Нийгмийн баялгаас алба тушаалд ойрхон нь биш ажил хөдөлмөр хийж, түүнийг бүтээж байгаа нь илүү хүртдэг байх дэг жаяг тогтооно
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааны үеэр ард түмэндээ хандаж хэлсэн үг
Элэг нэгт миний Монголын ард иргэдээ,
Ард түмнийхээ үнэнч үйлчлэгч төрийн түшээдээ,
Эрхэм зочид, хатагтай ноёдоо,
Монголын ард түмэн түүхэн эгзэгтэй цаг мөчид хариуцлагатай сонголт хийж чадлаа. Монгол улсын иргэн хэн ч бай төр улсынхаа амин чухал асуудлыг шийдэхэд оролцогч байхаа илэрхийллээ. Монгол бол ардчилсан орон гэдгийг ард түмэн маань түүхэн сонголтоороо нотоллоо. Ард түмэндээ баярлалаа.
Төрийн бүх эрх мэдэл ард түмнээс үүсэлтэй. Төрийн мөнгө төсөв, хөрөнгийг ч ард иргэд л бүтээж цуглуулж босгодог. Төр бол ард түмнийхээ ивээлээр тогтдог бүтэц. Ийм л ардчилсан зарчим Монголд тогтож байгааг өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгууль харууллаа.
Монгол бол өөрийгөө өргөмжилсөн удирдагч шаардлагагүй орон. Харин улс үндэстэндээ шударгаар үйлчлэн туслагчийг шаардаж байгаа газар. Миний бие Монголын ард түмнээс сонгогдож “Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлнэ” гэж сая тангарагласнаар ард түмэндээ үйлчлэн туслах үүргийг хүлээж авлаа. Энэ үүргээ биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно. Дэмжсэн сонгогчдынхоо итгэлийг дааж, дэмжээгүйнх нь итгэлийг авч ажиллана.
Ерөнхийлөгчийн сонгуулийг нээлттэй, шударгаар явуулж амжилтад хамтдаа хүрэхийн төлөө асар их чармайлт гарган ажилласан журмын мянга мянган нөхөддөө баярлалаа. Улс үндэснийхээ эрх ашгийг бусдаас илүүтэй дээдэлж хамтарч ажилласан нам, хөдөлгөөн, байгууллага, иргэдэд чин сэтгэлээсээ талархаж байна. Нам, үзэл сурталд баригдалгүй шударга ёсны төлөө намайг дэмжсэн иргэнлэг бүх хүмүүст гүн талархал илэрхийлье.
Эх орноосоо алсад байгаа ч газрын хол ойрыг умартан чин сэтгэлээсээ дэмжсэн дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байгаа иргэддээ баярлаж байна. Ард иргэдийнхээ сонгох эрхийг хэрэгжүүлэхийн төлөө сонгуулийн бүх шатны байгууллагад иргэнлэг зүтгэл гаргаж ажилласан нийт хүмүүст шударга сонголт хийсэн ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн, сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн Намбарын Энхбаяр танд болон танай гэр бүлийнхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Эрхэм төрийн түшээдээ,
2009 оны 5 дугаар сарын 25-ны цагаан морь өдрийн шинийн нэгний өглөөг Монголчууд шинэ баяр хөөрөөр угтсан. Тэр өглөө Монголын түүхт газар шороо, ард түмэн шинээр сэрсэн. Нийгэмд хуралдсан айдас хүйдэс, худал хуурмаг, хүмүүсийн бие сэтгэлийн дарамт шинэ өглөөний нарны гэрэлд арчигдах сүүдэр адил алга болсон. Монгол хүн бүр нуруу тэнэгэр, сэтгэл хангалуун, толгой өндөр амьдрах боломжоо мэдэрч чин сэтгэлээсээ баярласан. Энэ бол Монголын ард түмний өөрсдийнхөө гараар бүтээсэн баяр бахархал юм.
Энэ түүхэн сонголт нь Монголын нийгэмд шинэ дэг жаягийг авч ирлээ. Монголчууд хувь заяагаа өөрсдөө тодорхойлно гэдгээ дахин нотоллоо. Хүмүүс шударга ёсыг, өөрчлөлтийг хүсэж байгаагаа харууллаа. Эрх чөлөөндөө, эд баялагтаа эзэн байна гэдгээ хэллээ. Энэ хүсэл тэмүүллийнх нь илэрхийлэл болж ажиллахыг төрийн түшээд та бидэнд даалгалаа.
Шударга ёс бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна гэж миний ард түмэн надад захин захин сонгосныг би өдөр бүр санаж ажиллах болно. Гаднаасаа эзлэгдэж унаснаас, дотроосоо ялзарч төгссөн төр улсын түүх олон байдаг. Хил дээрээ харуул зогсоосон атлаа төрийн ордон дотроосоо Монголчууд тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, эрх чөлөөгөө алдаж болохгүй. Авлигалд идэгдсэн төр хүчгүй байдаг. Авлигал нэвчсэн нийгэмд ард түмэн ядуурдаг. Авлигал Монголын өрсөлдөх чадварыг унагаж байна. Иймээс бүгдээрээ шударга ёсыг тогтоохын төлөө хамтдаа зүтгэе гэж төрийн түшээддээ, ард түмэндээ хандан би уриалж байна.
Ардаа алагчлах, албан тушаалаа урвуулан ашиглах аливаа оролдлого төрийн албаны бүх түвшинд энэ цаг мөчөөс эхлэн зогсох ёстойг хатуу анхааруулъя. Дотоод гадаадын хэний ч бай Монгол улсад авлигаар ажил бүтэхгүй, энэ бол гэмт хэрэг гэдгийг давтан хэлье. Төрийн албыг өөрийн алба болгож хувиргасан газар Монголд олон байна. Энэ завхралд өнөөдрөөс цэг тавилаа.
Эрхэм гишүүд, төрийн түшээдэд сонордуулахад хууль боловсруулах, хэлэлцүүлэх, батлах үйл явцыг ард түмнийхээ эрх ашигт нийцүүлэхгүйгээр нийгэмд бүрэн хэмжээгээр шударга ёс тогтож чадахгүй. Аливаа хууль тогтоомж нь төрийн эрх мэдлийн үргэлжлэл биш харин тухайн төрийг сонгож байгуулсан ард иргэдийн эрх чөлөө, хүсэл сонирхлын илэрхийлэл байх ёстой.
Төрийн хууль шийдвэр нь эрхтэн дархтаны эрх ямбыг тойрч биш, иргэн хүний эрэлт хэрэгцээг тойрч бүтдэг байх нь та бидний байгуулж байгаа хүнлэг энэрэнгүй нийгмийн мөн чанарт нийцнэ. Иймээс төрийн хууль шийдвэрийн боловсруулалт, хэлэлцүүлгийн нээлттэй, ил тод байдал болон эрх ашиг нь хөндөгдөж байгаа талуудын оролцоог хангахад Ерөнхийлөгчийн хувьд би онцгой анхаарч ажиллана.
Хууль хяналтын байгууллагын ажилтнуудаа,
Авлигатай тэмцэх, шударга ёсыг тогтоох нь амь дүйсэн ажил гэдгийг би сайн мэднэ. Ард олныхоо хүлээлт болсон энэ ариун үйл хэргийг гүйцэлдүүлэхийн төлөө ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагын ажилтан, иргэн хэнийг ч болов би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд дэмжинээ. Бүр бүх талаар урамшуулж хамгаалж ажиллана. Харин албан тушаалтанд, өнгө мөнгөнд найр тавьсан, жирийн иргэн ядуу дорой нэгэнд хатуурхаж дээрэлхсэн тийм байдал, хандлагыг үл тэвчинээ.
Улс оронд шударга ёс тогтооход шүүх, прокурорын байгууллага шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ёстойг хэн хүнгүй ярьж байна. Энд шинэчлэл хэрэгтэй шүү гэж хүн бүр надад захисан. Тэр шинэтгэлийг ул суурьтай, тууштай хийх болно.
Шударга ёсыг хэрэгжүүл гэсэн ард түмнийхээ үүрэг даалгаврыг биелүүлж чадахгүй, тийм ёс суртхууны эрхээ алдсан, шударга бус албан тушаалтнууд Монголын төрд эртхэн зайгаа тавих ёстойг сануулъя. Төрийн албаны, ялангуяа хууль шүүхийн байгууллагын хараат бус, шударгаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч миний бие хуулиар олгогдсон эрх хэмжээгээ бүрэн дүүрэн ашиглаж төрийн шударга албатуудыг үл ялгаварлан хамтран ажиллана гэдгээ бас хэлье.
Эрхэм хүндэт сонгогчид оо,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүндтэй, хариуцлагатай албан тушаалыг улс орныхоо хөгжил дэвшлийн эгзэгтэй, бас шийдвэрлэх цаг мөчид хүлээн авч байгаагаа би сайн ойлгож байна. Сонгогч олон түмний хүлээлт ч өндөр байгааг мэдэрч байна. Ард түмний маань хүсэн хүлээсэн, бас Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувиар амалсан олон зүйлийг хийж хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардагдах нь, бас шинэ сорилт бэрхшээлтэй тулгарах нь ойлгомжтой. Гэвч шударга ёсыг тогтоох, ард иргэдийнхээ аж амьдралыг өөд татах, эрх эрх чөлөөг нь баталгаажуулахын төлөө анхнаас нь зүтгэсэн үйл хэргээсээ би алхам ч ухрахгүй. Монгол орноо хөгжил дэвшилд хүргэхийн төлөө амь нэгтэй зүтгэж ирсэн ард түмнийхээ захиа даалгаварыг ч мартахгүй.
Монголын ард түмэн эрх чөлөө, шинэ сонголтынхоо төлөө багагүй зовлон зүдгүүрийг туулсан. Өнөөдөр Монголчуудын өмнө хөгжил дэвшлийн шинэ боломжууд нээгдэж байна. Бас шинэ сорилтууд тулгарч байна. Бид авлигал, ядуурал, ажилгүйдлийн тухай олон жил ярьж бас олон арга хэмжээ авсан боловч нийгмийн энэ хүндрэлтэй асуудлуудыг шийдвэрлэхэд эргэлтийн шинжтэй суурь өөрчлөлтийг хийж чадаагүй л байна. Үүнд олон улсын санхүүгийн хямрал улам нэрмээс болж байдал сайжрах төлөв мөддөө ажиглагдахгүй байна. Гэхдээ шударга ёсыг тогтооход бид энд тэндээс зээл тусламж хүсэх шаардлагагүй. Шударга ёс тогтож чадвал нийгмийн баялгийн хувиарлалт зөв болж ард түмэн маань хямралт байдлаас ангижрах болно. Үүнийг Та бид өөрсдөө л хийнэ.
Монголчууд эх орондоо, төрийн ордондоо тулгамдсан асуудлаа хэлэлцэж бие даан шийддэг болсон нь том ололт. Гэхдээ бодит эрх мэдлийг иргэн бүрийнхээ мэдэлд, өдөр тутам ажиллаж амьдарч байгаа сум, баг, хороо, хот сууринд нь хүргэж өгөх ажил үгүйлэгдсээр удлаа. Монголын төр эрх мэдэлгүйдээ биш харин хэтэрсэн эрх мэдэлдээ цатгалдаж хямарсаар байна. Эрх мэдлийн төвлөрлөөр биш харин эрхийн шилжилтээр түүний зохистой хэрэгжилтээр иргэний нийгмийн хөгжил дэвшил тодорхойлогддог.
Ардчилал бол хэн нэг нь эрх мэдэл авахдаа биш тэр эрх мэдлийг ард түмэнд эдлүүлэхдээ байдгийг дахин сануулахад илүүдэхгүй нөхцөл байдал Монголд байсаар байна. Монголын төр хуулиар булаасан эрх мэдлийг хуулиар буцааж олон нийтэд өгөх цаг болсон. Иргэдийн өөрсдөө шийдэж болох, ялангуяа орон нутагт, бизнесийн болон мэргэжлийн олон нийтийн байгууллагад байх ёстой ажил үйлчилгээ, эрх мэдлийг шилжүүлэх цаг нь болсон гэж хэлэхэд одоо оройтохоор болчихоод байна.
Миний Монголын ард иргэдээ,
Монгол улсын иргэн бүр, айл өрх, суурин газар бүхэн тулгамдсан асуудлаа шийддэг, тийм шийдэлд бүтээлч оролцогч нь байж чаддаг болж байж л Монгол улс бүхэлдээ хөгжил дэвшилд хүрнэ. Монголын хөгжил дэвшил бол Монголын төрийн төлөвлөгөө, хөтөлбөрөөс биш Монгол хүн бүрийн зорилго, төлөвлөгөөнөөс хамаарна. Ядуу хүн, айл өрх бүр ядуурлаас гарах төлөвлөгөөтэй байх ёстой. Ажилгүй нь ажилтай болох, ажилтай нь бүтээмжээ улам нэмэгдүүлэх зорилго тавих ёстой. Ингэж л байж Монголын хөгжил бүтэн болж, нийгмийн эв зохис бүрэлдэж чадна.
Нийгэмд шударга ёс тогтооход иргэн бүрийн оролцоо хэрэгтэй. Шударга бусыг өөрчлөх нь иргэн хүний эрх төдийгүй тийм байдал ноёрхсон нийгэмд бол иргэн бүрийн заавал биелүүлэх журамт үүрэг болж хувирдаг. Ийм үүрэг бол энэ цаг мөчид амьдарч байгаа хүн бүрийн үүрэх ёстой ачаа. Учир нь хүн бүр хойч үеийнхнийхээ төлөө үүрэг хүлээдэг.
Дахиад 1 жил, дахиад 10 жил, дахиад 20 жил Монголын ирээдүйг авлигач түшмэдүүдийн гараар шүүслүүлж болохгүй. Одоо энэ байдлыг зогсоох ёстой. Иймээс, ард түмээн, нэг хэсэг нь түүхийн тэрэгний буулганд насаараа уяатай зүтгэдэг, нөгөө хэсэг нь хүлээлгийн өрөөнд насаараа суудаг байж болохгүй. Бүгд л зүтгэх ёстой. Бүгд л оролцох ёстой. Харин тэр боломж нөхцлийг төр бүрдүүлэхэд үйлчлэх учиртай.
Би Монгол төрийн тэргүүний хувьд улс орныхоо хөгжил дэвшилд, мөн хувь амьдралаа өөд нь татахад оролцдоггүй залхууг биш, түүнд идэвхтэй оролцогч бүтээгчийг үргэлж дэмжих болно. Нийгмийн баялгаас алба тушаалд ойрхон нь биш ажил хөдөлмөр хийж, түүнийг бүтээж байгаа нь илүү хүртдэг байх дэг жаяг тогтооно. Хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлыг ханган хэрэгжүүлэхэд онцгой анхаарна. Нөгөө талаас хуулийг ялгал үгүй, ягштал биелүүлдэг зарчмыг хатуу мөрдөж ажиллана.
Ард иргэдээсээ ахин хүсэхэд, монголчууд төрийн төлөө амьдрах биш, өөрийнхөө төлөө, үр ач, ирээдүйнхээ төлөө ажиллаж амьдрах учиртай. Төрийг бодож биш өөрийгөө бодож, ажил амьдралаа өөд нь татахын төлөө идэвхтэй, бүтээлч байхыг Монгол улсын иргэн бүрээс хүсье. Иргэдийнхээ дээрхи хичээл зүтгэлд дэмжлэг болж ажиллах нь Ерөнхийлөгч миний гол зорилго байх болно. Ард түмнийхээ эрх ашгийн манаанд тууштай зогсохоо дахин илэрхийлье.
Хүндэт зочидоо, Монгол улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын элч төлөөлөгчидөө,
Та бүхэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Монгол улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцож байгаад тань чин сэтгэлийн талархал илэрхийлж манай улстай үр ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсэн ерөөе.
Монголын ард түмэн түүхэн сонголт хийж ардчилал эрх чөлөөний зарчимд үнэнч, хөгжилд дэвшлийн төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн нэр хүндтэй гишүүн байна гэдгээ батлан тунхаглалаа. Монголын ард түмний сонголтыг хүндэтгэж, Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэсэн, амжилт хүссэн чин сэтгэлийн талархлыг олон орны төрийн удирдлага, байгууллагаас хүлээж авлаа. Та бүхэн миний хариу талархлыг тус тусын удирдлага хүмүүст дамжуулна гэдэгт би итгэлтэй байна.
Монгол улсын уламжлалт гадаад бодлого шинэ утга агуулгаар баяжиж тууштай үргэлжлэх болно. Нэн тэргүүнд Монгол улс хоёр хөрштэйгээ тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна. Мөн бидний гуравдагч хөрш болсон найрамдалт улс орнуудтай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх болно. Энэ ялдамд Монгол орны хөгжил дэвшилд гүн туслалцаа үзүүлсээр ирсэн улс орон олон улсын байгууллагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхэн сайн мэдэж байгаа. Өнөөдөр нэг улс орон дангаар шийдвэрлэх аргагүй олон асуудлууд тулгамдаж байна. Иймээс эдгээр нь хүн төрөлхтөний нийтлэг асуудал болж хувираад байна. Тухайлбал, байгаль орчны доройтол, нийтийг хамарсан халдварт өвчин, гай гамшиг, алан хядах үйл ажиллагаа, цөмийн зэвсгийн аюул, тив дамжсан гэмт хэрэг, мөнгө угаалт, хүний эрхийн зөрчил, хямрал, дэлхийн дулаарал гээд. Эдгээр асуудлууд нь дэлхийн улс орнууд зөвхөн өөр өөрийн ашиг сонирхлоор биш нийтийн эрх ашгийн үүднээс хамтарч ажиллах шаардлагыг бий болгож байна. Монгол улс цаашид ч дэлхийн хамтын нийгэмлэгийн идэвхтэй гишүүн байж бус нутгийн болон нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар идэвхтэй байр суурь баримтлан ажиллах болно.
Эрхэм нөхөдөө,
Монголын ард түмэн төр улсын аугаа их, урт удаан түүхтэй. Эзэн Чингэс Богдын эрчилж дархалсан Монгол төрийн алтан аргамж ариун бөгөөд алдаршгүй байхын төлөө би хичээн зүтгэх болно. Монгол нутагт анхны төр улс байгуулагдсаны мянганаар, монголчууд тусгаар орноо сэргээн тунхагласны зуунаар тоологдох их ойнууд ирэх жилүүдэд болно. Мөн Монголд Ардчилсан хувьсгал өрнөсний 20 жилийн ой болно. Энэ түүхэн ойнуудыг Монголын төр урьдын адил ажил хэрэгчээр шинэ санаачлага, шинэ зарчмуудаар баяжуулан тэмдэглэнэ. Монголын ард түмэн их түүх, эрх чөлөөнийхөө үр шимийг бүрэн дүүрэн хүртэх цаг болсон.
Мөн ирж буй онууд Монголын нийгэмд улс төр, эрх зүйн чанарын өөрчлөлтийг авч ирж Монгол орны хөгжил бүхэлдээ шинэ шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Манай улсын эдийн засаг, ард түмний амьжиргааны өсөлтөд чухал үүрэгтэй томоохон төсөл, бүтээн байгуулалтууд хийгдэнэ. Ялангуяа Монгол орны уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн салбар олны анхаарлыг татаж байна. Эдгээр нь Монгол улсын хувьд ард түмний эрх ашиг, улс үндэсний аюулгүй байдал, нийгмийн зөвшил тогтвортой хөгжлийн амин чухал асуудлуудтай холбогдож байгаа юм. Энд Монголын төр ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан идэвх санаачлагатай ажиллах шаардлага байгааг би сайн ойлгож байна.
Өнөөгийн бид эх сайхан нутагтаа эзэн болж, хувь заяагаа өөрсдөө тодорхойлж улс үндэснийхээ эрх чөлөөт, жаргалант амьдралын суурийг ганхашгүйгээр, эргэлт буцалтгүйгээр дархлан үлдээх үүрэгтэй. Дээл нь хүндэдсэн ахмад үеэ байгаа дээр, их хүсэл тэмүүллээр жигүүрлэн ирж яваа хойч үеийнхээ өнгөн дээр төрөө шударга болгож, улс үндэснийхээ хөгжил дэвшлийг шинэ шатанд хүргэх үүрэг өнөөгийн төрийн албат та бидний өмнө ноогдож байна. Энэ үүргээ биелүүлэхийн тулд бүгдээрээ нэгэн сэтгэлээр хичээн зүтгэцгээе.
Миний Монгол Мөнх оршиг.
Баярлалаа.