Мэргэн.Ч 2017.04.19 | Сайт: Vip76.mn

Дөрвөн улсын Элчин сайд Монголын бизнесийн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа

Дөрвөн улсын Элчин сайд Монголын бизнесийн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа

Улаанбаатар хот – Монголын бизнесийн зөвлөл (МБЗ) 4-р сарын 17-нд сар тутмын ээлжит уулзалт хэлэлцүүлгийг “Хувийн хэвшлийн салбарыг хөгжүүлэхэд олон улсын хамтын ажиллагаа” сэдэвтэйгээр Бэст Вестерн Туушин зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Блүүмберг ТВ Монголиагийн Гүйцэтгэх захирал Э.Долгион хөтөлж, зочид төлөөлөгчдөөр Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт, Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэр, ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел, Япон Улсын Элчин сайд Масато Такаока нар оролцсон юм.

АНУ-ын Элчин сайд Женифер Зимдал Галт Монгол Улс, АНУ хоорондын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд дохиож байгааг онцлон, хоёр орны хамтын ажиллагаа бүх талаар тэлж, өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ.

Мөн тэрээр Олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах хэлэлцээр 2017 оны 3-р сарын 20-нд хэрэгжиж эхэлсэн ба тус хэлэлцээр нь Монгол Улс, АНУ хоорондын харилцааг илүү бататгах, тогтвортой, урьдчилан харах боломжтой эрх зүйн орчинг бий болгох, ил тод байдлыг хөгжүүлэх нийтлэг зорилготойг онцлов. Монгол Улсын Засгийн газартай харилцаа холбоог үргэлжлүүлэн өрнүүлж Монгол Улсын эдийн засагт чухал ач холбогдолтой ОУВС-ийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд МБЗ-ийг хамтран ажиллахыг хатагтай Элчин сайд уриаллаа.

2015 оноос хойш Монгол Улс руу эдийн засаг, бизнесийн эерэг хандлага нэмэгдэж байгааг Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэр тэмдэглэлээ. Түүнчлэн тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг Монголын аж ахуйн нэгжүүд болон Канадын компаниуд хоорондын харилцааг нэмэгдүүлэх, бататгах зорилгыг 2017 онд хэрэгжүүлэх тухай ноён Элчин сайд дурдав. Энэ онд Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож байна.

Хэдийгээр Монгол Улс, Япон Улс нийгэм, улс төрийн өргөн харилцаатай ч эдийн засаг бизнесийн хувьд чамлалттай байгааг Япон Улсын Элчин сайд Масато Такаока онцоллоо. Энэ хүрээнд томоохон ажил хөтөлбөр төлөвлөн ажиллаж байгаа ба хоёр улсын дунд хугацаанд хэрэгжүүлэх стратеги, улс төр, эдийн засгийн үйл ажиллагааг тодорхойлсон байна.

Хууль, эрх зүйн орчны таамаглашгүй байдал нь Монголын бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж байгааг ноён Элчин сайд тэмдэглэж, Япон Улс институцийн реформ, чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэлээ. Мөн тэрээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Монголыг шинэ өнцөгөөс харах боломжийг бий болгож, худалдааг өргөтгөх нөхцлийг бүрдүүлсэн хэмээв.

Герман-Монголын Технологийн Институтыг олон улсын түвшинд нийцсэн инженерүүд төгсөж байгаа ба МБЗ-ийн гишүүн байгууллагуудыг хамтран ажиллаж, бэлтгэгдсэн мэргэжилтнүүдэд ажил олгох, дадлага хийх боломжийг бүрдүүлэхийг ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел уриалав. Тэрээр 2017 оны эхний хагаст Монгол Улсын эдийн засгийн байдал тогтворжино гэдэгт итгэж байгаагаа мэдэгдэж, эдийн засгийн хөгжил нь ойрын зайн хурдан гүйлт гэхээс илүү марафон уралдаан юм гэлээ.

Уулзалтаар МБЗ-ийн Татварын ажлын хэсгийн дарга, Махони Лиотта ХХН-ийн захирал Даниель Махони төсвийн тодотголд тусгасан татварын өөрчлөлтүүд, тэдгээрийн хувийн хэвшилд үзүүлэх нөлөөллийн талаар МБЗ-ийн гишүүн байгууллагуудад товч танилцуулга хийсэн юм.

МБЗ ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа ба татварын өөрчлөлттэй холбоотой УИХ, Монгол Улсын Засгийн газар хувийн хэвшилтэй хамтран ажиллаж бүх оролцогч талуудад харилцан үр ашигтай нөхцөл байдлыг бий болгоно гэсэн хүлээлттэй байгаа билээ.

Хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагуудад тулгамдаж буй асуудал хэлэлцэх, хамтран шийдэл олох, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломж бий болгох мөн цаг үеийн хэрэгцээт мэдээллээр хангах зорилготойгоор МБЗ сар бүрийн уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулдаг юм.  

Сэтгүүлч

vip76.mn Г.Мөнхтуяа munkhtuya@vip76.mn