Ерөнхийлөгч АТГ-ыг хангалтгүй ажиллаж байна гэж дүгнэлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Авлигатай Тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн болон АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн шинээр томилогдсон бүрэлдэхүүнтэй уулзлаа.
Авлигатай тэмцэх газар байгуулагдаад 2 жил гаруй хугацаа өнгөрөөд байгаа. Энэ хугацаанд иргэдийн зүгээс 2 мянга гаруй гомдол хүлээн авч, гэмт хэргийн шинжтэй байж болох 1380 хэргийг шалган, 145-д нь эрүүгийн хэрэг үүсгэн, 341 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 327 хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулжээ.
Шүүхээр 73 холбогдогчтой 37 хэрэг шийдсэн байна. Хэрэг илрүүлэлт жигдрэх шатандаа явж байгаа гэж АТГ-ын дэд дарга Д.Сундуйсүрэн танилцууллаа. Аймаг орон нутагт авлигатай тэмцэх төрийн бус байгууллагууд байгуулагдсан, төрийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг болсон, авлигатай тэмцэх талаар соён гэгээрүүлэх ажил хийгдэж байгаа гэж АТГ-ын дарга Ч.Сангарагчаа хэлэв.
Ерөнхийлөгч тус газрын удирдлагаас АТГ байгуулагдсанаар авлигатай тэмцэх ажилд ямар ахиц үр дүн гарч байгаа, манай улс яагаад авлигын төвшнөөр өмнөх үзүүлэлтээсээ ухраад байгаа, авлигын индексыг хийсэн эсэх, яагаад өнөөдриийг хүртэл тэр тухай Ерөнхийлөгчид танилцуулахгүй, олон нийтэд мэдээлэхгүй байгаа зэрэг асуулт тавьж хариулт авлаа.
Олон нийтийн зөвлөл ч мөн АТГ-ын удирдлагад асуулт тавьж, тус газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй байдгаа хэллээ. Тэд, АТГ семинар өгөх, жижиг хэргүүд дээр ажиллах төдийхнөөр ажлаа хязгаарлаад, авлигатай тэмцэх талаар нийгэмд цочроо өгсөн том ажил хийхгүй, улстөрийн хүрээнд яригддаг авлигын хэргүүдийг хөндөхгүй орхидог, хэвлэл мэдээллийн хэрэгсээр ярьж бичдэг хэргүүдийг шалгадаггүй зэрэг шүүмжлэлийг хэлсэн юм. Манай улс авлигатай тэмцэх хууль баталж, АТГ-ыг зохион байгуулснаараа авлигатай бодитой тэмцэх эхний алхамуудыг хийсэн гэж үздэг ч, өнөөдрийг хүртэл авлигын үзүүлэлт буурахгүй байгааг Олон улсын болон дотоодын судалгааны байгууллагуудын судалгаа харуулсаар байгааг баримтаар хэлж байлаа.
Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд “хангалтгүй” дүн тавьж байгаагаа уулзалтын төгсгөлд Ерөнхийлөгч хэллээ. Тэрээр “ Авлигатай тэмцэх газрын ажлыг би хангалтгүй байна гэж дүгнэж байна.Өнөөдрийг хүртэл энэ газар, авлигын зөвхөн “хуруу хумс, зах сэжүүрээр нь” оролдож, цөм рүү нь орохгүй байна. “Авлигын загалмайлсан эцэг” гэж нийгмийн дунд цоллуулаад байгаа хүмүүс хүртэл байхад тэднийг шалгахгүй, тоохгүй байна. Авлигатай нэр холбогдоод байгаа хүнийг шалгаж, зохих ялы нь өгч, хариуцлагы нь үүрүүлэх бол танай гол ажил байх ёстой гэж бодож байна. Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүрдүүлж авах нь сайн хэрэг боловч, энэ бол авлигатай тэмцэх газрын цорын ганц хийх ёстой ажил биш. Энэ мэдүүлэг бас нийтэд ил тод , нээлттэй байх ёстой. Та бүхнийг /Авлигатай тэмцэх газрын удирдлагыг/ сайн ажиллаж байгаа гэсэн итгэл төрөхгүй байгааг би нуухгүй. Та бүхэн авлигатай тэмцэхэд хууль эрхзүйн орчин муу байна гэж хэлж байна. Хэрвээ муу гэж бодож байсан бол анхнаасаа энэ ажлыг хийнэ гэж барьж авахгүй байх байсан болов уу. Нэгэнт л хийнэ гэж авсан бол одоо хийсэн шиг хийх ёстой болж байна. Шинэ байгуулагдсан Олон нийтийн зөвлөл та бүхний нүд чих болж ажиллах байх гэж итгэж байна” гэлээ.