Энхтүвшин.Ө 2017.02.07 | Сайт: Vip76.mn

Ө.Энхтүвшин: Бэлчээрийн менежмент, хоршоо гэдэг ойлголтыг шинэ шатанд гаргах хэрэгтэй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын "Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр"-ийн төслийг хэлэлцэж байна. 

Засгийн газрын 2017 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар зөвшилцөх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэх юм байна. 

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин хөтөлбөрийн төслийн талаар сонирхсон асуултдаа хариу авлаа. 

Ө.Энхтүвшин: Бэлчээрийн менежмент, хоршоо гэсэн хоёр асуудлыг арай өөр агуулгаар авч үзэх цаг болсон

Дэлхийн банкны Ядуурлыг бууруулах төслийн хүрээнд малчдад мал өгч байсан шүү дээ. Үүнтэй адил малгүй эсвэл цөөхөн малтай хүмүүст мал өгөх юм уу? Эсвэл хоршоог дэмжих, бэлчээрийн менежментийг сайжруулах чиглэлийн төслүүдэд хөрөнгө оруулах уу?

Уг санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн төсөлд, бэлчээрийн менежмент гэсэн ойлголтыг тусгажээ. 2000 оноос хойших Дэлхийн банкны төсөл, хөтөлбөрүүдэд түгээмэл тусгагдсан байдал ойлголт бол бэлчээрийн менежмент юм.

Бэлчээрийн менежмент гэдэг нь явж явж хашаалах, бэлчээрийг хувьчлах тухай асуудал руу хальтирч ордог. Энэ агуулгаараа үе үеийн парламентад олонхийн дэмжлэг авч чаддаггүй. Оруулж ирсэн төсөлд бэлчээрийн менежмент гэдэг нь ямар агуулгаар туссан бэ? Өмнөх агуулгатай ижил байна уу?

Мөн төсөлд хоршоог дэмжих тухай тусгасан байна. Ер нь хоршоог дэмжих ажил хэр үр дүнтэй байна? Монголд хоршоо хөгжих боломж байна уу? Уг нь Хөдөө аж ахуйн биржийн үйл ажиллагаатай уялдуулна, ноосны урамшууллыг хоршооны гишүүдэд олгоно гэх зэрэг бодлого барьж байсан шүү дээ.

Гэтэл сүүлийн хэдэн жилд заавал хоршооны гишүүнээр байснаар ноосны урамшуулал хүртэх ёстой гэж үү гэсэн эсрэг байр суурь ч бий боллоо. Үүнээс үзэхэд хоршоо байгуулах ажил уналтад орсон юм шиг санагдаад байна. Тиймээс хөтөлбөрийн төсөлд хоршоог дэмжих талын зохицуулалт туссан уу?

Төслийн ажлын хэсгийн гишүүн

Дэлхийн банкнаас хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд малжуулах ажил хийхгүй. Харин малчид малаа сайжруулахад нь дэмжлэг үзүүлэх тухай тусгасан.

Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд хашаалах асуудлаас бүрэн татгалзаад байна. Харин нүүдэл суудал хийх, усан хангамжийн системийг шийдэж өгөх, хашаалах гэж байсныг харуул гаргах зэргээр бэлчээрийн менежментийг хийнэ гэж хөтөлбөрийн төсөлд тусгасан юм.

Төсөлд тусгасан хоршооны тухай ойлголт нь тухайн малчин чин сэтгэл, үнэмшлээрээ хоршооны гишүүн болж, малдаа эзэн байх гэсэн агуулгаар оруулж өгсөн. Хоршоонд нэгдэхийн өмнө малчдын бүлэг байгуулах үе шат нэмж өгсөнөөрөө онцлог. Эхлээд бүлэг хэлбэрээр зохион байгуулж, хамтран дундын сан бий болгох, сангийн хөрөнгөө зарцуулахад дадлагажсаны дараа хоршооны хэлбэрт шилждэг байхаар зохицуулсан.

П.Сэргэлэн: Төслийн гол зорилго нь малчдыг ядуурлаас гаргах, орлоготой болгох юм

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн

Уг төсөл нь маш өндөр ач холбогдолтой. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн агентлагийн дэргэдэх сангаар дамжин хэрэгжих учраас судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй, хүн ардын аж байдалд тохирсон төслүүдийг хэрэгжүүлэх болно. Гэхдээ санхүүжилтийн задаргааг харахад эргэн харах, засч сайжруулах шаардлагатай зүйл олон байна. Энэ удаагийн санхүүжилтийн гол зорилго нь хөдөө, орон нутгийн иргэдийн ядуурлыг бууруулах юм.

Оруулж ирсэн төсөлд, бэлчээрийн менежмент, уур амьсгалын өөрчлөлт зэрэг ажилд 4 сая орчим ам.доллар зарцуулна гэж байна. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлд 1,4 сая ам.доллар, төслийн менежментийн зардалд 2,1 сая ам.доллар зарцуулна гэжээ. Энэ бүгдээс харахад үр дүнгүй, бичиг цаас болсон ажил л болох гээд байх шиг. Тиймээс хоёрдугаар сарын 14, 15-нд тус хөгжлийн ассоциацийн захирлын сонгон шалгаруулалт болно.

Энэ үеэр манай улсаас төлөөлөгч ажиллаж, Дэлхийн банкны энэхүү хөтөлбөрийг 100 хувь малчид руугаа шилжүүлэх яриа хэлэлцээ хийх нь зүйтэй болов уу. Төсөл хэрэгжих 5-6 аймагт гарт баригдаж, нүдэнд үзэгдэх зүйл хийе гэсэн саналтай байна. Тэгэхгүй бол төслөө сайн болгохын төлд 2 сая ам.доллар зарцуулдаг төсөл гэж хаана байсан юм бэ?

Төслийн гол зорилго нь малчдыг ядуурлаас гаргах, малчдыг орлоготой болгох юм. Тэгсэн атлаа төслийн задаргааг харахаар нүдэнд харагдах тоймтой ажил хийхээргүй байна. Ингэхгүй бол том том үг, том том зорилго тавьсан хоосон цаас болчих гээд байна шүү дээ. 

Сэтгүүлч

"Vip expert" сэтгүүлийн редактор Г.Мөнхтуяа