Н.Энхболд: Ёс зүйн дүрэм зөрчсөн гэж хэлэгдэх нь том шийтгэл
УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дүрэм батлах тухай, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өчигдөр болжээ. Тус ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Энхболдтой уулзаж ярилцлаа.
-Парламент дамжсан энэ дүрмийг батлахаар болсон уу. Хурлаар яг юу гэж ярилцсан бэ?
-УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцэж зохицуулах, шийдвэр гаргаж байх хорооны асуудал өмнөх парламентад яригдаж байсан. Тэгээд түрүүчийн парламентаар хэлэлцэж амжилгүй энэ парламентад ирчихсэн байж байгаа юм. Энэ УИХ байгуулагдсаны дараа энэ ёс зүйн асуудлыг цааш нь хэлэлцэх, хуралдаанд бэлтгэх ажлын хэсэг гэж байгуулагдсан. Ахлагчаар нь би ажиллаж байна. Одоогоор тав дахь удаагаа хуралдаж байгаа нь энэ юм. Түрүүчийн УИХ-аар хэлэлцэгдэж байсан төсөл анх орсон агуулга хүрээнээсээ нэлээн өөрчлөгдөөд, УИХ-ын гишүүд гэж байсан бол төрийн өндөр албан тушаалтнууд гээд бараг 250 орчим хүнийг хамрах хүрээнд болж өөрчлөгдсөн юм байна, буцаая, дахиж шинээр боловсруулаад УИХ-д оруулъя гэж ажлын хэсэг дээр ярьж байсан юм.
Тэгээд хурлын явц дунд буцаахаа болиод дахиж үргэлжлүүлээд хэлэлцэхээр болсон. Өнөөдрийн хувьд УИХ-ын гишүүд, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагын удирдлагын хүрээнд ёс зүйн асуудлыг нь энэ дүрмээр зохицуулахаар болъё гэж тохиролцсон. Бусад байгууллагын хувьд хэрэв энэ дүрэм УИХ-аар батлагдвал үүнийг жишиг болгоод ашиглаж болох юм гэж үзлээ. Хоёрдугаарт, ямар ч байсан буцаах энэ тэрээ болиод үргэлжлүүлээд энэ чуулганы хугацаанд хэлэлцэх асуудлаа хийе гэж шийдсэн. УИХ яаж хүлээж авахыг мэдэхгүй, ямар ч байсан ажлын хэсэг саналаа гаргаад хэлэлцье гэдэг ойлголцолд хүрсэн. Ажлын хэсгийн гишүүдээс түрүүчийн төсөл дээр нэмж гарсан, эсвэл хасъя гэсэн саналуудаа дахиж эмхэтгээд, дахин төсөл хийгдэж байна.
-Чухам ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-Анх 76 гишүүний асуудлаар орж байгаад тэр нь 250 хүн болсон. Одоо энэ гарах журмаар бол 150-иад орчим хүний хүрээнд асуудал яригдаж байна. Бусад нь ёс зүй хамаагүй гэсэн үг биш шүү дээ. Ямар ч байсан УИХ-аар батлах энэ дүрмээр бол 150 орчим албан тушаалтны ёс зүйтэй холбоотой асуудлыг шууд зохицуулахаар, бусад төрийн өндөр албан тушаалтнуудын хувьд бол энэ дүрмийг жишиг болгоод бариад явах хэмжээний ийм л дүрэм гаргая гэж ярилаа. Шүүх, прокурор, Засгийн газрын байгууллагууд нь дотооддоо салбарын хүрээндээ ёс зүйн дүрэмтэй байх хуулийн заалт бий л дээ. Бидний энэ дүрмийг жишиг болгоод цааш нь тэд нар өөрсдийн хүрээнд ёс зүйгээ зохицуулах дүрэмтэй болох нь зүйтэй гэсэн ойлголтод хүрээд явж байна. Хэлэлцэх явцад юм харагдах л байх л даа.
-Энэ албан тушаалтнууд зөрчил гаргавал ямар хариуцлага хүлээх вэ?
-Ёс зүйн асуудал өөрөө их төвөгтэй шүү дээ. Ажлын хэсгийн гишүүд зарчмын нэг зүйл дээр ийм ойлголттой байгаа. Тэр хүнийг зөрчил гарахыг хүлээгээд, зөрчлөө гаргахаар нь торгож шийтгэх, хариуцлага хүлээлгэх тухай асуудал нь гол биш юм. Хамгийн гол нь тэр хүн өөрийнхөө зүгээс зөрчил гаргахгүй байх ёстой гэдгийг мэдүүлдэг, сэрэмжлүүлдэг, ямар нэг мэдэгдэл өгөх ёстой бол түүнийг заавал өөрөө биелүүлдэг. Өөрөө биелүүлэх үүргийг нь илүү ухамсарлуулсан ойлгуулсан дагаж мөрддөг тийм л утга агуулгатай, хэрэглэх механизмтай дүрэм байх болно гэсэн зарчмын ойлголт дээр санал нэг байгаа. Явж байгаа дүрмээр сануулах, донгодох, цалинг нь тодорхой хэмжээгээр бууруулах ч юм уу, тийм зүйлүүд бий. Энэ чинь ёс зүйн асуудал шүү дээ, гэмт хэрэг биш.
-Энэ дүрмээр ёс зүй алдсан УИХ-ын гишүүн ямар хариуцлага хүлээх вэ. Жишээ нь?
-Энэ бол хууль биш дүрэм. Ер нь аливаа газрын ёс зүйг хуулиар биш,өөрөө өөрсдөө дагаж мөрддөг дүрэм, журам котексоор зохицуулдаг л даа. Яг ёс зүйгээ зөрчвөл ямар арга хэмжээ авах вэ гэдгийг харахад тийм ч сүртэй биш зүйлүүд харагдана. Харин хэрэг дээрээ нэгэнт л тэр хүнийг ёс зүйн зөрчил гаргасан байна гэж дүгнэгдэнэ гэдэг өөрөө маш том шийтгэл. Ялангуяа улстөрчид том албан тушаалтнуудын хувьд.