Бизнесүүд тогтвортой, тэгш, шударга байгаасай гэж хүсдэг


11 минут уншина
Ярилцсан Г.Мөнхтуяа:
Бизнесүүд тогтвортой, тэгш, шударга байгаасай гэж хүсдэг
Монголын Бизнесийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэн

Монголын Бизнесийн Зөвлөл бол гишүүнчлэлтэй төрийн бус байгууллага. Зөвлөлийн гишүүдэд гадаад, дотоодын компаниуд, Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, гарааны бизнес эрхлэгчид багтаж байна. Одоогоор 200 гаруй бизнесийн байгууллагыг эгнээндээ нэгдсэн.

Бизнес эрхлэгчдийн дуу хоолойг Засгийн газарт хүргэж, гишүүд хоорондын хамтын ажиллагааг уялдуулан, тэднийг хэрэгцээт мэдээ, мэдээллээр хангаж, сургалт, семинар зохион байгуулан, Олон улсын чуулга уулзалтуудад гишүүдээ оролцуулдаг. 

Ингээд тус зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Мэргэнтэй цаг үеийн асуудлаар ярилцсанаа хүргэж байна. 

ТӨР ЗАСАГ, БИЗНЕС ЭРХЛЭГЧИД НЭГ НЭГНЭЭ ХАМТРАГЧИД ГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ

Өнөөгийн байдлыг харахад хэт нэг талыг барьж төр, засгийг л шүүмжлээд байх шиг. Бизнесүүдийн дуу хоолойг төрд хүргэх зорилготой төрийн бус байгууллагын хувьд энэ хандлагыг хэр зөв гэж боддог вэ? Нөгөө талаар Монголын бизнесүүд хэр чадавхтай байна?

Болохгүй юм болгоныг төр засаг руу нялзаадаг, юм л бол төр засаг дэмжих ёстой гэдэг хандлага буруу л даа. Монголын төр бол бидний эцэг эх биш шүү дээ. Эцэг, эхчүүд ч гэсэн хүүхдүүддээ сайхан амьдрах орчныг бүрдүүлж өгөх ёстой болохоос биш насан туршид нь ам руу нь хоол халбагадаж өгөх албагүй.

Төр, засаг дэмжинэ гэдэг хандлага, сэтгэлгээ нь социализмын үеэс уламжилж ирсэн. Одоо энэ сэтгэлгээнээс ангижрах хэрэгтэй. Баялаг бүтээгч хүн бол ямар ч орчинд яаж ийж байгаад баялаг бүтээдэг.

Гэхдээ баялаг бүтээгч хүний амжилттай байх магадлалын 75 хувь нь бизнесийн гадаад орчноос хамаардаг. Эдийн засгийн нөхцөл байдал, салбарын хөгжил үүнд чухал байр эзэлнэ. Эдийн засаг сүүлийн 5 жилд дараалан уналттай байна. Зах зээлийн багтаамж бага байна. Тухайн салбар уналттай бол нэг компани хичнээн сайн ажиллалаа гээд амжилтад хүрэх боломж хомс байдаг.   

Төр, засаг дэмжих хэрэгтэй гэдгийг зээл олгооч, мөнгө өгөөч гэж ойлгож болохгүй. Том зургаар нь харах хэрэгтэй. Монголд тэгш, шударга, нээлттэй бизнесийн орчин байгаа тохиолдолд бизнесүүд ширүүн өрсөлөж байж л хөгжинө шүү дээ. Тиймээс төр засаг бизнес эрхлэх тогтвортой, таатай орчин бүрдүүлэхэд л болно.  

Ийм орчинд бизнес эрхлэх хүсэлтэй байгаагаа бизнесүүд илүү хүчтэй илэрхийлэх хэрэгтэй байгаа ч өнөөдөр компаниуд нэг нэгээрээ өөрсдийн жижиг, хувийн ашиг сонирхлыг ярьдаг. Үгүй бол томоохон бизнес эрхлэгчид нь төрд гардаг эсвэл улстөрчдийг санхүүжүүлж өөрт ашигтай шийдвэр гаргуулж байна. Үүний оронд хүний, өөрийн бизнес, аль нэг салбар гэлтгүй нийтийн эрх ашигт нийцсэн, улс эх орноо хөгжил, дэвшилд хүргэх шийдвэр гаргах хэрэгтэй.  

УИХ-аас тодорхой дөрвөн салбарт үйл ажиллагаа явуулж буй ААН-д 1 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэрт төр засаг, бизнесийнхэн өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж байна л даа. Зарим улстөрч бүх ААН-ийг татварын хөнгөлөлтөд хамруулах ёстой гэж байхад бизнесийнхэнд ингэж ялгавартай хандаж болохгүй гэх жишээтэй. Та ямар байр суурьтай байна?

Татварын шатлал байх нь зөв үү, буруу юу гэдгийг бодох л хэрэгтэй юм шиг санагддаг. Хэн татвараас хөнгөлүүлэхийг хүсээд байгаа, ямар үндэслэл, шалтгаанаар татвараас хөнгөлөх болсон нь ойлгомжгүй байна. Одоогийн үйлчилж буй татварын шатлалаар бол жилийн борлуулалтын орлого нь 3 тэрбум төгрөгөөс давбал 25 хувийн татвар төлдөг. Ийм өндөр хувийн татвар төлөхгүйн тулд бизнес эрхлэгчид компаниа хоёр хуваадаг. Энэ нь төр засаг гаргасан шийдвэр нь ямар үр дагаварт хүргэж болохыг урьдчилан тооцоолох хэрэгтэйг харуулсан бодит жишээ.  

1,5 тэрбум төгрөгөөс ихгүй борлуулалтын орлоготой, тодорхой дөрвөн салбарын аж ахуйн нэгжид 1 хувийн татвар ногдуулна гэхээр өмнө нь 2,3 хуваагдаж байсан бол одоо 100 болж жижигрэх үү, үүнийг тооцоолсон уу гэж асуумаар байна. Миний бодлоор татвар тэгш, шударга байх ёстой. 

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тухайд татвараас хөнгөлж, чөлөөлж өгөөч гэж хэлж байгааг би төдийлөн сонсоогүй. 

10 хувь бол боломжийн хэмжээний татвар шүү дээ. 10 хувь байгаагаа 1 хувь болгож өгөөч гэж хэн хүссэнийг үнэхээр мэдэхгүй байна.

Гол нь бизнесийн тогтвортой орчныг бий болгооч, хөрөнгө татах хангалттай эх үүсвэр бүрдүүлж өгөөч гэж л хүсдэг.

Ашигтай ажилласны үндсэн дээр л татвар төлж байгаа шүү дээ. Ашиггүй бол татвар өгдөггүй.

Гадаадын хөрөнгө оруулалт буурч, хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж байгаа нь төрийн хүнд суртал, дарамт шахалтаас болж байна уу  гэдгийг тогтоохоор Засгийн газар ажилласан. Энэ нь хөрөнгө оруулагчдыг дэмжсэн хэр дорвитой алхам байв?  

Ер нь манай улсын хөрөнгө оруулалтын орчин тааруу гэж хэлж болно. Хууль эрх зүйн орчин ойлгомжгүй. Тогтвортой биш. Байнга өөрчлөгдөж байдаг. Үүний уршгаар 2011-2015 онд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурлаа.

Дэлхий дээр 200 гаруй улс оршин тогтнож байна. Хөрөнгө оруулагчид аль ч улсад хөрөнгө оруулж болно. Тэдний хувьд сонголт маш өргөн байна. Эндээс яагаад Монголд хөрөнгө оруулах хэрэгтэй вэ гэдэг асуулт урган гарна. Тэдэнд ашигтай гэж үзвэл л бидэнд хөрөнгө оруулна шүү дээ.

Хөрөнгө оруулагчдыг татахын тулд эхлээд хууль эрх зүйн орчноо тогтвортой болгох хэрэгтэй. Нийгэм, эдийн засагт нөлөөтэй аливаа шийдвэр гаргахдаа маш шинжлэх ухаанч хандаж, ухаалаг байх ёстой. Гаргасан шийдвэр нь ойлгомжтой байх хэрэгтэй. Хөрөнгө оруулагчдад харилцан эрх тэгш хандах ёстой. Тэднийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Тэдэнд ялгавартай, эрх тэгш бус хандсаны улмаас л өнөөдрийн энэ байдал үүсэх нэг шалтгаан болсон шүү дээ.

Монгол Улс хөдөө аж ахуй, уул уурхайн салбарыг түшиглэсэн орон. Гэхдээ үе үеийн Засгийн газар эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй гэдэг. Эдийн засаг хэд хэдэн тулгууртай болж чадахгүй байгаагийн гол шалтгааныг та юу гэж хардаг вэ?

Эдийн засгаа төрөлжүүлж, солонгоруулах гэхийн өмнө Монгол Улсад нэн тэргүүнд юу хэрэгтэй байна вэ гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол нэг салбараа дэмжих гэж байгаад нөгөө салбараа унагаах нь бий.

Тэр дундаа дэмжихээ илэрхийлсэн салбар нь хэн нэг улстөрч, бизнесийн бүлэглэлийн ашиг олох талбар байж болохгүй. Нийт эсвэл дийлэнх бизнест ээлтэй шийдвэр гаргах ёстой.

Монголбанк, Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдлээ, бид өрөө дарлаа, өсөлт ажиглагдсан гэж байна. Харин эдийн засагчид шүүмжлэлтэй хандсан хэвээр. Таны бодлоор Монгол Улс хэдий хэр хугацааны дараа хүндрэлээс гарч, эдийн засаг өсөх бол?

Дэлхийн банкнаас эдийн засгийн төлөв байдлыг гаргадаг шүү дээ. Тэр таамаглал л илүү бодитой болов уу. Гэхдээ “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг шиг төр засаг ямар шийдвэр гаргана, бид яаж ажиллахаас шалтгаалж үр шим хүртэнэ эсвэл хор хохирол амсана.

Хэн баялаг бүтээж байна гээд бодоод үзье л дээ. ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Хувийн хэвшлийнхэн эдийн засгийн идэвхтэй хүн амын дийлэнхийг ажлын байртай байлгаж, цалин өгч байна. Тэгвэл төр иргэдийг орлоготой байлгадаг хувийн хэвшлийг дэмжих ёстой юм уу, тэдэнтэй өрсөлдөх ёстой юм уу?

Татварын орлогоо сайн бүрдүүлэхийн тулд хувийн хэвшлээ дэмжих ёстой шүү дээ. Энэ бол маш энгийн ойлголт. Дэмжинэ гэхээр мөнгө өгөх, татвараас хөнгөл гэсэн үг биш. Гол нь миний дахин дахин хэлээд байгаа зүйл бол орчин нь тодорхой, тогтвортой, бизнес эрхлэхэд нээлттэй байх ёстой. Бодлогын түвшинд дуу хоолойгоо хүргэдэг төрийн бус байгууллагатай хамтарч ажиллах хэрэгтэй.

Төрийн өмчит компаниудыг хувьчлах тухай яригдаж байна. Гэхдээ хэзээ хувьчлах, яаж хувьчлах нь тодорхой бус байна. Ер нь хувьчлах нь зөв үү?

Зөв. Гэхдээ таны хэлдгээр яаж хувьчлах вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Хувьчлалыг нээлттэй явуулах ёстой.

Гадны банкны салбарыг Монголд оруулж ирнэ, ирэхгүй гэж ярьсаар л?

Гадны банкны салбарыг Монголд оруулж ирэх нь зөв гэж боддог. Ерөнхийдөө дэлхийн стандарт Монголд ирж ирнэ гэсэн үг шүү дээ. Дэлхийн түвшний таван одтой зочид буудал манайд үйл ажиллагаагаа явуулж байна. Блүүмберг телевиз манайд тодорхой жишиг тогтоолоо. Монгол HD телевиз шоу нэвтрүүлгийн стандарт нэвтрүүллээ. Энэ өнцгөөс нь харвал банкны салбарт дэлхийн стандарт нэвтэрнэ шүү дээ.

Эцсийн эцэст хэрэглэгчид хожно. Гадаадын банк байна уу, дотоодын банк байна уу ялгаагүй хувийн хэвшлийнхэнд хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт л хэрэгтэй. Одоо бол маш өндөр хүүтэй санхүүжилт авч байна. Тийм өндөр ашигтай бизнесүүд ховор шүү дээ. Манайд банкны систем монополь. Хөрөнгийн зах зээл сайн хөгжөөгүй байна. Ийм нөхцөлд хямд эх үүсвэр л чухал байна.

Таны бодлоор төр засаг бизнесүүдийг хэн гэж харах ёстой вэ, бизнесүүд төр, засгийг хэн гэж харах нь зөв бэ?

Хамтрагч гэж харах хэрэгтэй гэж бодож байна. Төр засаг бизнесийн төлөөллийнхөн уулзаж, харилцан санал солилцсоны үндсэн дээр шийдвэр гаргалаа гэхэд тэр нь олон нийтэд нээлттэй, ил тод байх ёстой. Тийм биш байгаагаас болж, өөрийнхөө эсвэл хэн нэгний бизнесийг дэмжлээ гэж хардах нь бий.

Төр, хувийн хэвшлийн түншлэл гэж их ярьдаг. Төр хувийн хэвшлийн бизнесийг булааж байна гэж ч шүүмжилдэг. Тэгвэл төр, хувийн хэвшлийн зохистой харьцаа гэвэл таныхаар юу гэж тодорхойлох вэ?

Төр бизнесүүдтэй өрсөлдөөд дэмий. Дэлхийн жишгийг харахад бизнесүүд байгаа хөрөнгө, нөөцөө маш ухаалаг, ашигтай байдлаар зарцуулахгүй юм бол дампуурдаг. Төр бол алдагдалтай ажилласан ч санхүүжилт олддог.

Төр бизнес эрхлэх нь ухаалаг шийдэл биш. Ажилчид цалингаасаа, байгууллагууд ашгаасаа төлсөн татварын орлогоор бизнесүүдтэй өрсөлдөх бизнес хийнэ гэдэг бол зах зээлд тэгш бус өрсөлдөөн бий болгож байгаа хэрэг.

Нөөц боломжоо зөв ашиглаж чадахгүй атлаа тусгай зөвшөөрөл авна, хөрөнгө оруулалт татна гэж санаа зовохгүйгээр шууд л аж ахуй эрхэлнэ гэдэг чинь шударга биш шүү дээ. Төрийн өмчит компаниуд давуу эрхтэй байна. Гэтэл бизнест тэгш, шударга зарчим л үйлчлэх ёстой. Аль нь чадвар чадамжтай, хэн ашигтай ажиллаж чадаж байгаа нь зах зээлд үлдэж, цааш хөгжих учиртай.

Төр маш ойлгомжтой, тодорхой, тогтвортой бодлого л хэрэгжүүлэх ёстой. Харин хууль тогтоомжинд нийцүүлж, төрийн бодлоготой уялдуулан бизнесээ яаж эрхлэх нь компаниудын асуудал.

Зөвлөлийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байдаг

Монголын Бизнесийн Зөвлөл бол гишүүнчлэлтэй ТББ. Гишүүддээ өгч буй өгөөжөө яаж хэмждэг вэ?

Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч гишүүнчлэл өсөлттэй байгаа. Гишүүд маань хэр амжилттай явж байна, Бизнесийн зөвлөлөөс ашигтай, хэрэгтэй мэдээлэл авч чадаж байгаа эсэх, зохион байгуулж буй сарын хурал, уулзалтууд, сургалт семинар хэр үр дүнтэй байна гэдгийг санал агуулга явуулсны үндсэн дээр хэмждэг.

Ингэж санал агуулга явуулахад манай зөвлөлийн үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байдаг. Өнөөдөр л гэхэд манай шинэ гишүүн надтай ирж уулзаад: “Зөвлөлийн гишүүн болсноос хойш бизнес маань маш амжилттай явж байна, танай үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа шүү, бусад түн байгууллагуудаа танай зөвлөлийг санал болгож байгаа” гэж хэлсэн. Эндээс харахад бид ажлаа сайн хийж байна гэж дүгнэдэг.  

Бизнесүүдийг чадавхжуулах тал дээр ямар бодлого барьж ажилладаг вэ?

Бидний үндсэн зорилгын нэг нь гишүүдтэйгээ дэлхийн хэмжээний мэдлэг, туршлагыг хуваалцах юм. Нөгөө нь гишүүдийнхээ дуу хоолой болох. Дуу хоолой болохдоо хэн нэгний бизнес гэхгүйгээр тухайн салбарын өмнө тулгамдаж буй асуудал, Монгол Улсад юу хэрэгтэй байна гэдэг гэдэг өнцгөөс асуудалд ханддаг. Өөр нэг зорилго нь гишүүд хоорондоо уулзаж, мэдээлэл солилцох, хамтран ажиллах байдаг.

Нэг жишээ дурдахад, АНУ-ын томоохон олон нийттэй харилцах, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компанийн захирал ирж ирж, манай зөвлөлийн гишүүдэд “Нийгмийн хариуцлага гэж юу болох” талаар сургалт орсон. Нийгмийн хариуцлага гээд компани өөрийн ашгаасаа тодорхой хувийг нийгэмд тустай үйлсэд зориулж, түүнийгээ олон нийтэд сурталчлах нь хоцрогдчихоод байна. Нийгмийн хариуцлага нь өөрөө бизнесийн загвар, брэндээ бүтээх онцлог болж хувиарсан байна.

Сүүлийн үеийн чадварлаг залуус ямар компанид, ямар байгууллагад ажилд орж байна гэхээр тухайн компанийн үйл ажиллагааны чиглэл, зорилго, зорилт нь дэлхийд, олон улсад, тухайн улсад хэр ээлтэй вэ гэдгийг хардаг болж.

Аливаа бизнес ажиллах хүчнийхээ чадавх дээр тогтдог гэж үзвэл компани хамгийн шилдэг боловсон хүчин авч ажиллуулахын тулд үйл ажиллагааны чиглэл, зорилго, зорилт, нийгмийн хариуцлагаа эргэн нэг харах хэрэгтэй болж байна.

Таны бизнес тэр чигээрээ нийгэмд ээлтэй байх ёстой. Ханган нийлүүлэгчидтэй яаж харьцаж байна, ажилчдын цалин хангамж ямар байна, ахиж дээшлэх боломж хэр байна, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг нь ажилтны хувьд маш чухал үзүүлэлт.

Тухайн бизнес эрхлэгч олон нийтэд компаниа яаж ч гоё харагдуулж болох байх. Гэхдээ ажилтнаасаа нуух аргагүй шүү дээ. Энэ мэтчилэн дэлхийн чиг хандлага ямар байгааг танилцуулах олон төрлийн сургалт, семинар, өдөрлөг зохион байгуулах замаар бизнесүүдээ чадавхжуулах, мэдлэг мэдээлэл олгохын төлөө ажилладаг даа.

Зөвлөл сар бүр хурал хийдэг. Энэ сарын хурал дээр цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлэгтээ Засгийн газар, яамдын төлөөллийг урьж оролцуулдаг шүү дээ. Тэд урилгыг хэрхэн хүлээн авдаг бол?

Мэдээж таатай хүлээж авдаг. 2007 оноос сар бүр хурал хийж, хуралд маань тогтмол 100 гаруй бизнесийн төлөөлөл ирнэ гэдэг маш том үзүүлэлт.

Маш ач холбогдолтой хурал болдог. Бидний баримталдаг гол зарчим бол сайд, даргыг зүгээр нэг оролцуулах гэхээсээ илүүтэй ямар сэдвээр, хэнээр, юу яриулах нь зөв бэ гэдгийг бодолцдог. Нэн тэргүүнд манай зөвлөлийн гишүүдэд хэрэгтэй мэдээлэл хүргэх ёстой гэсэн шаардлага тавьдаг.  

Монголын Бизнесийн зөвлөлийн анхдугаар чуулга уулзалт өнгөрөгч оны 4 дүгээр сард болсон. Чуулга уулзалтаар хэлэлцсэн асуудал, үр дүнг илэрхийлсэн зөвлөмжийн шинжтэй баримт бичиг гаргасан шүү дээ. Хоёрдугаар чуулга уулзалтын тов гараад байна?

Уг баримт бичгийг 200 гаруй байгууллагын төлөөлөгчид хамтран гаргасан болохоор аливаа асуудлыг олон талаас нь харж чадсан гэж бодож байна. Баримт бичиг үндсэн гурван хэсэгтэй. Түүний нэгд тогтвортой байдал гэж бий. Яагаад тогтвортой байдлыг хамгийн түрүүнд авч үзсэн гэхээр аливаа зүйлийг сайжруулж байна гээд түүнийг олон дахин өөрчлөх, хөдөлгөх нь бизнесүүдэд ойлгомжгүй байдлыг бий болгодог.

Бизнесүүд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлэх, үнэт зүйл, стратегийн төлөвлөлтдөө анхаарах ёстой байтал ямар хууль, дүрэм журам өөрчлөгдөв,  ингэж өөрчлөгдөхөд миний бизнес дагаад яаж өөрчлөгдөх бол гэдгийг судлах, бодолцох хэрэгтэй болно. Хууль зүйн зөвлөгөө авах, нягтлан бодогч, ажилчдаа шинэ зүйлд сургах гээд хэвийн үйл ажиллагаагаа явуулахад хүндрэл учирдаг.

Зөвхөн манай гишүүд гэлтгүй бизнесийнхэн, баялаг бүтээгчид бүгд тогтвортой орчныг хамгийн түрүүнд хүсч байна. Сайжруулах гэж байна гээд битгий улам дордуулаач гэсэн үүднээс уг санамж бичигт хамгийн түрүүнд тогтвортой байдал гэсэн асуудлыг онцолсон. Хэрэв нэмж, өөрчлөхөөр шийдсэн бол сайтар бодож тунгааж, хувийн хэвшлийнхэнтэй хэлэлцэж шийдэх нь зүйтэй.

Аливаа шийдвэр 100 хувь бүх хүнд таалагдахгүй нь ойлгомжтой. Гэхдээ аль нэг салбар, нэг хүний бизнес гэлтгүй Монголын нийгэм, эдийн засагт энэхүү шинэчлэл, өөрчлөлт нь үр дүн авчрах уу, үр дагавар дагуулах уу гэдгийг бодох хэрэгтэй. Ямар шийдвэр гаргавал баялаг бүтээгчид, бизнесүүдээ дэмжсэн шийдвэр болох вэ гэдгийг харах хэрэгтэй.

Дараагийн асуудал бол нөөц ба чадавх. Монгол хүн Монгол Улсын баялаг гэж ярьдаг. Тэгвэл өнөөдөр яагаад жил бүр 35-40 мянган ажлын байрны шаардлага хангахгүй залуучуудыг бэлтгэн гаргаж байгаа юм бэ?

Энэ бол боловсролын үйлдвэрлэл доголдолтой байна гэсэн үг. Томоохон компаниуд 2-3 жил ажилласан туршлагатай байхыг шаарддаг. Гэтэл дөнгөж их, дээд сургуулиа төгссөн залуучуудад ажлын туршлага алга. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. 

35-40 мянган залуучууд жил бүр дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай болж төгссөн бол бүх салбар өсөлттэй байх байлаа. Тиймээс бид нөөц ба чадавхдаа анхаарах ёстой. Нөөц ба чадавх гэсэн асуудалд зөвхөн боловсролын тухай ярих биш институциуд, инноваци, инновацийн сангуудын талаар санал оруулсан. Гурав дахь асуудал бол Монголын бизнесийн орчныг сайжруулах хэрэгтэй байна. Хөрөнгийн зах зээлийг чөлөөлөх, гадны банкийг оруулж ирэх гээд олон чухал өөрчлөлтийг хийх ёстой гэж үзэж байна.