Даваасүрэн.Ц 2009.12.18

Ц.Даваасүрэн: Гаргах бондын хэмжээ, хугацааг л УИХ тогтооно

Төрийнх болгож, харъяаллыг нь өөрчилсөн “Зоос” банкны үйл ажиллагааг дэмжих зорилгоор Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн бонд гаргах эсэх асуудлыг УИХ хэлэлцэж байгаа. Өчигдөр уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороогоор хаалттай хийв. Сангийн сайд С.Баярцогт бондтой холбоотой зарим мэдээлэл нууцын зэрэглэлд багтана гээд хаалттай хуралдах санал гаргасан юм.
Байнгын хороо хаалттайгаар хоёр цаг орчим хуралдсаны дараа дарга Ц.Даваасүрэнгээс нь зарим зүйл тодрууллаа.

-Гарч болзошгүй эрсдэлийн талаар тодруулах хэрэгтэй байгаа, гэтэл ийм мэдээллийн зарим нь нууцын зэрэглэлд багтсан учир хаалттай хуралдлаа. Бонд гаргахыг Байнгын хороо дэмжсэн. Гэхдээ Төрийн банк байгуулах ажил хууль, эрх зүйн хувьд хэрхэн өрнөснийг тодруулах, мөн хариуцлагын талаар ярих хэрэгтэй гэсэн саналыг гишүүдхэлсэн. Бонд гаргах нь хариуцлагаас мултрах үндэслэл болохгүй. Тиймээс үүнийг тусад нь авч үзье гэж тохирлоо.

-100 тэрбум төгрөгийн бондыг хэдий хугацаанд, ямар хүүтэй гаргах бол?

-Хугацаа, хэмжээг нь УИХ шийднэ. Хүү нь зах зээл дээрээ, арилжаагаараа зохицуулагдах учиртай.

-Хадгаламж, харилцах дансанд төрөөс баталгаа гаргачихсан. Үүнийг хүчингүй болгох саналыг зарим гишүүн хэлж байгаа. Энэ талаар ярилцав уу?

-Хуулийг хэтэрхий яарч гаргасан гэх байр суурьтай гишүүд бий. Нөгөө талаас банкуудын хариуцлагыг зааж өгөөгүй учир нэмж сайжруулах шаардлага байгаа.

-Томоохон зээлдэгчдийн талаар ямар арга хэмжээ авах вэ?

-Монголбанкнаас томилсон эрх хүлээн авагч нар хөөцөлдөж, шүүхэд өгөх байх.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.