АТГ ажлаа хийхэд хүнд байна
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа Төр засгийн удирдлагууд авлигатай тэмцэх хүсэл зоригтой эсэх нь тун эргэлзээтэй байна хэмээн УИХ-ын гишүүдэд хэллээ.
Өчигдөр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг авсан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Оюунхорол, Х.Тэмүүжин нар тус газраар орлоо. Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа байгууллагынхаа үйл ажиллагааг УИХ-ын гишүүдэд танилцуулсан юм.
Монгол улс 2006 онд Авилгатай Тэмцэх Газрыг байгуулж, 2007 онд тус байгуулагд мөрдөн байцаах эрхийг нь өгсөн билээ. Мөрдөн байцаах эрхтэй болсон АТГ өнгөрсөн онд нийт 198 хэргийг мөрдөн шалгаж, 447 хүнийг сэжигтэн яллагдагчаар татжээ. 198 хэргийн 58 хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлснээс 71 холбогдогчтой 31 хэрэг шүүхээр таслан шийдвэрлэгдээд байгаа юм байна. Мөрдөн байцаалтын явцад дээрх авлигын хэрэгтэнгүүд улсад нийт 31 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд үүний дөрвөн тэрбум 369.2 сая төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын явцад барагдуулсан байна.
Таслан шийдвэрлэгдсэн хэргээс харахад гүйцэтгэх засаглалын албан тушаалтангууд хамгийн их авлигад өртөж байгаа нь харагджээ. Сумын засаг даргаас авхуулаад Засгийн газрын гишүүн хүртэл авлигын энд холбогдож байгаа ажээ. Мөн хуулийн байгууллагынхан буюу цагдаа, шүүх, прокурорын байгууллагын ажилтнууд ихээр татагдсан байна.
Трансвес интернешнл байгууллагын судалгаагаар Монгол улс авлигын байдлаараа сүүлийн хоёр жил III гэсэн индекстэй яваа юм байна. Энэхүү III гэсэн үнэлгээ авлигад хэт их автсан орнуудын заадаг үнэлгээ гэнэ. Өөрөөр хэлбэл сүүлийн хоёр жил АТГ байгуулагдаад ч манай авлигын хэрэг багасах тал дээр ямар ч ахиц алга гэсэн үг юм.
АТГ-ын дарга Ч.Сангарагчаа Төр засгийн удирдлагууд авлигатай тэмцэх хүсэл зоригтой эсэх нь тун эргэлзээтэй байна хэмээн УИХ-ын гишүүдэд хэллээ.
Олон улсын түвшинд төр засгийн удирдлага, улс төрчид авилгатай тэмцэх сонирхолтой байгаа эсэхийг дөрвөн үндсэн шинжээр шинждэг аж. Авлигатай тэмцэх байгууллагад улсаас төсөв хөрөнгийг хангалттай өгч чадаж байгаа эсэхийг , хууль эрхзүйн хувьд хангалттай эрх мэдлэгтэй эсэх, мөн бие даасан хараат бус байдлаар бүрэн хангагдсан байгаа эсэх гэсэн ерөнхий шалгуур байдаг ажээ.
Гэтэл монгол улсад энэ байдал аль ч талаараа хангагдаагүй байгаа юм. Зөвхөн төсөв мөнгөний хувьд л гэхэд авлигатай тэмцэх газрын төсөв хангалтгүй байгаа. Тухайлбал өнгөрсөн жил байцаан шийтгэх ажиллагааны зардлыг төсөвт нэг ч төгрөг тусгаагүй гэнэ. Энэ жилийн нэгдүгээр улиралд ч мөн адил байцаан шийтгэх ажиллагааны зардал гэж юу ч өгөөгүй байна аж. Мөрдөн шалгах хэлтсийнхэн эрүүгийн хэрэг дээр ажиллах шинжээч томилох, орчуулагч авах, олон улсын эд мөрийн баримтыг аль нэг хэл рүү хөрвүүлэх зэрэг зардлыг төсөвт тусгаж хуваарилаагүй. Энэ нь авилгатай тэмцэх хүсэл сонирхол улстөрчдөд байхгүй байгааг харуулж байна. Төсөвгүйгээр энэ байгууллага хэвийн хэмжээнд, хараат бусаар авлигатай тэмцэнэ гэж байхгүй гэдэг нь тодорхой юм.
Засгийн газрын 20 дугаар тогтоолоор төрийн албан хаагчийн ажиллах талбайн хэмжээг зааж өгсөн. Гэтэл энэ хэмжээнээс гурав дахин бага байранд АТГ ажил албаа явуулж байна. Өөрөөр хэлбэл нэг хүний ажиллах өрөөнд гурван хүн сууж байна гэсэн үг. Дээрх байдлууд нь АТГ-ын үйл ажиллагаанд асар их хүндрэлийг авчирдаг байна.