Өвөрхангай аймгийн Төрийн бус байгууллагуудын сүлжээнээс “Шударга ёсны тогтолцоог өөрсдөө бий болгоцгоое” уриаг гаргалаа
Авлигаас урдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Өвөрхангай аймгийн Төрийн бус байгууллагуудын сүлжээнээс ““Шударга ёсны тогтолцоог өөрсдөө бий болгоцгооё” гэсэн уриалга гаргажээ.
Уг уриалгаа хэрэгжүүлэхээр Өвөрхангай аймгийн Төрийн бус байгууллагуудын сүлжээнийхэн төрийн байгууллага, төрийн албан хаагч, Төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн ажил олгогч эзэд, бизнес эрхлэгчдийн төлөөллийг оролцуулан “Бүгдээрээ шударга ёсыг өөрсдөө бий болгож, авлигаас ангид, төрийн үйлчилгээг ил тод, хөнгөн шуурхай хүнд сурталгүй авч байхын төлөө хамтран ажиллах” болсноо орон нутгийнхаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр аймгийнхаа иргэд, олон нийтэд албан ёсоор зарлан танилцуулсан байна.
Авлигатай тэмцэх газар аймаг болгонд авлигаас урдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Төрийн бус байгууллагуудын сүлжээний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилладаг. Тиймээс Авлигатай тэмцэх газар Өвөрхангай аймгийн Төрийн бус байгууллагуудын сүлжээнээс санаачилсан “Шударга ёсны тогтолцоог өөрсдөө бий болгоцгоое” гэсэн энэхүү уриалгыг дэмжин бүх талаар хамтран ажиллах юм.
Өнөөдрийн нийгэмд хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа шударга ёсны тогтолцоог өөрсдөөсөө эхлэхээр болсон Өвөрхангай аймгийн Төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, төрийн бус байгууллагынхан энэхүү ажлынхаа зорилгыг аймгийнхаа төрийн захиргааны болон орон нутгийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангах, хүнд сурталын эсрэг хамтран ажиллах, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, иргэн бүрээ төрийн үйлчилгээг авахын тулд өөрсдөө төрийн ямар байгууллагаас ямар шалтгаанаар ямар үйлчилгээг хэрхэн авч өөрийн хэрэгцээгээ хангах талаар зохих мэдлэгтэй болгоход чиглүүлжээ.
“Шударга ёсны тогтолцоог өөрсдөө бий болгоцгооё” гэсэн уриан дор авилгаас урьдчилан сэргийлэх ажлыг төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшилтэйгээ хамтран хийхээр болсон Өвөрхангай аймгийн Төрийн бус байгууллагуудын сүлжээнийхэн цаашид ямар ажлуудыг зохион байгуулахыг Авлигатай тэмцэх газрын Урдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Ж.Төмөрхуягаас тодруулахад,
-Төр, төрийн байгууллагуудын ил тод нээлттэй байдлыг хангахад чиглэгдсэн мониторинг хийх шаардлагатай байгууллагуудыг тодорхойлох, төрийн байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт үнэлгээ хийх, төрийн үйлчилгээнд хийсэн мониторингийн дүнг аймгийн ИТХ болон аймгийн засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, олон нийтэд мэдээлж байх, иргэдээс төрийн үйлчилгээний талаарх мэдээлэл авах хайрцаг ажиллуулах, иргэдээс ирсэн мэдээллийн дагуу нээлттэй хэлэлцүүлэг, хэвлэлийн бага хурал зохион байгуулах, авилгаас урьдчилан сэргийлэх уриалга, зөвлөмж гаргах, төрийн албан хаагчийн ёс зүй, нийгмийн хариуцлага, нийтийн захиргаа, иргэдийн оролцоо сэдвээр багийн ИНХ, багийн засаг дарга, багийн иргэдийн дунд сургалт зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн байна лээ.
Авлигатай тэмцэх газар Өвөрхангай аймгийн Төрийн бус байгууллагуудын сүлжээнээс санаачлан аймгийнхаа төрийн захиргааны байгууллага, хувийн хэвшилтэйгээ хамтран хэрэгжүүлэх энэ уриалга, ажлыг бүх талаар дэмжин, арга зүйн зөвлөмж өгч хамтран ажиллана гэлээ.
Өнөөдрийн нийгэмд шударга ёс, шударга байх, шударгаар ажиллаж амьдрах гэдэг зүйл бараг байхгүй болтлоо бүдгэрсэн. Тиймээс хүн болгон шударга ёсыг үгүйлдэг, шударга байя гэж ярьдаг болсон. Хүмүүсийн өрөөлөөс хайж, өрөөлөөс шаарддаг шударга ёсыг өөрсдөөсөө эхэлж бий болгож, тогтооё гэж Өвөрхангай аймгийн Төрийн бус байгууллагуудын сүлжээнийхэн улс орон даяар түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой ийм ажлыг эхлүүлжээ.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс даяар хийж хэрэгжүүлэх том ажлыг Өвөрхангай аймгийн Төрийн бус байгууллагын сүлжээнийхэн эхлүүлээд байна.