Ерөнхийлөгчийн зөвлөхүүд томилогдов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхийн баг өнөө өглөө гурван шинэ хүнээр бүл нэмжээ. Тодруулж хэлбэл, Э.Зоригт, Р.Болд, Л.Эрхэмбаяр нарыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр томилсон байна. Э.Зоригт НН-ын Гадаад асуудал хариуцсан дарга, Р.Болд ИЗН-ын зөвлөх, Л.Эрхэмбаяр Ардчилсан намын гишүүн, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны дарга юм.
Тэднийг товч танилцуулбал
Эрдэнэчулууны Зоригт /Ногоон нам/
1968 онд төрсөн. Нийслэлийн 33-р дунд сургууль /1985/, Москва хотын Хилийн цэргийн Улс төрийн дээд сургууль /1991/ төгссөн. “Сэрэлт-Оч” компанийн захирал /1998-2003/, 2003 оноос “УБ синема” ХХК-ийн дэд захирлаар ажиллаж байна.
2007 оны дөрөвдүгээр сараас одоог хүртэл Ногоон намын Гадаад асуудал хариуцсан дарга. Орос, англи хэлтэй. Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг.
Равдансамбуугийн Болд /ИЗН/Польш улсын Познань хотын Эдийн засгийн Академийг магистрын зэрэгтэйгээр төгссөн. Эдийн засагч, менежерийн мэргэжилтэй. Улс төрийн шинжлэх ухааны доктор.
1980-1986 онд УБ-ын Мод боловсруулах комбинатад ажилчин-нормчин, ээлжийн мастер, зөвлөх инженер, тэргүүлэх эдийн засагчаар ажилласан. 1986-1990 онд гадаадтай эдийн засгийн талаар харилцах улсын хорооны “Монгол барилга” нэгдэлд ахлах мэргэжилтэн, 1990-1995 онд үйлдвэр, худалдааны “Онон” компанийн ерөнхий захирал, 1996-2000 онд хөрөнгө оруулалтын төслийн зөвлөх, 2001-2004 онд УИХ-ын гишүүн С.Оюуны зөвлөхөөр зэрэг ажлыг хийсэн. 2005 оноос Иргэний зориг намын зөвлөхөөр ажиллаж байна.
Тэрбээр нийгэм улс төрийн мөргөлдөөн судлалаар мэргэшсэн эрдэмтэн юм. Улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-танин мэдэхүйн чиглэлээр 3 ном, 50 гаруй өгүүлэл бичиж гадаад дотоодын нэр хүндтэй хэвлэлүүдэд нийтлүүлсэн.
Ломбын Эрхэмбаяр /Ардчилсан нам/
1962 онд төрсөн. Архангай аймгийн 10 жилийн 1-р дунд сургууль /1980/, Хөдөө аж ахуйн их сургууль /1985/-ийг малзүйч мэргэжлээр дүүргэсэн.
Архангай аймгийн ХААУГ-т мэргэжилтэн /1985-1986/, Архангай аймгийн Тариат суманд багийн дарга /1986-1989/, Архангай аймаг дахь МААЭШХ-нийн салбарт эрдэм шинжилгээний ажилтан /1989-1992/, “БЭЭТ” ХХК-ийн захирал /1992-1995/, Архангай аймгийн Засаг дарга /1996-1999/, ЗГХЭГ-ын референт /1999-2001/-ээр ажилласан.
ХААУ-ны доктор, Монголын эрчимжсэн ХАА-ын “Агродэвшил” холбооны тэргүүн, Дорнод монголын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн төвийн ерөнхий зөвлөх. Орос хэлтэй. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг.