Гишүүдийн тойрогтоо хийх хөрөнгө оруулалтаас АН-ын бүлэг татгалзах шийдвэр гаргалаа
АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сая хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэрбээр Монгол Улсын 2010 оны төсвийг АН-ын бүлэг хэлэлцсэн талаар мэдээлсэн юм. Одоогоор Байнгын хороод дээр гишүүдийн гаргасан 126 тэрбум төгрөгийн саналыг төсөвт оруулж тооцвол ирэх оны төсвийн алдагдал 12 хувьд хүрэхээр байгаа юм байна. Тиймээс АН-ын бүлэг байнгын хороодоор гаргасан гишүүдийн тойрогтоо хөрөнгө оруулах бүх саналаас татгалзах шийдвэр гаргажээ. Мөн ирэх оноос Хүний хөгжил санд төсвийн орлогын 116.3 тэрбум төгрөгийг шилжүүлж, төсвийн алдагдал таван хувиас хэтрэх гээд байгаа. Тиймээс төсвийн алдагдлын хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний хасах таван хувьд байлгахын тулд урсгал зардлыг танах талаар АН-ын бүлгийн гишүүд тохиролцжээ. Гэхдээ МАХН-ын бүлгийн ажлын хэсэгтэй саналаа эцэслэсэн хойно энэ асуудал нэг тийш шийдэгдэх юм. Б.Солонго