АН Л.Гүндалайн асуудлаар байнгын хорооноос завсарлага авлаа
Өнөөдөр үдээс өмнө хуралдахаар зарласан УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос УИХ-ын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр гаргасан шийдвэрийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Гэвч УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг байнгын хорооны хуралдаанаас завсарлага хүссэнээр хуралдаан хойшиллоо.
АН-ын бүлэг завсарлага авч буйн учрыг Ч.Сайханбилэг дарга тайлбарлахдаа:
-УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны 10 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн Цэц их суудлын хуралдаанаараа Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд санал нэгтгэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан нь өөрөө Үндсэн хууль болон бусад хууль зөрчсөн шийдвэр болсон.
Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн оны эцсээр дунд суудлын хуралдаанаараа дээрх шийдвэрийг гаргасан бөгөөд УИХ түүнийг хэлэлцэж шийдвэрээ гаргаагүй байхад дахин их суудлын хуралдаан хийж, дүгнэлт гаргасан нь хууль бус болсон гэлээ.
Цаашид УИХ-ын бүтцийн аль нэг байгууллага ажлын хэсэг гарган Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэлэлцэх шаардлагатай байгааг АН-ын бүлгийн дарга хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.