Ерөнхийлөгч авилгалтай тэмцэх санаачилгыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ
2009.07.30

Ерөнхийлөгч авилгалтай тэмцэх санаачилгыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ

Транспэрэнси интернэшнэл Монгол ТББ-ын Гүйцэтгэх захирал хатагтай С.Дүгэрсүрэн өнөөдөр МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхлаа.


Уулзалтын үеэр Транспэрэнси Интернэшнэл Монгол ТББ-ын тэргүүн хатагтай С.Дүгэрсүрэн хэлэхдээ,
- Манай байгууллага нь 2003 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Авилгатай тэмцэх асуудлаар бид олон нийтэд хандсан өргөн хүрээтэй ажил явуулах хүсэлтэй байгаагаа уламжлах зорилгоор Ерөнхийлөгч Танд уулзах хүсэлт тавьсан юм гээд, цааш нь хэлэхдээ:
- 2009 онд Дэлхий нийтийн авилгалын барометр гарсан, Энэ баримт бичигт Монгол улс маш доогуур үзүүлэлттэй гарсан. Энэ баримт бичигт дурдагдсанаар бол монголын шүүх болон цагдаа авилгад хамгийн их өртдөг гэж дурдагдсан байгаа. Мөн монголчуудын 30-аас доош насны иргэд авилгалыг бусдад ихээр өгдөг гэсэн анхаарал татахуйц мэдээлэл энэ баримтад орсон.
Хэрэв бид эрх зүйн хүрээнд шинэчлэл хийж чадвал энэхүү доогуур үзүүлэлтийг сайжруулах боломжтой гээд энэ талаар амжилт олсон зарим орны жишээг дурдаж байлаа.
Мөн тэрээр,
-Шүүгчийн ёс зүйн талаархи НҮБ-ын зарчмыг англи хэлнээс орчуулж хэвлэлд тавьсан. Энэ зарчмын жишгээр монголын шүүх шударга сайн ёс зүйн дүрэмтэй болно.
Энэ чиглэлээр Улсын Дээд Шүүхийн Ерөнхий Шүүгчийн байгуулсан ажлын хэсэг тэй хамтран ажиллаж байгаа Ирэх 12-р сард Шүүгчдийн Зөвлөлөөс батлах байх гээд мэдээллийн эрх чөлөөний хуулийг шинээр өргөн барих асуудал, аудиторуудад мөрдөн байцаах эрх олгох тухай асуудлыг дэвшүүлэх, мэдээлэгчийг хариуцлагаас чөлөөлөх тухай хуулийн заалтыг Эрүүгийн хуулиас хассаныг эргэн харах зэрэг нь авилгын эсрэг тэмцэхэд чухал байх болно гэсэн саналыг тавьж байлаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус байгууллагын үйл ажиллагааг бололцоотой бүх л хэлбэрээр дэмжинэ гэдгээ хэлээд,
- Энд таныг хүлээн авч байгаагийн учир нь миний хувьд өмнө нь Ерөнхий сайд байх үеэсээ авилгалтай тэмцэх асуудлыг чухалчлан үзэж, Авлигалын эсрэг НҮБ-ын Конвенцэд нэгдэн орох санаачилгыг дэвшүүлж ирсэнтэй холбоотой юм.

Бид энэхүү Конвенцэд нэгдэн орсон нь эхний алхам болсон. Цаашид та бүхний зүгээс Авлигалтай тэмцэх газрын үйл ажиллагаанд мониторинг хийвэл хэрэгтэй байна гэж зөвлөлөө.

Мөн Ерөнхийлөгч Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенцэд байгаа заалтуудыг Эрүүгийн хуулинд оруулаагүй байгаа болон авилгатай тэмцэнэ гэж ярьсаар байгаа боловч авилга гэсэн гэмт хэрэг хуулинд байхгүй, авилгыг ялгаж ойлгох ойлголт ч бүрэн төлөвшөөгүй байгаа тухай тэмдэглэн хэллээ.

Уулзалтын үеэр Авилгалын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэх үүднээс Монгол улсын Эрүүгийн хуульд нэмж оруулах 10-аад зүйл анги байгаа тухай асуудал хөндөгдөж, Ерөнхийлөгчийн зүгээс авлигын эсрэг тэмцэхэд санаачилга гарган ажиллаж байгаа Трансперенси Интернэшнл Монгол байгууллагын ажлыг дэмжиж ажиллах болно гэдгээ хэллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.