Ганбаатар.Ж 2017.05.26 | Сайт: Vip76.mn

Ж.Ганбаатарын хариултгүй асуултууд

Ж.Ганбаатарын хариултгүй асуултууд
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2017.05.26/ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Тогтоолын төслийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар жижиг дунд үйлдвэр болон аялал жуулчлалтай холбоотой асуудал хөндөж, холбогдох яамны албан тушаалтан, мэргэжилтнээс хариулт хүссэн боловч түүнд хариулах хүн байсангүй. Ямартай ч хүний ямар асуудлаар хэнээс юу гэж асуусныг хүргэе. 

Тэрээр бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж УИХ-д сууж байгаагийн хувьд тэдэнд тулгамдсан асуудал, эрх ашгийг хөндсөн асуудлаар Засгийн газрыг дорвитой ажил хийхийг байнга шахаж шаарддаг. Тэр дундаа ойрын үед Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүд байгуулах асуудлаар Засгийн газарт шахалт үзүүлж байна. 

Ж.Ганбаатар: Татвар төлөлтийн төлөвлөгөө 40 хувиар давж биелсэн тул жижиг, дунд бизнес эрхлэгчид эдийн засагтаа, УИХ, Засгийн газарт ихээхэн итгэл хүлээлгэж байна.

Эдийн засагт гэрэл гэрээ аслаа гэж үзэж байна.

Эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг харахад 2016 онтой харьцуулахад эдийн засаг 8 хувиар өсөхөөр байна. Энэ бол чамлахааргүй дүн гэж бодож байна. Ямартай ч өнгөрсөн 4, 5 жилд байгаагүй дүн. Эдийн засаг нэг алхмаар ч гэсэн урагшиллаа. Бизнес эрхлэгчид найдлага тавьж байна. Энэ найдлага, ногоон гэрлийг улам тод болгох хэрэгтэй.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд Засгийн газар олон даваа нугачааг давлаа. Уг хөтөлбөрт хамрагдана гэдэг нь бизнес эрхлэгчдэд давуу байдал бий болгож байгаа. Ам.долларын ханш тогтворжих байх. Бизнесээ өргөжүүлнэ, ажлын байр бий болгоно гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн өсөлтөөс үр шимээ хүртэх байх гэж бодож байна.

2016 онд тэг хувийн биелэлттэй байсан, 2018 оны үндсэн чиглэлд тусгагдаагүй Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвүүдийг байгуулах талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бодит хариулт өгөөч?

Жижиг, дунд үйлдвэр нь 750 мянган хүнийг ажлын байраар хангаж буй чухал салбар. Тиймээс энэ салбарт жилд 20 тэрбум төгрөг зарцуулна гэдэг чамлалттай байна. Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалт ашиггүй гэж ярих нь зохисгүй.

Үндсэн чиглэлийн төслөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлийн дорвитой зорилт тусгагдсаныг олж харахгүй байна. Аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээний чанарыг сайжруулах, аялал жуулчлалын төв, цогцолбор байгуулах гэсэн ерөнхий заалт байна.

- Аялал жуучлалыг хөгжүүлэх талаар дорвитой ажил хийх хэрэгтэй. Энэ тал дээр ямар бодолтой байна?

- Хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг яаж хөгжүүлэх талаар бодитой санал алга байна. Тиймээс салбарын яамнаас ямар бодлого барьж байгаа талаараа тодорхой хариулт өгнө үү.