Ч.Сайханбилэг: Монгол улсын иргэн бүр насан туршдаа 1.5 сая хүртэх боломжтой
АН бүлэгийн дарга Ч. Сайханбилэг өнөөдрийн бүлгийн хуралтай холбогуудан мэдээлэл хийлээ.
-Эх орны эрдэнийн сангийн эх үүсвэрийг хаанаас, ямар замаар бүрдүүлэх гэж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Ер нь бол Эх орны эрдэнийн сангийн хуультай холбогдуулаад хэлэхэд маш том дэвшил гарч байгаа. Зөвхөн 2008 оны УИХ-ын сонгуульд оролцсон намуудын мөрийн хөтөлбөрөөр энэ асуудал хязгаарлагдаагүй. Ардчилсан нам анхнаасаа нэг удаа өгөх 1 сая, 1.5 сая төгрөгийн тухай хөндөөгүй. Монгол хүн байгалийн баялгаасаа насан туршдаа хүртэж, амьдралынхаа баталгаа болгох чиглэлээр энэ санг байгуулж, насан туршид нь энэ сангийн хувь эзэмшигч, хувь хүртэгч байхаар хуулийг зохицуулж байгаа нь маш том ач холбогдолтой зүйл болж байгаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсэг тодорхой судалгаануудыг хийсэн. Зөвхөн Оюутолгой, Тавантолгой орд газрыг 2009-2054 он хүртэл ашиглах хугацаанд нийтдээ 25 их наяд цугларах бололцоо харагдаж байгаа. Тийм учраас сан бол цаашид монгол хүн бүрт үр өгөөжөө өгсөн хэлбэрээр ажиллаад байх бололцоотой гэдэг нь харагдсан. Тийм учраас бүлгийн гишүүд энэхүү хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байгаа.
-Тэгвэл санд төвлөрсөн хөрөнгийг иргэддээ ямар байдлаар хуваарилах вэ. Түүнд хэн хяналт тавих юм?
-Үндсэндээ эрүүл мэнд, боловсрол, орон сууц, бэлэн мөнгө гэсэн хэлбэрээр иргэддээ хуваарилалт хийнэ гэж үзэж байгаа. Одоогийн орж ирсэн төслөөр бол бэлэн мөнгөний хэмжээ 3/1-ээс илүүгүй байна гэж яригдаж байгаа. Бусад зориулалтыг нь Засгийн газраас стратегийн орд газрууд тухайн жилдээ хэдий хэмжээний ашигтай ажилласан бэ гэдгээс шалтгаалж, жил бүр зарлан, иргэн бүртээ хэдий хэмжээний хөрөнгийг хуваарилах талаар мэдээлэх юм. Нэг ёсны Засгийн газар нь хүмүүст ногдол ашгаар хэдий хэмжээний мөнгө олгох вэ гэдгээ шийдэж, хуваарилна. Тэгэхээр иргэн бүрт хуваарилах ашиг жил бүр янз бүр байна. Одоо байгаа хуулийн төслөөр бол стратегийн орд газруудын орлогын албан татвараар орж ирж байгаа мөнгөний 25-иас доошгүй хувийг, дээрээс нь газрын баялаг ашигласны нөөц төлбөрийн 50 –иас доошгүй хувийг, урьдчилгаа болон зээлээр орж ирж байгаа мөнгөнөөс бүрдүүлнэ гэж тооцоолж байгаа. Явцын дүнд эцсийн хувилбар гарч ирнэ.
-Хүн амын бүртгэлийг сайжруулахтай холбоотойгоор эхний ээлжинд хүн бүрт 50 мянган төгрөг олгох тухай асуудал хөндөгдөж эхэллээ. Энэ тухай бүлгийн хуралдаанаар ярьсан уу. Удахгүй Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр дамжин орж ирэх урьдчилгаа 100 сая доллар орж ирнэ. Мөн энэ хөрөнгийг юунд зарцуулах вэ?
-Шинэчилсэн бүртгэлийн тухай хуулийн төсөл орж ирэхээр 50 мянган төгрөгийн асуудлыг хэлэлцэнэ. Бидний саяны ярьсан хуулийн төсөл маань 50 мянгаар хязгаарлагдаагүй, 1.5 саяар хязгаарлагдаагүй 2012 оны сонгуулиар хязгаарлагдаагүй, хамгийн өргөн утгатай асуудлыг хөндсөн. Бүртгэлийн 50 мянган төгрөгийн асуудал бол өөрөө саяны ярьсан асуудлын хажууд үнэхээр жижиг асуудал явцын дүнд шийдвэрлэнэ. Тийм учраас Эх орны эрдэнийн сангийн хуулийн төслийг дэмжээд УИХ-д оруулах гэж байна гэдэг нь өнөөдрийн хувьд хамгийн чухал мэдээ болов уу гэж бодож байна. Бусад асуудлын хувьд бүлэг дахин ярилцаж, саналаа нэгтгэх ёстой. Үүний дараагаар асуудал тодорхой болно.