2016.08.30

Анхны утга агуулгыг хэвээр үлдээлээ

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхийг Төрийн байгуулалтын байнгын хороонд даалгасан.

Тэгвэл үдээс хойших хуралдаанаар тус хорооноос эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухайгаа танилцууллаа. Ингэхдээ тогтоолын төслийн анхны утга, агуулгыг хэвээр үлдээж, учир дутагдалтай үг хэллэгийг засч, сайжруулсан байна.

Тогтоолын төсөлд Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Юмжаагийн Цэдэнбал агсны амьдрал, үйл ажиллагааны талаарх түүхэн үнэнийг ард түмэнд сурталчлан таниулж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх арга хэмжээ авах, Юмжаагийн Цэдэнбал агсны музейг байгуулах арга хэмжээ авч төрөөс түүнд болон эхнэрт нь олгосон шагнал, бэлэг дурсгал, эдэлж хэрэглэж байсан зүйлсийг уг музейд байрлуулах талаар тусгасан байна.