2016.08.31

Ю.Цэдэнбал агсны асуудал бидэнд олон санамж, сургамж өгсөн

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийн баталсан. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлж байсны нэг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү байлаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

“МАН-ынхны хийсэн лайг Монголын төр үүрч байна. Байшингаа шатаалгасан гээд мөнгө авсан. Одоо болохоор даргыгаа хэлмэгдүүлсэн гээд мөнгө авах гэж байна. Ю.Цэдэнбалыг Оросууд биш намын нөхөд нь хэлмэгдүүлсэн байдаг. Ю.Цэдэнбал агсны асуудал бидэнд санамж, сургамж болж байгаа шүү. Ойг тэмдэглээд өнгөрүүлэх биш энэ тогтоол цааш үргэлжлэх ёстой гэж бодож байна” гэх зэргээр өөрийн байр сууриа илэрхийлэхийн сацуу МАХН байснаа МАН болгон өөрчилж өөр намын түүхийг өөрсдөдөө нааж байгааг эрс шүүмжилж, асуулт асуусан юм.  

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд

“Ю.Цэдэнбал агсныг аль нэг намын харьяаллаар нь бус төр, нийгмийн нэрт зүтгэлтэн гэдэг утгаар нь түүний мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр тогтоолын төсөл боловсруулсан” гээд Ю.Цэдэнбалыг цагаатгах асуудлаар тавьсан гишүүний асуултад хариу тайлбар өглөө.