Ц.Даваасүрэн: Намын даргын асуудлыг ярих хэрэгтэй цаг алдаж болохгүй
2010.03.12

Ц.Даваасүрэн: Намын даргын асуудлыг ярих хэрэгтэй цаг алдаж болохгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, МАХН-ын "Уламжлал шинэчлэл, ардчилал шударга ёс" жигүүрийн ерөнхий зохицуулагч Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

-Танай жигүүрээр сонин юу байна. МАХН-ыг шинэчлэх үйл явц жигүүрийнхний санасан хэмжээнд хүрээгүйгээс дараагийн алхмаа хийхээр төлөвлөж байгаа гэсэн яриа байна?

-Намын шинэчлэлийн талаар жигүүр үнэлэлт өгснөөс иргэд, намын гишүүд, дэмжигчид энэ талаар хэрхэн үнэлж байгааг харах нь илүү чухал болов уу. "Иргэдээ сонсъё" аяны хүрээнд иргэдийн дунд хийсэн судалгаагаар 80 хувь нь МАХН шинэчлэлээ үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, намын шинэчлэлийн талаар МАХН-ын XXV Их хурлаас тавьсан зорилтуудын хэрэгжилт хангалтгүй учир иргэд ийм дүгнэлт хийж байна. Их хурлаараа тодорхойлсон сул талуудыг өнөөг хүртэл бүрэн залруулж чадаагүй байна. Товчоор хэлбэл, шинэчлэлийн талаар тавьсан зорилтууд амьдралд ажил хэрэг болох нь удаан байна гэсэн үг юм. Энэ нь жигүүрийнхнийг идэвхжүүлэх нэг нөхцөл боллоо. Бид улс орны хэмжээнд, намын хүрээнд баримтлах зургаан гол зорилго, зарчмаа тодорхойлж олон нийтэд танилцуулаад байна.

Жигүүрийн хувьд Боловсролыг эрхэмлэсэн хөгжлийн загварыг сонгох, шилдгээ сонгож ажиллуулдаг боловсон хүчний тогтолцоог бий болгох, хариуцлага, ёс зүйтэй төрийг төлөвшүүлэх чиглэлээр ажиллах хэрэгтэй. Энэ зарчим тунхгийн шинж чанартай цаасан дээр үлдэхгүй гэдэгт итгэж болно. Ажил хэрэг болгохын төлөө тууштай явна. Тухайлбал, жигүүр төрийн албанд үүргээ хэрхэн гүйцэтгэж байгааг үнэлж цэгнэдэг, хариуцлага тооцдог болгохыг өндөр дээд албан тушаалтнуудаас шаардах болно. Хүний муу үзэх гэсэн хэрэг биш нийгмийн нийтлэг эрх ашгийг дээдэлдэг төртэй байхын төлөө юм. Жигүүрийг зөвхөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг гэж ойлговол өрөөсгөл юм. Удахгүй аймаг, орон нутагт хүрч ажиллахаар төлөвлөж байна.

-МАХН-ын Бага хурлын тов хойшиллоо. Үүнд жигүүрийнхэн ямар байр суурьтай байна?

-Хардахаасаа өмнө намын даргыг оролцуулах, бэлтгэл ажлыг хангахтай холбон ойлгож байгаа.

-Бага хурлыг хойшлуулснаар одоогийн дарга, удирдлагууд даг хожиж байна гэж үзэх хэсэг байна. Ингэснээр намын даргын асуудал, шинэчлэлийн эрчийг сулруулах, өөрчлөх боломж байна уу. "Эвсэл, холбоо, хөдөлгөөнүүдтэй гээд...?

-Намын удирдлагын зүгээс шинэчлэл хийх хүсэл эрмэлзлэл байгааг үгүйсгэж болохгүй. Харин судлах гэж цаг алдаад, дорвитой алхам хийж чадахгүй сонгуультай тулчих байх гэсэн болгоомжлол байна. Иргэдийнхээ дэмжлэгийг авч чадахгүй сонгуульд муу дүн тавиулбал бүгдээрээ хохирно. Намын даргын асуудлыг ярилгүй цаг алдаж болохгүй. Энэ нь намын даргын албан тушаалын нэр хүнд, үүрэх хариуцлагыг бууруулж байна. Олонх болж иргэдийнхээ итгэлийг хүлээсэн намын даргын ажилд төрийн ажлаас чухал биш байдлаар хандаж болохгүй гэж иргэд шүүмжлээд байна.

-МАХН-ын дарга удаан хугацаагаар гадаадад байгаа нь Засгийн газрын ажилд нөлөөлж, улс орны хөгжлийг тодорхойлоход бэрхшээлтэй байгаа гэсэн хэл ам тасрахгүй байна, Үүнээс болж намын дарга, Ерөнхий сайдын албыг нэг хүн хаших нь зөв гэсэн бодолтой хүмүүс олширсон. Нам дотроо нэлээд хүч авсан жигүүрийн даргын хувьд ямар байр суурьтай байна?

-Хэдийгээр Ерөнхий сайдын албаа өгсөн ч гэлээ олонх болсон намын тэргүүний хувьд сөрөг нөлөөлөл байж болохыг үгүйсгэхгүй. Улс төрийн шийдвэр гаргахдаа намын даргатай зөвшилцөх хэрэг гардаг бололтой юм. Зарим зүйлд намын даргатай зөвшилцөнө гэх зүйл цухалздаг. Дандаа гар утас, интернэтээр яриад, байж яаж болохов. Намын дарга, Ерөнхий сайдын албыг хавсаргах нь зүйтэй гэсэн хүн одоо өөр байр суурьтайболлоо гэж шүүмжилж дарга өөртөө ашигтай нөхцөл байдлыг чухалчлаад байвал нийтлэг эрх ашиг хохирно. Тухайлбал, хамтарсан засаг байгуулснаар улс орон мэдэгдэхүйц хөгжөөд манай намын рейтинг. дээшлээд байгааг олж харахгүй байна. Харин ч нөгөө цөөнхийгөө бөөцийлөх гэсээр байгаад өөрсдөө илүү их хохирол амсч байна.

-Улс төрийн намуудын удирдлагад ажиллаж байгаа болон өндөр дээд албан тушаалд хүрсэн хүмүүс бүх л асуудлыг мөнгөний хүчээр хийж өөрт ашигтай хувилбараар шийдэж байна. МАХН-д ийм зүйл ёс юм шиг боллоо?

-Таны хэлсэнтэй санал нийлэхгүй байна. Мөнгө өгөөд сонгуульд санал. авчихна гэсэн бодолтой хүмүүс аль ч улс төрийн хүчинд байгааг үгүйсгэхгүй. Иргэдийн итгэл алдраад, ерөнхий хандлага нь эргэчихвэл нам сонгуульд яаж ч оролцоод нэмэргүй. Тэр тусмаа ганц хүн бүр ч барахгүй. Нэг үнэн зүйл бидний амьдралд байна. Өндөр албан тушаалд хүрсэн хүмүүсийн мэлмий сохордог. Цөөн хэсэг хүн л ингээд байгаа юм гэж шүүмжлэлийг огт хүлээж авахгүй байсаар бусдыгаа чирээд дуусдаг.

-Улс төр, бизнесийн олигархижсан бүлэглэл Монголын улс төрийн өнгийг тодорхойлж байна гэдэгтэй санал нэгдэх үү?

-Ийм зааг дээр ирсэн байна. Улс, эх орон, иргэдийн нийтлэг эрх ашиг гэхээс илүү бизнесийн сонирхол давамгайлах болжээ.

Хамгийн тод жишээ нь байгалийн баялгийнхаа дийлэнх ашгийг гадаадынханд найр тавьж өгсөн Оюутолгойн гэрээ. Дэлхийд тэргүүлэх баялаг ордоороо найр тавина гэж юу байхав дээ. Төрийн бодлого нь цэгцтэй улс орнууд байгалийн баялаг дахиж ургадаггүй, нөхөгддөггүй, нэг удаа ашиглагддаг учраас өндөр татвартай, нийтийн эрх ашгийн төлөө зарцуулагддаг гэдгийг мэдэж, хэрэгжүүлдэг. Харин бид гэнэтийн ашгийн татвараа хүртэл цуцаллаа Харийнхан бидний төлөө илүү санаа тавьж, улс орныг маань хөгжүүлнэ гэвэл дэндүү гэнэн ойлголт. Тэдний ашиг олох сонирхлыг бид зөв хязгаарлах ёстой.

-МАХН доторх холбоо, хөдөлгөөнүүд задарсан. Үүнийг нөлөө бүхий хотын фракц өөдөөс нь том дуугарсан хүмүүсийн амыг албан тушаал, мөнгөөр   барьж юм. Жигүүр яагаад өдийг хүртэл яваад байна?

Нам олон түмний итгэлийг бүрэн төгс хүлээж шинэчлэгдсэн цагт жигүүр үйл ажиллагаагаа зогсооно. Зорилго маань бүрэн хэрэгжээгүй байгаа учраас өдийг хүртэл явсаар ирсэн. Бусад хөдөлгөөнүүдийн хувьд эцсийн зорилго нь өөр байсан юм болов уу.

-УИХ-ын гишүүд өөрсдөдөө 76 тэрбумыг баталсан нь Үндсэн хуулийг зөрчсөн гэдгийг Цэц батлаад УИХ-ын даргад саналаа ирүүлсэн. Төсвийн байнгын хорооны даргын хувьд үүнд хариулт өгөхгүй юу?

-Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн ард түмний төлөөлөл бөгөөд тэдний эрх ашгийг илэрхийлж, Их хурлын хэлэлцүүлгийн явцад санал гаргаж хураалгах бүрэн эрхтэй учраас хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Тухайн тойргийн хөгжил, иргэдийн асуудал гишүүнд хамааралтай, УИХ нийгмийн бүхий л хүрээг хамарсан хууль гаргах эрхтэй байгууллага. Төсөв ч хууль. Гэтэл бусад байгууллагын эрхэнд халдсан гэсэн дүгнэлт гарч байсан юм билээ. Сум, баг, бүсийн асуудал хөндсөн хууль гаргавал доод шатны асуудал авч хэлэлцлээ гэдэггүй биз дээ. Ер нь үүний цаана 2012 онд УИХ-д хүч үзье гэсэн сонирхолтой хүмүүс одоогийн гишүүдийг сонгогчдынхоо талархлыг хүлээчих. вий гэсэндээ ийм бодлого явуулаад байгаа нь нууц биш.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.