Тэрбум төгрөгөө худаг, гүүр барихад зориулж, эко парк байгуулахад хөрөнгө оруулахаар шийджээ
2010.10.20

Тэрбум төгрөгөө худаг, гүүр барихад зориулж, эко парк байгуулахад хөрөнгө оруулахаар шийджээ

Манай сонин УИХ-ын гишүүд нэг тэрбум төгрөгөөрөө юу хийж, тойрогтоо ямар ажил амжуулсныг тодруулж, энэ талаар өөрсдийнх нь яриад байгаа нь үнэн бодитой эсэхийг тухайн нутаг дэвсгэрийн удирдлага, сонгогчдоос нъ асууж уншигчдад хүргэх болно. УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханаас Чингэлтэй дүүрэгтээ ямар ажил хийснийг тодрууллаа.


УИХ-ын гишүүн Г.Баярсайхан Гишүүний нэг тэрбум төгрөг гэж хэлдгийг би таашаадаггүй. Энэ мөнгө бол гишүүний халаасны мөнгө бус иргэдэд улсаас өгч буй хөрөнгө оруулалт. Харин юу хийх вэ гэдгийг л гишүүдээс санал асууж байгаа хэрэг. Би тэрхүү мөнгөөр олон ажил хийсэн. Манай дүүрэгт шийдэх шаардлагатай маш олон асуудал байдаг" гээд хийсэн ажлаа бидэнд танилцуулсан юм.

-Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны 32-р тойргийн орчим нийслэлийн Эрүү нүүрний эмчилгээний төв байгуулах ажилд хөрөнгө оруулахыг дэмжсэн гэв. Энэ ажлын талаар хорооныхноос асуухад "Манай нутаг дэвсгэрт төв барих ажил эхэлсэн ч ашиглалтад орох болоогүй юм билээ. Гэхдээ санаачилга гаргасан, хэн хийж байгааг хэлж мэдэхгүй байна" гэв.

-Дүүргийнхээ 10-12, 14, 17, 18 дугаар хороонд гүүр барихад нэг тэрбум төгрөгөөс зарцуулсан гэв. Түүний сонгогдсон тойрогт гэр хороололд амьдардаг иргэд цөөнгүй учир халуун усны газрыг нэмэгдүүлэх хэрэгтэй байдаг юм байна. Гишүүн дүүргийнхээ 10, 13, 14, 17 дугаар хороонд халуун усны газар байгуулжээ. Энэ тухай 10 дугаар хорооны ажилтнуудаас асуухад "Гүүр барьсан нь үнэн. Гэхдээ яг хэний мөнгөөр барьсныг хэлж мэдэхгүй. Гүүрэн дээр УИХ-ын гишүүн Г.Баярсайханы санаачилгаар нийслэлийн Авто замын газраас барив" гэсэн бичиг бий. Харин халуун усны газар барьсан нь үнэн" гэв. 14 дүгээр хорооны иргэд ч мөн адил хийж гүйцэтгэсэн гэж хариуллаа.

-Чингэлтэй дүүргийн өрхийн эмнэлгүүд машингүйгээс иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх ажил удааширдаг гэж гишүүн хэлээд дөрвөн машин өгснөө дуулгалаа. Тус дүүргийн 12, 17, 18 дугаар хорооны нийгмийн ажилтнуудаас асуухад Т.Баярсайхан гишүүн "аксент" машин авч өгсөн. Иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэхэд ашиглаж байгаа" гэв.

-Дүүргийн нутаг дэвсгэрт орон гэргүй иргэн цөөнгүй байдаг юм байна. Гишүүн нэг тэрбум төгрөгөөсөө нийт 80 иргэнд гэр бэлэглэжээ. Гэр авсан гэх иргэн Н.Хангирмаатай уулзахад "Хэдэн малаа зуданд бараад хотод ирсэн. Тодорхой хийсэн ажилгүй ах дүүсээрээ амьдарч байлаа. Гишүүн Г.Баярсайхан надад таван ханатай гэр өгсөн" гэв.

-Дүүргийнхээ 5,37,39 дүгээр сургуульд компьютерийн анги нээж, цаашдаа онлайн сүлжээнд холбох бодолтой байгаагаа гишүүн дуулгалаа. Сургуулийн захирлууд компьютер өгсөн нь үнэн гээд онлайн сүлжээнд холбуулах талаар ярилцсаныг үгүйсгэсэнгүй.

-Чингэлтэй хайрхан экологийн доройтолд орж, орчин нь бохирдсонд гишүүн анхаарлаа хандуулж, Салхитын аманд эко парк байгуулахаар ажлаа эхлүүлсэн юм байна.

-Төвөөс алслагдсан хороодын гэр хорооллын иргэдийн ундны усны асуудал хүндхэн байдаг. Тус дүүргийн долдугаар хороонд худаг ховор байдаг аж. Иймд Г.Баярсайхан гишүүн хувиасаа 20 сая төгрөг гарган худаг барьсан гэв. Ийм ажил хийсэн эсэхийг хорооныхноос асуухад "Худаг гаргасан нь үнэн. Их ажил амжуулдаг" гээд ам сайтай байлаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.