Ч.Улаан: ОУВС-гийн хөтөлбөрт орсноор тэдэнд ямар ч эрх очихгүй
Хаврын чуулганаар төсвийн тодотголыг баталж, зарим хуулийн төслийг өөрчилсөнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаанаас байр суурийг нь тодрууллаа.
- 2017 оны төсвийн тодотголыг баталлаа. Тухайлбал, ямар тодорхой зохицуулалт хийгдсэн гэж үзэж байна вэ?
- Төсвийн тодотгол хийгээд ямартай ч эерэг сигнал боллоо гэж бодож байна. Учир нь ОУВС-тай хамтран ажиллах хөтөлбөрт нэг алхам хийлээ гэж ойлгогдох байх.
Төсөв сайн, муу гэж өнөөдөр ярихгүй байх. Тийм үзүүлэлтүүд ч өнөөдрийн төсөвт таарахгүй. Ер нь эхэлсэн ажлаа цааш зөв үргэлжлүүлбэл алсдаа хямралаас гарах, төсвийнхөө үзүүлэлтүүдийг сайжруулах эхлэл тавигдаж байна гэж ойлговол өөдрөг, үнэнд ойр дүгнэлт болох байх.
Ямартай ч ОУВС-тай хамтран ажиллах хөтөлбөртэй болохын тулд хөтөлбөрт орох урьдчилсан нөхцөл болгон төсөвтөө тодотгол хийсэн нь өөрөө сигнал юм.
- Долоон төрлийн татварын тухайд. Хэчнээн төрөл нь тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх вэ. Хэд нь 2018 оноос хэрэгжих вэ?
- Хугацаандаа гол нь биш байх гэж бодож байна. Ер нь эдийн засгаа сайжруулж, төсвөө эрүүлжүүлэхийн тулд хийх ёстой алхам мөн үү гэвэл мөн. Гэхдээ үүнийгээ маш нарийн тооцож, эерэг сөрөг үр дагавруудыг харгалзан үзэж, зөв зохион байгуулах хэрэгтэй.
- Тэтгэврийн насан дээр та ямар байр суурьтай байна вэ?
- Тэтгэврийн насан дээр янз бүрийн л байр суурь байдаг шүү дээ. Нэг нь нэмээд өгөөч гэж байхад нөгөө хэсэг нь битгий нэмээч гэдэг. Надад дадлага, туршлага байна, үргэлжлүүлээд ажиллая гэдэг саналтай хүмүүс олон байдаг.
Тэгэхээр үргэлжлүүлээд ажиллая гэдэг хүмүүсийн санаанд нийцэх, нөгөө талаас үнэхээр хүнд нөхцөлд ажиллаж байгаа, эрт тэтгэвэртээ гарах хүсэлтэй хүмүүсийн санаанд нийцэх буюу аль аль талыг нь харгалзаж байж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй.
- Монгол Улс ОУВС-тай хамтарснаар эдийн засгийнхаа тусгаар байдлыг алдаж байна. Ийм байдалд хүрсний гол шалтгааныг юу гэж дүгнэж байна?
- Үүнтэй би огт санал нийлэхгүй байна. Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдлаа гэж тийм амар дүгнэж болох асуудал биш.
ОУВС-нд орсноор тэдэнд ямар ч эрх очихгүй.
Харин хямралаас гарах бодлогоо хамтарч тодорхойлох, тодорхойлсон бодлогоо сахилгатай хэрэгжүүлэх гэдэг шаардлага л тавигдана.
Хэрэв бодлогоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байвал ОУВС хамтран ажиллаж, хөрөнгө санхүүгийн дэмжлэгээ зогсоох, түдгэлзүүлэх, хугацааг нь хойшлуулах зэрэг арга хэмжээ авна.
Түүнээс биш төсвөө захиран зарцуулах, хуваарилах зэрэг эдийн засгийн асуудлаа шийдвэрлэх ямар ч эрх Монголын талаас ОУВС-нд шилжиж очихгүй.
- Сангийн сайд бүх зүйлийг ОУВС-гийн зөвлөмжөөр гэсэн тайлбарыг хийлээ шүү дээ?
- Үүнийг үндэслэл муутай тайлбар гэж үзэж байна. Ер нь төсвийн тодотголыг ОУВС-гийн шаардлагыг хангах гэж хийсэн юм биш.
Хямралт байдлаас гарах арга замаа тодорхойлох, эхний хийх ёстой арга хэмжээнүүдээ зөв тодорхойлж, төрийн бодлогод тусгах зорилгоор л тодотгол хийсэн гэж ойлгож байгаа.
Харамсалтай нь энэ шалгуураар үзвэл өнөөдөр миний хувьд сэтгэл дундуур байна.
- ОУВС-гаас дэмжлэг авсан тохиолдолд ямар чиглэлд илүү зарцуулж, үр ашгийг нь тооцох ёстой гэж үзэж байна вэ?
- ОУВС-тай тохиролцоод, түүнийгээ сахилгатайгаар, анх тохирсон хэмжээгээрээ шуурхай хэрэгжүүлж чадвал гурван жилийн дотор манай эдийн засаг сайжирна гэсэн бодлого тодорхойлогдсон байгаа.
Тэгэхээр энэ хугацаанд үр дүнг нь хүртэхийн тулд хөтөлбөрийнхөө зорилтуудыг сааталгүй, удаашралгүй, эргэж буцалгүй, тууштай хэрэгжүүлэх ёстой гэж хувьдаа бодож байна.
ОУВС өөрөө 440 орчим сая долларын тусламж үзүүлнэ. Мөн хоёр талын хамтын ажиллагаагаар 4, 5 тэрбумын хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг орж ирнэ. Тэгэхээр энэ бүх боломжийг зөв ашиглах боломж нээгдэж байгаа юм.
Үүнийг л бид ухаалгаар ашиглах ёстой. Тухайлбал, эдийн засгийг сэргээх, нэмүү өртөг бий болгох, цаашлаад өрийн дарамтыг арилгах, бодитой төсөл арга хэмжээнд энэ хөрөнгийг зарцуулах ёстой.