Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна
2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр УИХ-ын Ч.Хүрэлбаатар нарын 31 гишүүн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн.
Энэхүү тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулсан. Уг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажилласан байна. Улмаар 2016 оны 8 дугаар сарын 25-нд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгээс гаргасан төслийг бүхэлд нь өөрчлөн найруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн байна.
Энэхүү шинэчилсэн тогтоолын төсөлд Төрийн байгуулалтын байнгын хорооны өгсөн санал, дүгнэлтийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж, хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат чуулганы индэрээс байнгын хорооны санал, дүгнэлтийг уншиж танилцууллаа.