Гэхдээ та яагаад ганцаарчилсан тоглолт хийж болохгүй гэж?
-Би хэзээ ч ганцаарчилсан тоглолт хийж байгаагүй.
-Хэзээ ч үү?
-Учир нь, миний хийх болон хэлэх гэж байгаа зүйл бүгд олон нийтийн өмнө ил байдаг. Би ганцаарчилсан тоглолтыг ойлгохдоо гав ганцаараа яриад байгааг нь биш 10, 20-уулаа нууцаар ярьж, хуйвалдах гэж боддог.
Ингэж л ойлгодог. Өнөөгийн олонх өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганцаарчилсан тоглолт хийж байгаад л зарим гишүүнээ алдсан. Үүнд нь л манай намынхан гомдоод байгаа юм. Шалтгаан нь ердөө л энэ шүү дээ.
Түүнээс биш бид ганцаарчилсан тоглолт хийгээгүй. Одоо хамтдаа ярих, асуудлыг шийдэх цаг нь болсон. Үнэнийг хэлэхэд, ганцаарчилсан тоглолт л энэ намыг унагана.
Шуудхан хэлэхэд, ганцхан миний тоглолтоос болж унахгүй.
-Гэхдээ л танд боломж бий шүү дээ?
-Үнэн, боломж бий. Гэхдээ би “Хамт олон, ард түмнээ бодож байна” гэж хэлсэн.
-Зүгээр л ийм сайхан боломжоос татгалзчихлаа гэж үү. Би хувьдаа итгэхгүй байна?
-Би албан тушаал гуйж авахгүй. Гэхдээ хэзээ ч УИХ-ын дэд дарга болохгүй.
-Шалтгаан нь?
-Маш энгийн. Надад тэр албан тушаалыг хаших хэмжээний туршлага байхгүй.
-Тийм байж. Тэгвэл Эрүүл мэнд, спортын сайд болох сонирхол бий юу?
-Эрүүл мэнд, спортын сайд болж болно. Гэхдээ би хэзээ ч Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй ажиллахгүй. Өөрөөр хэлбэл, “Нэг бол Ч.Сайханбилэг ажлаа өг, эсвэл би сайд болохгүй” гэснээс ялгаагүй. Мэдээж Ерөнхий сайд ажлаа өгөхгүй нь тодорхой. Ийм тодорхой байхад би сайдын албан тушаалд очихгүй.
-Өршөөгөөрэй, тэгээд та яг юу хүсээд байгаа юм бэ?
-Бүлгийн дарга болох сонирхол бол бий. Би бүлгээ аваад явчих мэдлэг, боловсролтой хүн.
-УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга болохыг хүсч байгаа шалтгааныг тань сонирхож болно биз дээ?
-Энэ бол албан тушаал биш. Энэ бол эрх мэдэл ч биш. Зөвхөн үүрэг, хариуцлага, зарчим юм.
-Намынхаа даргад уламжилсан уу?
-Н.Энхбаяр дарга над руу дөрвөн удаа залгасан байсан. Сонсох нь ээ, “Энэ О.Баасанхүү чинь ангийн дайсан болчихсон юм уу, хаашаа юм. Миний утсыг авахгүй юм” гэж гомдоллосон байна лээ.
-Яагаад яриагүй юм бэ?
-Н.Энхбаяр дарга бид хоёр ажил хэргийн шугамаар л холбогддог. Түүнээс биш өдөр болгон нэгнийхээ амар мэндийг асууж залгадаггүй. Би ч тийм зантай хүн биш. Дараа нь утсаар ярьсан ч тухтайхан ганц удаа ч уулзаагүй. Тэр битгий хэл, гадагшаа явсныг нь ч мэдээгүй л сууж байлаа.
-Тэгэхээр та ямар ажлаар явсныг нь мэдээгүй байх нь ээ?
-Намын дарга эмнэлгийн хяналтад тогтмол байдаг. Эмнэлгийнхээ үйлчилгээг авахаар л явсан байх гэж бодож байна. Түүнээс биш нарийн асуудлыг нь мэдэхгүй.
-Хэзээ эх орондоо ирэх бол?
-Мэдэхгүй.
-Н.Энхбаяр даргыг эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж байгаа. Гэтэл тэр хүн хил даваад явчихлаа. Ийм зүйл байж болно гэж үү?
-Хуулийнхан гадаад, дотоодод байгаагаас нь үл хамаарч хийх ёстой ажлаа л хийнэ биз. Ер нь бид нэг зүйлийг бодох хэрэгтэй.
-Юуг тэр вэ?
-Улс төрийн хэрэг гэж огт байдаггүй. Харин улстөрчийн захиалсан хэрэг гэж бий. Өөрөөр хэлбэл, улстөрчийн тэжээдэг ноход нь хэн нэгнийг хавчих, шахах, гадуурхах зорилгоор хэлмэгдүүлэхийг л хэлээд байгаа юм. Үнэхээр ийм зүйл болчихвий гэж иргэд айж байна. Тиймээс хуулийн байгууллага хуулиа мөрдөж, хуулийг л хэрэгжүүлэх л ёстой.
-Тэр мэдээжийн асуудал. Хууль, хяналтынхан танай намын дарга Н.Энхбаярын ялын хугацаа дуусаагүй, өөрөөр хэлбэл улс төрийн өндөр албан тушаал хаших, сонгуульд нэр дэвших боломжгүй гэх тайлбарыг хийсэн. Журмын нөхөд тань эсрэг байр суурьтай байгаа. Харин та хууль ч мэргэжилтэй хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Ял шийтгэлийн хувьд бол ямар ч ялгүй болсон. Тэр битгий хэл өмнө нь шүүхээр ял аваагүй мөртлөө сонгуульд өрсөлдөж чадаагүй. Одоо нөхөд Н.Энхбаяр даргын шүүхээр ял авсан асуудлаар далимдуулж, сонгуульд оролцуулахгүй л гэсэн болхи санаа шүү дээ.
Ингэснээрээ тэд ганц Н.Энхбаяр бус бүхэл бүтэн нам, намын дэмжигчдийг яллаж байгаатай утга нэг. Үүнийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, эсэргүүцэх болно.
-Таныг “Женко” Х.Баттулгын хүн гэж ярих боллоо. Үүнд та тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Би Х.Баттулгын хүн биш гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
-Тэгвэл хэний хүн юм бэ?
-Би бол Монголын ард түмний хүү. Ингэж утгагүй зүйл ярьж иргэдийг талцуулахаа болих хэрэгтэй. Би хууль хаана зөв үйлчилнэ тэр газарт л зогсоно. Би зөвхөн ард түмнийхээ эрх ашгийн төлөө зогсоно. Ийм л зарчимтай.
-Таныг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлт тавьсан гэж сонслоо. Ямар асуудлаар уулзахыг хүссэн юм бэ?
-Ерөнхийлөгчид уулзах хүсэлт тавьсан. Учир нь, сүүлийн үед хууль хяналтын байгууллагатай холбоотой олон асуудал гарч байна. Хамгийн наад зах нь, нялх хүүхэдтэй эх хүнийг хорьж байна. Надад тэр эмэгтэйн зөв, бурууг шүүх эрх байхгүй.
Зүгээр л хуулийг хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хуулиараа хоёр нас хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйг хорж болохгүй. Хууль нь өөрөө болохгүй гэж заасан байдаг. Энэ мэт өнөөгийн нийгэм, улс төрд болоод байгаа хууль бус үйлдлийг өөрийн биеэр уламжлахыг хүссэн. Яах вэ, би бол хүлээцтэй хүн. Бүх зүйлийг л хуулийн хүрээнд явуулахыг хүсч байна.
-Ерөнхийлөгч таны хүсэлтийг хүлээж авах болов уу?
-Мэдэхгүй. Гэхдээ тэр хүн жиргээчидтэй уулздаг л юм билээ. Одоо УИХ-ын гишүүнтэйгээ уулзахад юу нь болохгүй гэж.
-Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана. Гэхдээ хэзээ мөдгүй хаврын чуулган нээлтээ хийх гэж байхад ээлжит бус чуулганыг хуралдуулах болсон нь ямар нэгэн шалтгаантай юу. Та хэрхэн харж байна вэ?
-Хэлэлцэх асуудал нь нээлттэй бий. Ээлжит бус чуулганыг хуралдуулах эрх нь УИХ-ын дарга З.Энхболдын мэдлийнх. Гэхдээ хойшлуулашгүй асуудлаар ээлжит бусыг товлодог.
Харамсалтай нь, тэрхүү хойшлуулашгүй асуудал юу болох нь тодорхойгүй. Хэрэв цөмийн хог хаягдлыг булшлах асуудалтай холбоотой бол ноцтой зүйл. Монголчууд дэмжихгүй. Тийм ч болохоор би байр сууриа хатуу илэрхийлнэ.
-Дэмжихгүй гэдгээ юу?
-Яг зөв. Ганц би ч биш бид дэмжихгүй. Монгол Улс маань хогийн цэг биш. Байх ч ёсгүй.
-Тэгэхээр таныг УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанд оролцохгүй нь гэж ойлгож болно биз дээ?
-Зөвхөн ирцэнд оролцохгүй. Гэхдээ чуулганы хуралдаанд сууж байр сууриа илэрхийлнэ. Учир нь, Ногоон намаас миний нэр дээр албан ёсоор бичиг ирсэн. Надад ирүүлсэн бичгээ ч гэсэн “Шударга ёс” эвсэлд өгсөн юм билээ.
-Яг ямар учиртай бичиг ирүүлсэн гэж вэ?
-Маргааш /өнөөдөр/ хуралдах ээлжит бус чуулганаар Цөмийн хог хаягдлыг булшлах урьчилсан нөхцөлийг бүрдүүлсэн конвенцид нэгдэх асуудлыг хэлэлцэнэ.
Үүнийг Ногоон нам эсэргүүцэж байгаагаа уламжилсан. Гэхдээ дэлхий нийтэд “Шар нунтаг гаргаж байгаа бол хогоо тухайн улс нь өөрөө ав” гэсэн зарчим бий. Нөгөөтэйгүүр манай улс өнөөдөр ямар хяналт, нөхцөлтэй билээ.
-Гол агуулга нь юу байв?
-Нэгдүгээрт, танай бүлэг битгий энэ асуудлыг дэмжээч ээ. Боломж байгаа бол бүлгийнхээ байр суурийг хатуу гаргаач ээ, ирцэнд нь битгий орооч ээ гэж хүссэн.
Энэ дагуу би бүлгийн даргад албан бичиг явуулсан. Ногоон нам хүсэлт явуулахынхаа хажуугаар байр сууриа ч хатуухан илэрхийлсэн. Хэрвээ дэмжих аваас бид МАХН-тай ярилцаж байгаа бүх хэлэлцээрээ зогсооно гэсэн.
Би үүнд маш их санаа зовж байна. Учир нь, манай нам АН, МАН-тай эвсэж болно. Ногоон намтай ч эвсэж, эсвэл дангаараа ч сонгуульд оролцох боломжтой. Гэтэл нэг гарц маань хаагдана гэдэгт л эмзэглэж байна. Үнэхээр зөв зүйл биш л дээ. Тийм болохоор УИХ-ын гишүүн, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, иргэн хүнийхээ хувьд үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй.