Баярсайхан.Ц Бат-Эрдэнэ.Б Энхбаяр.Ж Г.Мөнхцэцэг Батзориг.Б Оюун-Эрдэнэ.Л 2017.04.11 | ХМА: Яам

“Монгол Улсын аюулгүй байдлын орчин - Батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

“Монгол Улсын аюулгүй байдлын орчин - Батлан хамгаалах бодлого” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна

Улс орны аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдлын орчин, түүний өөрчлөлтийн чиг хандлагыг тооцож, энэ чиглэлийн шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаанд тулгуурлах нь чухал юм.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Батлан хамгаалах бодлогын үндэс гэсэн бодлогын тулгуур баримт бичгүүд шинэчлэн батлагдсантай холбогдуулан улс орны аюулгүй байдлыг батлан хамгаалах эрх ашгийн үүднээс судалж, судалгааны үр дүнг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх нь тулгамдсан асуудлын нэг болоод байна.

Иймд дээрх асуудлын хүрээнд Үндэсний батлан хамгаалахын их сургууль (Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн)нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, БХЯ-тай хамтран "Монгол Улсын аюулгүй байдлын орчин-батлан хамгаалах бодлого" сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2017 оны 4 дугаар сарын 11- буюу өнөөдөр зохион байгуулж байна.

Тус хуралд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн дарга хурандаа Х.Батбилэг, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, хошууч генерал Я.Чойжамц болон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ болон БХЯ, ЗХЖШ, ГХЯ, БСШУЯ, ҮАБЗ-ийн харъяа Стратегийн судлалын хүрээлэн, ШУА, МУИС, ХСИС, ХУИС, Дипломатын академи, Үндэсний тагнуулын академи зэрэг олон байгууллагын төлөөлөл оролцлоо.

Аюулгүй байдлын орчны өөрчлөлттэй уялдан Монгол Улсын аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогод тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдвэрлэх арга замыг эрдэмтэн, судлаачдын дунд хэлэлцүүлж, гарах үр дүн, санал зөвлөмжийг зохих шатны байгууллагуудад хүргүүлэх болон эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулахад уг хурлын зорилго оршиж байгаа юм.

Тус хуралд Их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, судалгааны төв, төрийн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн, багш, судлаач болон докторантууд

  • Монгол Улсын аюулгүй байдлын орчны өөрчлөлт ба батлан хамгаалах бодлого,
  • Хоёр хөршийн явуулж буй бодлогын Монгол Улсад үзүүлэх нөлөөлөл,
  • ОХУ, Хятадын стратегийн түншлэлийн эерэг, сөрөг нөлөө,
  • Дэлхийн болон бүс нутгийн геополитикийн Монгол Улсад үзүүлэх нөлөөлөл,
  • Монгол Улсын гадаад, дотоод орчны хувьсал, өөрчлөлт,
  • Монгол Улсын аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ,
  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын бүрэлдэхүүн хэсгүүд, тулгамдаж буй асуудал гэх мэт сэдвээр илтгэл тавьж байна.

"Монгол улсын аюулгүй байдлын орчин-батлан хамгаалах бодлого" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдсанаар Монгол Улсын аюулгүй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдийн талаарх ойлголт цэгцтэй болж хоёр хөрш болон бүс нутгийн улс орнуудын Монгол Улсад үзүүлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам тодорхой болно. Мөн Монгол Улсын аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх аргачлалтай холбоотой асуудлуудын үндэслэл бий болох юм. Хурлын илтгэлүүдийг эмхэтгэж сургалт, судалгааны эргэлтэд оруулна.