2009.12.24

С.Баярцогт: Тогтворжуулалтын сан бол болзошгүй эрсдэлээс хамгаалах зохицуулалт

2010 оны төсөв нэлээдгүй шүүмжлэл дагуулсан. Тэр тусмаа гишүүдийн тодотголтой “76 тэрбум”-ыг Ерөнхийлөгч хориглоод ч хүч хүрээгүй. Эрхэм гишүүд төсвийн реформ, сонгуулийн тогтолцоо ярьсаар тойргийн мөнгөө авч үлдэж чадсан. Харин өчигдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанд төсвийн реформын эхлэл болсон Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудын төслийг танилцуулсан байна. Энэ талаар Сангийн сайд С.Баярцогтоос тодрууллаа.

-Хуулийн төсөл боловсруулах үйл явц ямар шатанд явна вэ. Хуралдаанаас ямар шийдвэр гаргав?

-Асуудлыг гурван Засгийн газар дамжуулан хоёр жил хэлэлцэж байна. Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын хуулийг албан бусаар хоёр удаа хэлэлцсэн. Энэ удаа анхны албан ёсны хэлэлцүүлгийг хийлээ. Монголбанк, Vндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас нарийвчилсан саналуудыг авсны үндсэн дээр асуудлыг ойрын үед дахин Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Vндсэн хуулийн дараа орох хэд хэдэн органик хуулиудын нэг нь Төсвийн хууль. Төсвийн хууль нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Нэгдсэн төсвийн болон Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулиудыг нэгтгэсэн том хууль учраас төслийн боловсруулалтын явцад олон асуудал гарна. Энд төсвийн жилийг өөрчлөх асуудал ч яригдаж байгаа. Урьд нь аймгийн Засаг дарга, яамдаас саналыг нь авчихсан. Одоо энэ хуулиа амьдралд яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг төсвийн ерөнхийлөн захирагч нартай ярилцана. Тийм учраас бүх төсвийн ерөнхийлөн захирагч нартай нэг бүрчлэн хэлэлцүүлэг явуулж, ирэх хоёрдугаар сарын эхэнд эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулна. Vүний дараа УИХ-д өргөн барина гэсэн ерөнхий шийдвэрийг гаргалаа.

-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол цоо шинэ хууль. Хуулийн ач холбогдол, агуулгыг товч тодорхойлохгүй юу?

-Манай эдийн засаг уул уурхайн бүтээгдэхүүнээс хамааралтай учраас зэсийн дундаж үнийг тогтвортой тогтоодог байхаар болж, цаашид төсвийн орлогын нэг хувиас өндөр орлого төвлөрүүлэх магадлалтай алт, уран, нүүрс, төмөр зэрэг 4-5 төрлийн ашигт малтмалд урт хугацааны үнэ тавих юм. Улмаар урт хугацааны үнээс дээш гарсан орлогоор тогтворжуулалтын сан бий болгож, тухайн ашигт малтмалын орлогын тасалдлаас болж төсвийн орлого буурсан үед тэндээсээ эргэж нөхдөг зарчим руу шилжүүлье гэсэн юм. Жишээ нь, 2010 оны төсөвт зэсийн үнийг тонн тутамд нь 6800 ам.доллараар баталсан ч бодит амьдрал дээр 7500 болж өсөхийг үгүйсгэх аргагүй. Гэтэл бид ингэж нэмэлт орлогын эх үүсвэр бий боллоо гэхэд төсвийн тодотголоор зарцуулчихдаг шүү дээ.
Ингэхгүйгээр энэ зөрүүг тогтворжилтын сан руугаа хийгээд явах юм. Дэлхийн зэсийн хэрэглээний гуравны нэгээс ихийг гаргаж буй Чили зэсийн үнийг тухайн жилийн бодит үнээр тооцолгүй урт хугацаанд өсөлттэйгээр тогтоодог. Єөрөөр хэлбэл, бодит үнэ, төсөвт тавьсан үнэ хоёрын хооронд ихээхэн зөрөө гардаг учраас эндээс үүссэн мөнгөөрөө тогтворжуулалтын сан бий болгочихдог гэсэн үг. Чилийн энэ санд одоо 20 орчим тэрбум ам.доллар төвлөрөөд байна.

-Тогтворжуулалтын сангийн хөрөнгийг юунд зарцуулах вэ?

-Санд төвлөрсөн бүх хөрөнгийг шууд эдийн засагт оруулаад байвал шингээж чадахаа байж, тодорхой хугацааны дараа хямралыг бий болгодог. Тогтворжуулалтын сан гэдэгойлголт бол бүхэлдээ болзошгүй эрсдэл, өсөлтийн үеийн хэт тэлэлтээс хамгаалах зохицуулалт.

-Энэ удаагийн Төсвийн тухай хуульд зарчмын ямар гол өөрчлөлтүүд тусгагдсан бэ?

-Төсвийг орлого, зарлага, өр гэсэн үндсэн хүчин зүйлүүдээр тэнцвэржүүлэх ёстой гэж үзсэн. Одоогийн төсвийн зохицуулалт алдагдал дээр асуудлаа тавих замаар буюу орлого нэмэгдэхийн хэрээр зарлага нэмэгдэж зөвхөн зарлагын хязгаарлалтаар явж ирсэн. Тийм учраас алдагдлаар нь хязгаарлаж, төсөв дэх зээлийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар зохицуулж байна. Ер нь Төсвийн тухай хуулийн үндсэн агуулга ерөөсөө л орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Нөгөө талаас төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр очиж байгаа төсвийн зарцуулах эрх мэдлийг өргөтгөж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өөрийн төсвийн хүрээнд зохицуулалт хийх эрх нь ерөнхийлөн захирагч нарт очиж байгаа хэрэг. Нөгөө үндсэн зарчим нь төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой. Энэ нь хөрөнгө оруулалтыг зөвхөн жагсаалтаар баталчихаад тендер зарлах, дүгнэх асуудал нь ерөнхий зарчмаар батлагддаг байдлаас татгалзаж, батлагдсан хөрөнгө оруулалтын график бүрийг хуульчлахаар болж байна гэсэн үг. Мөн орон нутгийн татаас, татан төвлөрүүлэлтийг хүнээс хамаарахгүйгээр томъёогоор тогтоодог болъё гэсэн юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.