Энхтүвшин.Ө 2017.09.07 | Сайт: Vip76.mn

Бид юуг шинэчлэх ёстой вэ?

Бид юуг шинэчлэх ёстой вэ?

 Та бүхэндээ УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингийн цаг үеээ мэдэрсэн алдартай илтгэл, захидлуудын хэсгээс хүргэж байна. 

2013.02.27
Намынхаа төлөө ачааны хүндийг үүрч хоёргүй сэтгэлээр зүтгэж ирсэн гишүүд, дэмжигчид, идэвхтэн, сонгуультнууд аа!

Бидний нам нэн хариуцлагатай, хүнд сорилтын өмнө ирээд байгаа энэ цаг үед би намын даргын хувиар Та бүхэндээ хандаж энэхүү захидлыг илгээж байна. Намын түүхэнд нэг биш удаа амаргүй сорилтууд тулгарч, Та бидхамтдаа даван туулж ирсэн билээ. Энэ удаад ч бидний хамтын оюун ухаан, итгэл үнэмшил, эв нэгдэл, шударга ёсны төлөөх хичээл зүтгэл маань өөрчлөн шинэчлэгч их хүч болж амжилт олно гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Монгол Ардын Намын даргын хувьд миний бие манай ард түмэн МАН-аас ихийг хүлээж үргэлж итгэж, найдаж ирсэн учраас тэр хэмжээгээр хатуу шаардлага тавьдаг улс төрийн тэрхүү өндөр хариуцлагыг гүнээ ухамсарлаж намаа шинэчлэх, гишүүд, дэмжигчидийнхээ урам зоригийг сэргээж, идэвх санаачлагыг нь дээшлүүлэх талаар цогц арга хэмжээ авах шаардлагатай болжээ гэж үзээд та бүхэнтэйгээ санал бодлоо хуваалцахаар шийдлээ.

Би энэ захидлаараа: нэгд, алдаа, онооныхоо туршлага сургамж, хоёрт, үзэл баримтлал, бодлого хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн үнэлгээ, гуравт, цаашдаа намын ажил, амьдралд чанд баримтлах суурь зарчмууд гэсэн гурван багц асуудлаар байр сууриа илэрхийлж, илэн далангүй ярилцахыг хүсч байна.

Нэг. Ялагдалд хүргэсэн бидний алдаа, сургамжийн оношлогоо.

Өнөөдөр манай намд бий болсон нөхцөл байдал бол зөвхөн ялагдлын дараах улс төрийн хүчнүүдэд тохиолддог ердийн нэг хүндрэл биш ээ. Энэ бол нилээд эртнээс эхэлсэн, ужгирсан, олон үе шаттай үйл явц мөн гэж дүгнэж байна. Түүх рүүгээ бага зэрэг өнгийж харъя.

1996 оны УИХ-ын сонгуульд анх удаа ялагдсан манай нам нэг хэсэг хугацаанд балмагдсан боловч удалгүй идэвхтэй сөрөг хүчний байр сууриа олж дотоод нэгдэл нягтралаа бэхжүүлэн, хориглолтоос давшилт руу шилжсэнээр 2000 онд үнэмлэхүй ялалтыг байгуулсан.

Манай нам энэ урам зоригоороо ажиллаж мянганы зам, газар хувьчлал, бүсчилсэн хөгжил, их өр тэглэсэн зэрэг өлзийгөө өгсөн, бүтээн байгуулалтын олон том бодлогыг дэвшүүлэн хэрэгжүүлсэн.

Өр, ширнээс өөр өвлөж авсан зүйлгүй, бас өвчин тахал, зуд турхан гээд хэцүүхэн сорилтуудтай тулгарч байсан боловч хийх, бүтээх хүслээр жигүүрлэсэн он жилүүд байв. Үүний зэрэгцээ намын дотоодод аюултай нэг өвчин үүсч тархаж эхэлсэн билээ.

Тэр бол хувь хүнд төдийгүй намд тохиолддог “биеэ тоож бардамнах өвчин” юм. Түүнийг Оросын хувьсгалын зарим удирдагчид “зазнайство партий” гэж нэрлэсэн байдаг.

Улс төрийн сөрөг хүчин байхгүй болсон, эсхүл, тэр нь үлэмж суларсан үед ихэвчлэн үүсдэг тэр өвчний гол шинжүүд нь нэг хүний эрх мэдэл, нөлөө тасралтгүй өсч түүнийг тойрон хүрээлэл бүрэлдэх, улс төрийн тавцангаас мөддөө буухгүй мэт хуурмаг төсөөлөлд өөрийн мэдэлгүй автах, шүүмжлэлгүй, хяналтгүй байхыг улам бүр хүсэх, ололт амжилтаа байнга сурталчлах, тэрхүү эрх ашигтаа үйлчлүүлэх хүний нөөц, зохион байгуулалт, үзэл суртлын хүчирхэг бүтэц, машиныг бий болгох, өөрсдийн үзэл бодлоо ард түмнийх мэт ойлгуулахыг оролдох зэрэг юм. Дашрамд дурдахад уг өвчний дээрх бүх шинжийг өнөөгийн эрх баригчдын үйл ажиллагаа өөрийн эрхгүй санагдуулж байна.

Олон түмнээс тасарсан, лидерийг бүхний дээр тавих гэсэн энэ хандлага, гоёчилсон, пологтуулсан сурталчилгаа, биеэ тоосон, санаа амарлингуй байдлаас болж 2004 оны сонгуульд том цохилт авч 72 суудлаа 36 болгож хоёр дахин багасав.

Азаар, ардчилсан намаас хөөгдсөн гурван нэр дэвшигч ялалт байгуулж намынхаа авах байсан 39 суудлаас тэр хэмжээгээр хороож олонхи буюу ялагч тодорсонгүй. Тэр сонгуульд МАН яагаад амжилтгүй оролцсондоо дүгнэлт хийж амжилгүй, төрийн эрх мэдлийг нөгөө талтайгаа хуваахаар тохиролцож Израйль зэрэг орны туршлагыг яаралтай судлан “62-ын бүдүүн бүлэг” болон хамтарсан засгийн газрыг байгуулсан. Өөрийн намын олон түмэнтэйгээ ажиллахаас илүү эвссэн талтайгаа албан тушаалаа хуваарилах, хэн хэндээ төвөг багатай амьдарч учраа ололцох талд онцгой анхаардаг болов.

Тэр үед МАН-ын шинэчлэлийн тухай биш Ардчилсан намын тодорхой хэсэгтэй нийлж Монголын Ардчилсан Хөгжлийн Нам (МАХН)-ыг байгуулах шаардлага, арга замын талаар явцуу хүрээнд ярилцаж байсан нь одоо нууц биш болжээ.

Энэ бол 2004-2005 оны үе бөгөөд миний бие тэгэхэд МАХН-ын нарийн бичгийн дарга байхдаа дээрх бүхнийг эсэргүүцэн санал нэгт хэдэн нөхдийн хамт “Ардчилал, шударга ёс, уламжлал, шинэчлэл” нэртэй жигүүрийг байгуулж намаа авч үлдэх талаар шаргуу тэмцэж байсныг олон хүн сайн мэднэ.

Тэгэхэд манай намын олон хүн “одоо шинэчлэл гээд юу хийх гээд байгаа юм бэ” хэмээн дургүйцэж сонин хэвлэл дээр байр сууриа илэрхийлж байсан билээ. Үүнийг өнөөдөр эргэн санахад, нөхөд маань тэр үед олж авсан албан тушаал, өнөөх “бүдүүн бүлэг”, хамтарсан засагтаа илүү найдлага тавьж, магадгүй зарим нь шинээр үүсч болзошгүй гэх намыг битүүхэндээ сонирхож байсан бизээ.

Хөрс сууриараа ийнхүү суларч байсан хэдий ч том намын зангараг, боловсон хүчний нөөц, сонгуулиас 6 сарын өмнө болсон МАН-ын XXVИх Хурал, түүний шийдвэрүүдээс төрсөн нам шинэчлэгдэх нь гэдэг хүлээлт, сая 500 мянган төгрөгийн амлалт, ардчилсан хүчний бүр их бүтэлгүйтэл зэрэг хүчин зүйлсийн үр дүнд 2008 онд УИХ-ын сонгуульд манай нам олонхи болов.

Харамсалтай нь 46 суудал авсан хэрнээ цөөнх болсон хүчнээ урьж хамтарсан Засгийн газрыг дахин байгуулав. Ингэснээр 7 дугаар сарын нэгний үйл явдлын гол буруутан, сонгогчдын саналыг будлиантуулсан луйварчид мэт нүгэл бүхний эзнийг хэрэг дээрээ МАН өөртөө хаяглуулж улс төрийн том алдаа хийсэн юм. Энэ асуудлыг хэлэлцсэн бага хурлыг эргэн санахад, үдээс өмнө үг хэлсэн хүмүүс бараг бүгдээрээ эсэргүүцэж байснаа үдээс хойшхи хуралдааны уур амьсгал шал өөр болж дийлэнх олонхийн саналаар хамтарсан Засгийн газар байгуулахыг дэмжсэн билээ.

“Ард түмэн 60 хувийн саналаар дэмжээд байхад харин МАН дангаар засаг төрийг аваад явах чадваргүй болжээ”, “УИХ-д суудал авчирсан 46 гишүүнийхээ хүчинд бүрэн итгэхгүй байгаа юм байна” гэсэн ойлголт олон хүнд төрсөн билээ

. МАН-ын гишүүд, дэмжигчдийн урам хугарав. Төрийн алба хоёр намын чадах, чадахгүй нь хамаагүй томилгооны хүмүүсийн оромж болж зарчмаа алдав. Сөрөг хүчин байхгүй болсон учраас аливаа зүйл хаалттай, хяналтгүй, мэдээлэл нь ихэнхдээ бодитой бус байлаа. Өнгөрсөн 4 жилд Атрын IIIаян, Монгол мал хөтөлбөрийн хэрэгжилт, Оюу толгой, Таван толгойг хөдөлгөсөн, хэдийгээр дуусгаагүй боловч эх орны хишгийг иргэн бүрт хүртээх ажлыг зохион байгуулсан, эдийн засгийн өсөлтийг 10 давсан хувиар хангасан зэрэг томоохон ахиц ололтыг гаргасан хэрнээ “МАНАН үүсэв” гэх мэт бүхэлд нь харлуулсан гүтгэлэг, сурталчилгааны эсрэг дээр дурдсан дутагдлуудаас болж олигтой дуугарч няцааж чадаагүй юм.

Намын гишүүд, дэмжигчид, олон түмний итгэлийг сулруулж, зарим талаар бухимдлыг төрүүлсэн хамгийн том алдааны нэг нь боловсон хүчний бодлогын гажуудал байлаа.

2005 онд миний толгойлсон жигүүр гардан хариуцаж боловсруулан намын Бага хурлаар батлуулсан “Хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох тухай” журмыг манай нам хэрэгжүүлээгүй юм. Уг нь түүнд бүх шатанд боловсон хүчний судалгаа явуулж нөөц бүрдүүлэн, тогтмол ажиллах, энэ үндсэн дээр шалгуур хангасныг нь дэвшүүлэн, үйл ажиллагаанд нь хяналт тавьж, үнэлэлт, дүгнэлт өгдөг байх, чадахгүй бол хариуцлага тооцох тухай нарийвчлан заасан юм. Өөрөөр хэлбэл, шалгуур, аливаа томилгоо нь ил тод байх, аль нэг эрх мэдэлтэн дур зоргоор хандахыг хязгаарлах, дарга сайдын нөмөр нөөлөгт ямагт “супермэн” шиг амьдардгийг зогсоох, зөвхөн шударга, сайн нь дэвшдэг байх зэрэг асуудлыг зарчим болгосон билээ. Харамсалтай нь манай ажил ихэнхдээ үүний эсрэг явсан гэхэд хэтрүүлсэн болохгүй.

Улс төрийн цаг үеийн нөхцөл, сонгуулийн хийрхэлээр үзэл, итгэл үнэмшлийг биш мөнгө төгрөг, дарга даамалд ойр байсан, намд хандив өргөсөн гэх улс төрийн хат суугаагүй, үзлийн чиг нь тогтоогүй, ажил амьдралын туршлага багатай хүмүүсээр гол гол албан тушаалуудыг дүүргэж, улмаар шат шатны сонгууль, томилгоонд тэр явцуу хүрээнээсээ сонголт хийдэг болсон гэдэг шүүмжлэл хүчтэй өрнөсөөр ирснийг энд дурдах ёстой.

Намын удирдлагын дээд түвшингийн цикл алдаанаас болж МАН-ын тэмцэх чадварыг үлэмж доройтуулсан маш том хүчин зүйл нь дотоод эв нэгдэл сүрхий суларсан явдал мөн. Ер нь намын дотоодод эв түнжингүй байдал анх яаж үүсдэг вэ гэвэл намын удирдлагын залуурыг атгаж яваа лидерүүдийн хооронд анх үл ойлголцол бий болсноос үүдэлтэй байдаг гэж би ойлгодог. Үл ойлголцол нь гүнзгийрсээр зөрчил, тэмцэл, бүр цаашдаа хорсол, хонзогнол, хагаралд хүргэсэн түүх энд тэнд их бий.

Удирдлагуудын зөрөлдөөн, үл ойлголцол нь дунд, доод албан тушаалтнууд, олон түмэнд дорхноо мэдрэгддэг бөгөөд үүнийг дагасан янз бүрийн хов жив тархдаг. Тэрхүү өрсөлдөөн, тулаандаа ялахын тулд аль аль нь өөрийн итгэлтэй хүмүүсээр багийг бүрдүүлж, тэр бүтэц нь доошоо шатлан өргөжсөөр бүхэл бүтэн намын эмгэг болон хувирдагбололтой. Дарга нарын зөрчлийг мэдэрчихээд дундуур нь гүйж юм уу, аль нэг талд нь багтаж “од шүүрэх” гэсэн “авхаалжтай сэргэлэнчүүдийн” тоглолт бас нэмэгдэнэ.

Нэг мэдэхэд, хаана ч очсон, хүмүүс хоорондоо “хэний хүн гараад ирэв?”, “тэрний бүлэг хүчээ авч байна даа”,“хэнийг, аль талыг нь дагавал ирээдүйтэй вэ?”гэхчлэн ярьж суудаг болчихсныг бид бүгд мэднэ.

Энэ бол манай намд оршсоор ирсэн, одоо хэнд ч нууц биш үзэгдэл юм.

Дотоодын эв түнжингүй байдал нь улс төрийн бодлогоо тодорхойлж зоримог шийдвэр гаргах, нэг зүгт хүчийг нэгтгэн зангидах чадварыг сулруулж бие биедээ итгэх уур амьсгалыг сарниулж, хардлага сэрдлэг, хов жив, цуу яриа газар авах нөхцөлийг бүрдүүлдэг аюултай билээ.
МАХН нэртэй шинэ хүчин үүсчихээд санал хуваагаад байгаа нь уугуул нэрээ сэргээснээс болсон гэхээсээ илүү, томчуулын хоорондын үл ойлголцлын үр дагавар гэж дүгнэвэл зүйтэй мэт.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн хүн маань намын удирдлага дэмжээгүйгээр үл барам, харин ч унагах далд зорилготой байсан хэмээн ил тод мэдэгдсээр ирсэн нь ч бас л итгэлцэл байгаагүйн шинж.

УИХ-ын ба орон нутгийн сонгуульд намаас нэр дэвшсэн нөхөд маань ил, далд хэлбэрээр бие биеэ чимхэж өөр хоорондоо өрсөлдсөнөөс, эсхүл, орон нутгийн намын байгууллагатайгаа нэг баг болж ажиллаж чадаагүйгээс ялагдсан нь мөн л эв нэгдэлгүйн уршиг байв. Энэчлэн сургамж болохоор олон жишээг жагсаагаад байвал хэдэн зуун хуудас дүүрэхээр байна.

Ялагдалд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл бий.

Тухайн сонгуульд ялж л байвал юу ч хамаагүй амла гэдэг тактик дараа дараагийн сонгуульд муугаар нөлөөлдөг тухай энд хөндөх гэсэн юм. Иргэн бүхэнд 1,5 сая төгрөгийн хишиг хүртээнэ гэсэн нь тухайн үедээ сонгогчдын, ялангуяа амьдрал дорой хэсгийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн, 2008 оны сонгуулийн дүнд сүрхий нөлөөлсөн амлалт байлаа. Олон түмэнд ч их хүлээлт үүсгэсэн. Гэвч шидэт саваагаар дохиж Монголыг Эльдорадо болгож хувиргадаггүй л юм бол дөрөвхөн жилд түүнийг бүрэн хэрэгжүүлж хүн бүрийн гар дээр 1,5 саяыг тавих ямар ч боломжгүй байлаа.

Үнэндээ биднийг өнгөрсөн 4 жилд нуман тулгуурт оруулсан асуудлын нэг нь энэ байв. Хамтарсан Засгийн газрыг байгуулахад хүргэсэн нэг шалтгаан нь ч үүнтэй холбоотой гэж боддог. Ард түмнээ хуурч болохгүй хэмээн бид ухамсарлаж хичнээн зүтгэсэн боловч хүн бүрт 500 мянгыг өгч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэмж нэг сая төгрөг олгох санхүүгийн эх үүсвэр бүрдүүлээд сонгуульд орсон билээ. Бас болоогүй, зовж бүтээсэн ажлыг маань Ардчилсан намын нөхөд хамтарсан Засгийн газарт байгаагаа ашиглан “бидний л амлалт биелж байгаа нь энэ шүү дээ” хэмээн ойлгуулахыг хичээж уйгагүй ажилласан. Уг нь дахин 4 жил Засгийн эрхийг барьсан бол дүүрэн хэрэгжих боломжтой байлаа. Тэгж ярьж ойлгуулж ч бид чадсангүй.

Тооцоо, судалгаа муутай амлалт тэрүүхэн цаг үедээ хожил авчирсан мэт боловч нэхэл хатуутай, ер нь хожимдоо муу үр дагавартай гэдгийг “сая таван зуун мянга” сануулаад одлоо.

Сүүлийн хоёр сонгуульд амжилтгүй оролцоход сонгогчдын санал хуваагдсан явдал ноцтой нөлөөлсөн. Намын XXVI Их Хурлаар уугуул нэрээ сэргээхийн төлөө санал өгч байхдаа МАХН гэдэг нэртэй шинэ нам үүсч гишүүд дэмжигчдийн маань санал хоёр хуваагдах юм гэж санаагүй. Уугуул нэрээ сэргээснийг одоо ч би буруугүй гэж боддог. Нэр солих асуудал намын шинэчлэлийн нэг сэдэв болж сүүлийн 20 жилд их, бага олон хурал дээр удаа дараа яригдаж, шийдлээ хүлээж байсан асуудал билээ.

Харин бид энд хоёр том алдаа гаргажээ.

1. Нэр сольсны дараахь улс төрийн нөхцөл байдал, үйл явц намын удирдлагуудын санаж тооцоолсноор өрнөх мэт сэтгэл тайвширч (шүүх, хууль эрх зүйн орчин бүгд баталгаатай мэт төсөөлж)сонор сэрэмжээ алдсан юм.

2. Монгол Ардын Нам хэмээх уугуул нэрээ хоногшуулах, МАН, МАХН гэдэг нь хоёр тусдаа улс төрийн хүчин юм гэдгийг ялгаж салгаж ойлгуулах талаар маш чамлалттай ажилласан. Ялангуяа ахмадуудын дотор энэ хоёр нам, хоёр нэрийг сольж холисон, будилж төөрөлдсөн хэсэг их байна гэсэн ажиглалт, судалгаа, мэдээлэл хангалттай ирж байсан боловч яг үүн рүү чиглэсэн цогц ажлыг орон даяар өрнүүлээгүй юм. Ажил хариуцсан нөхөд маань үйлдвэрт хэвлүүлж, орон нутагт хүргүүлсэн бат илэрхийлэхийнхээ том том тоог давтаж яриад байсан болохоос яг хүн нэг бүрт гардуулах ажил хэрхэн хийгдсэн талаар онцгой анхаарал хандуулаагүй гэж боддог. Зарим газарт шинэ батлахыг явуулын хүнээр дамжуулсан, эзгүйд нь унинд нь хавчуулаад явсан зэрэг хүйтэн, хөндий байдлаархандсан тухай яриаг орон нутагт явахдаа олонтаа сонссон билээ. Одоо ч байдал олигтой дээрдээгүй гэдгийг мэдэрч байна.

Энд зайлшгүй хөндөх бас нэгэн чухал асуудал бий. Тэр нь юу гэвэл, сүүлийн үед МАН, МАХН-ын гишүүд, дэмжигчдийн зүгээс хоёр намыг ойртуулах, хүчийг нэгтгэх саналыг удирдлагуудад шаргуу тавих болсон. Үүнийг анхаарч үзэхгүй байхын аргагүй. Миний бодоход, хоёр намыг нэгтгэнэ гэвэл, хоёр талын их зүтгэл, бэлтгэл ажил, цаг хугацаа шаардагдах төлөвтэй. Харин ерөнхийлөгчийн сонгуульд нэг эвсэл болж оролцох хувилбар нь илүү ойрхон, бөгөөд бодитой, аль алинд нь хэрэгтэй алхам байх болно.

Зөвхөн МАХН-тай төдий бус, парламентад суудалтай, суудалгүй бүх намтай хүчээ нэгтгэн сонгуульд оролцоход бид бэлэн байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа тэмдэглэе.

Бидний алдаа дээр дурдсан хэдэн зүйлээр хязгаарлагдахгүй. Бас:

- Засгийн газраас хэрэгжүүлсэн ахицтай ажил, арга хэмжээнүүд бүгд ард түмэнд хүрч тэдний дэмжлэгийг авч байгаа мэт төсөөлж тайвшрах, сөрөг хүчнээ дутуу үнэлэх хандлагатай байсан;

- Зарим тойрогт (Улаанбаатар, Ховд, Дорнод зэрэг)хүнээ олж нэр дэвшүүлж чадаагүй, намын гишүүдээс сонгуулийн өмнө ирүүлсэн санал, судалгааг олигтой ойшоогоогүй;

- Сонгуулийн зохион байгуулалт, хэвлэл мэдээлэл, сурталчилгаа, ПИАР-ын ажил сул байсан;

- Намын дэмжлэгтэй томилогдсон унд шатны зарим албан хаагчид жинхэнэ хүнд сурталтнууд болж ард түмэнд хөшүүн хойрго үйлчилдэг, авилга авдаг түшмэдүүд болж хувирсан, аль ч шатанд итгэл алдсан хүмүүстэй хариуцлага тооцож чадаагүй;

- Монголчуудын сэтгэлийг зовоож бухимдал, дургүйцлийг төрүүлээд байгаа авилга, хээл хахуулийг таслан зогсоох талаар олны нүдэнд харагдахаар дорвитой ажлуудыг хийж чадаагүй зэрэг алдаа, дутагдал байсан тухай гишүүд, олон нийт ярьж шүүмжилсээр буйг онцгой анхаарч эрс шийдвэртэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой.

Сонгуульд ялагдсан шалтгааны тухай ярихад зарим хүн сонгуулийн хуулийг өөрчилсөн, автомат машин хэрэглэсэн, УИХ-ын болон нийслэлийн сонгуулийг хамт явуулах шийдвэр гаргасан зэрэгтэй голчлон холбож тайлбарладаг. Үүнийг ор тас үгүйсгэх хэрэггүй. Нягтлах, шалгах, тодруулах шаардлагатай. Гэхдээ бас л бид олонхи байх үед хийгдсэн ажлууд.

Хамгийн гол нь хөндлөнгийн хүчин зүйлсийн тухай ярихаасаа илүү өөрсдөөсөө шалтгаалсан асуудлууд, алдаа эндэгдлээ олж харж, ний нуугүй ярилцаж дүгнэлт хийх нь хожимдоо тустай гэдэг үүднээс хандсаныг ухаант нөхөд минь болгоох биз ээ.

- II. Үзэл, онолоо дахиад хөндөх үү?

Намын үзэл онолын талаар өнгөрсөн 23 жилд бараг их хурал бүхэн ямар нэг хэмжээгээр авч үзэж иржээ. 1990 онд болсон Намын онц их хурал “Намын зорилго үзэл баримтлалыг хүнлэг ардчилсан, социалист нийгэм байгуулахын төлөө тэмцэгч улс төрийн байгууллага” хэмээн тодорхойлсон бол жилийн дараа буюу 1991 оны IIсард хуралдсан XXих хурал “шинжлэх ухааны социалист үзэл санааг Монголын өвөрмөц нөхцөлд хэрэгжүүлэхийн төлөө нам тууштай тэмцэнэ” гэж заасан байдаг.

Гэтэл 1992 онд болсон XXIих хурал социалист үзэл санаанаас татгалзахаа зарлаж “шинж чанарын хувьд үндэсний ардчилсан нам байх болно... МАХН үзэл бодлын хувьд үндэсний ардчилсан үзэл санааг баримтална” гэж тунхаглав. Ийнхүү манай нам 3 жилийн дотор үзэл онолоо гурав сольж байсан бөгөөд удалгүй үндэсний ардчилсан үзэл санаа гэдэг нь орхигдсоор төв ёсны үзэл номлол давамгайлж яригдах болсон.

Ойр ойрхон үзэл онолоо сольсноос ялангуяа өрсөлдөгч хүчний зүгээс дайралт ширүүсч “МАН тогтсон үзэл онолгүй болсон, Нагаржунайн төв үзэл гэдэг нь зөвхөн шашны л сургаал, улс төрийн намын онол байж чадахгүй” гэж гутаах аяныг өрнүүлсэн билээ. Ийм нөхцөлд 1997 онд XXIIих хурал хуралдаж намын онол, суртахууны үндэс нь ардчилсан социалист үзэл санаа юм гэж дэвшүүлэн тавьсан. Үүнийг 2010 онд Нийгмийн ардчилал гэж тодотгосон.

Ямар ч гэлээ, МАН үзэл онол шинж чанарын хувьд зүүн төвийн ардчилсан социалист (Социал демократ)улс төрийн хүчин мөн бөгөөд энэ орон зайгаа хэнд ч алдаж болохгүй билээ.

Хэдийгээр өмнөх 70 шахам жилд марксизм, ленинизмийг удирдлага болгоно хэмээн тунхаглаж байсан боловч манай нам зүүний орон зайндаа л оршсоор ирсэн уламжлалтай.

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийг эрхэмлэж, төрийн зохицуулалт, нийгмийн халамж, хамгаалалыг орхигдуулахгүй байхыг шаарддаг, реформынзамаар хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэдэг энэ үзэл онол манай намын хувьд хамгийн зөв чиглэл гэж боддог.

Харин бид энэ үзэл санааг хэрэгжүүлэхдээ хэд хэдэн алдаа гаргасан бололтой байна. Үүнд:
- Социал – демократ үзлийг уриа тунхаг, лоозунгийн шинжтэй зарлаад харин агуулга, мөн чанарыг нь гишүүд, дэмжигчид ард иргэддээ сайтар ойлгуулах үндсэн дээр түүнийг тойруулан нэгтгэх ажлыг хангалттай зохион байгуулж чадсангүй. “Эрх чөлөө”, “шударга ёс”, “эв санааны нэгдэл” гэх үгс хүмүүст хийсвэр, “амьгүй” мэт сонсогддог байна. Зөвлөлт Холбоот Улс задрах үед тэдний нэг том үзэл сурталчийн алдаагаа гэмшин хэлсэн үг байдаг юм.

Тэр нь: “Бидний үзэл суртлын машин сансрын хөлөг мэт их өндөрт тойрон эргэлддэг байлаа. Харамсалтай нь, эх газар руугаа ойртохоор шатчихаад, эсэн мэнд буудаггүй байлаа” хэмээн сурталчилгаа амьдралаас тасарсныг зүйрлэсэн нь санаанд тодхон байна. Нийгмийн ардчиллын үзэл санааг өөрийн орны аж төрөх ёс, соёл, хэв заншил, хүн амын янз бүрийн хэсэг давхарга (залуучууд, эмэгтэйчүүд, ахмад, хот, хөдөөгийн ард иргэд гэх мэт)-ын хүсэл, онцлогтой нягт холбон тэдний “өөрийн нь хэлээр” ярих хэрэгтэй байжээ.

Төрийн зохицуулалт, нийгмийн хамгаалал, халамжийн бодлогыг манай нам олон жил тууштай явуулсан билээ. Гэвч үүнийгээ олон түмэнд хүргэж чадаагүйгээс гадна, зарим үед тооцоо муутай хандаж хэт хавтгайруулснаас ард түмнийг бэлэнчлэх сэтгэлгээнд орууллаа гэх шүүмжлэлд өртөн, хийсэн ажлын маань үр дүн санасан хэмжээнд хүрээгүй. Зүй нь, халамж тусламжийг хавтгайруулалгүй, шаардлагатай хэсэгтээ (зорилтот бүлэг)ахиухан хүртээсэн бол илүү оновчтой болох байсан бизээ.

Жишээ нь, тооцоо муутай хандсаны тод жишээ бол шинэ гэр бүлд олгох 500 мянган төгрөгний амлалт юм. Жилд 13 мянган шинэ гэр бүл нэмэгддэг гэж тооцсон боловч 40 мянга гараад явчихсан билээ. Хуурамч гэр бүл үүсгэсэн зальт этгээдүүдийн орлого болж бидний бодлого байгаа оноогүй.
- Манай намын нийгмийн бааз, суурийн тухай ойлголт сүүлийн 10 гаруй жилд бүдгэрчээ.

Баян, хоосны ялгааг эрс багасгах, хүн амын дотор дундаж давхаргын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, нийгмийн социал хүрээнд (эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, баталгаа, орон сууц, зээл, татварын хөнгөлөлт зэрэг)төрийн зохицуулалт, чиг үүргийг хүчтэй болгох зэрэг бодлого, үйл ажиллагаа маань олон түмэнд хүрч чадаагүй.

Нийгмийн дундаж хэсгийг зонхилуулах гэдэг нь хөрөнгөлөг хэд рүүгээ халдана гэсэн үг биш, харин өдрөөс өдөрт ихсэх хандлагатай ядуу, нэн ядуу хэсгийг өөд нь татаж амьжиргаа, орлогын хувьд дундчууд болгоно гэсэн зорилго билээ. Хүн амын дотор дундаж давхаргын эзлэх хувийн жин, үүрэг, нөлөө байр суурь дээшлэх тусам нийгмийн тогтвортой байдал тэр хэмжээгээр хангагдана гэж үздэг юм байна. 1992 онд бидний хэсэг сэтгүүлчид АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын явцтай танилцсан билээ.

Тэр жил гол өрсөлдөөн Ж.Буш, Б.Клинтон нарын хооронд болсон. Ялалт байгуулсан Б.Клинтоны сурталчилгааны гол сэдэв, уриа нь “анхаарлын гадна хаягдсан дундаж ангийн эрх ашгийн төлөө” гэсэн агуулгатай байв. Америкийн Ардчилсан нам өөрийн гол нийгмийн бааз, дэмжигчиддээ ингэж ойртож, тулж ажиллаж байв.

Манай нам бодлогоо тодорхой ойлгуулж чаддаггүй сул талыг улс төрийн өрсөлдөгчид овжин ашиглаж олигархиудын нам болсон мэтээр мушгин гуйвуулж байгаад няцаалт өгөх ёстой. Багш, эмч зэрэг төрийн албан хаагчид, жижиг дунд үйлдвэрлэгчид, үйлдвэрчний эвлэлийн хүчирхэг арми, үзэл бодлого ойролцоо улс төрийн хүчнүүд зэрэг бүх талтай ойртож үйл ажиллагаагаа нэгтгэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

- Нийгмийн ардчиллын үзэл санааг тунхагласнаас хойш 16 илүү жил өнгөрч байхад энэ үзэл онолыг удирдлага болгосноор манай нам юу хожиж юун дээр алдав, цаашид хэрхэх вэ? гэдэг талаар улс төрийн нухацтай дүн шинжилгээ хийж үнэлэлт дүгнэлт өгөөгүй явж ирсэн нь бас нэгэн алдаа юм.

Улс төрчид, эрдэмтэн судлаачид, гишүүд дэмжигчдийн төлөөлөл бүхий чадварлаг баг гарган Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болох МАН-ын ээлжит XXVIIИх Хурлаас өмнө энэ ажлыг хийх нь зүйтэй гэж үзэж байна.

Сүүлийн үед зарим нөхөд маань үндэсний ардчилсан үзлийг нам авах тухай санал дэвшүүлж байна. Тэдний үгэнд бодууштай зүйл олон бий. Ялангуяа ардын хувьсгал, Халхын гол, эх орны дайны жилүүдэд эх оронч үндэсний үзэл мэдрэмжийг өргөх замаар ард түмнийг нэгтгэх шаардлага байсан, тэгж ч байж амжилт олж байсан түүхийг мэднэ.

Харин өнөөдөр ардчилсан социалист үзлээ хаяад өөр онолыг авах ямар онцгой шаардлага гарав, 90-ээд оны эхэнд үзэл онолоо ойр ойрхон өөрчилснөөс бусдын дайралтад өртөж байсан шиг бэрхшээл тулгарахгүй гэх баталгаа бий юу, хүлээж авдаг юмаа гэхэд богино хугацаанд яаж гишүүд, дэмжигчдийнхээ итгэл үнэмшил болгох вэ? гэх мэт олон асуудлыг сайтар бодож тунгаах хэрэг зайлшгүй гарна. Үгүйдээ гэхэд, социалист үзэл санаанаас татгалзаж үндэсний ардчилсан үзэл санааг баримтална гэсэн намын XXIих хурлын (1992он)жанжин шугам яагаад хэрэгжиж чадалгүй замаасаа бүдгэрээд төв үзэл болж хувирсан бэ? Гэдэг өмнөх замаа эргэж сайн судлах хэрэгтэй болов уу.

3.Ардын намынхны эрхэмлэх есөн зарчим

Цаашдаа МАН Монгол Улсын хамгийн хүчирхэг зүүний хүчин, улс төрийн тэргүүлэгч нам байхын тулд юу хийх ёстой вэ гэдгээ тодорхойлох зорилгоор туулсан замаа эргэн харж юун дээр алдсанаа олж харахыг хичээлээ.


Энэ цаг үед намын даргын хувьд МАН-ын шинэчлэл гэж чухам юуг ойлгож байгаа вэ гэдэг талаар одоо саналаа хэлье. Шинэчлэл гэж ярингуут үзэл онолтойгоо ноцолддогийг зогсооё гэдэг саналаа дээр хэлсэн. Бас нэртэйгээ зууралдахаа болъё. Уугуул нэрээ сэргээх шийдвэрийг XXVIИх Хурлын төлөөлөгчид бараг зуун хувийн саналаар гаргасан тул зөв, буруу гэж өнөөдөр маргалдах нь утгагүй хэрэг. Ингэхлээр сэтгэлгээ, арга барил, үйл ажиллагаагаа шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарч байна. Энэ шинэчлэлийг хийхийн тулд дараах 9 зарчим дээр нэгдэж тэдгээрийг ягштал мөрдөх саналыг дэвшүүлж байна.

Нэг. Үзэл бодол, итгэл үнэмшилээ дагасан эв нэгдэл, нягтрал.

Суурь үзэл баримтлалын хязгаарын дотор үзэл, бодол, байр суурийн зөрөө гарах, асуудлыг шийдэх арга зам, тактикийн талаар өөр өөр байх, бүтээлч шүүмжлэл, маргаан, мэтгэлцээн өрнүүлэх нь туйлын эрүүл бөгөөд харин эцэстээ асуудлыг олонхийн саналаар шийдвэрлэдэг, нэгэнт шийдвэр гарсан бол түүнийг бүгд хүндэтгэн дагаж хэрэгжүүлэхийн төлөө хүчээ нэгтгэн ажилладаг байхыг жинхэнэ эв нэгдэл гэж ойлгож байна.

Түүнээс биш сохроор бишрэн шүтэх (фанатизм маягийн), эсхүл дарамт, шахалт, болгоомжлолд автан дуугүй гар өргөдөг хуурамч эв нэгдэл бидэнд хэрэггүй. Хамгийн аюултай нь нутаг нуга, амраг садан, анги танхим, бизнесийн хүрээ зэрэг явцуу эрх ашгийн сонирхлыг тойрон нягтарсан нэгдэл бөгөөд түүнээс бид ямагт сэрэмжлэх ёстой. Ийм бүлэглэлүүд хүчээ авч эхлэх юм бол эрх мэдэл, албан тушаал, эд баялагийг хуваан, ингэснээрээ түр зуурын найрсал, зохицлыг олдог мэт боловч сууриараа хэврэг, өнөөгийн Ардчилсан нам шиг болж МАН дотроосоо идэгдэх аюултай.


Сүүлийн үед манай намын зарим шинэ гишүүн (их олон биш)Ардчилсан нам шиг олон фракциудтай больё, өгдөг юмыг нь хүртээж зүтгүүлье, хүн бүртэй ярьж байснаас цөөн хэдэн лидерүүдтэй нь ажиллахад намын дарга, удирдлагуудад ч амар шүү дээ гэж хэлж, бичих боллоо. Энэ бол манай язгуур зарчим, суртахуунд огт нийцэхгүй тул, 10 гаруй намын нэгдэл болсон тэр хүчнийг дууриах гэж оролдох огт хэрэггүй гэдгийг залуу нөхөддөө зөвлөе.Харин ашиг сонирхлын явцуу зорилгын үүднээс биш, тодорхой чиглэл, зорилгоор үүсч байгуулагдаад үүргээ биелүүлснийхээ дараа татан буугддаг жигүүрийн тухай асуудал бол өөр юм. Энэ бол манай намын дүрмээр зөвшөөрөгдсөн зүйл.

Бид бат цул эв нэгдэлтэй байх юм бол хэнд ч, юунд ч үл дийлдэнэ. “Хоёр хүн нэгдэлтэй бол хана хэрэм мэт, хорин хүн нэгдэлгүй бол нурсан балгас мэт” хэмээн Д.Дэмбэрэл гуай УИХ-ын нэгэн чуулган дээр хэлснийг иш татъя.

Хоёр. Эрх ашгийн зохистой эрэмбийг хангах.


Энэ зарчим зөрчигдвөл нам дотоод эв нэгдэл, нягтралаа хангаж чадахгүй, ард түмний дэмжлэгийг ч хүлээхгүй. Эхлээд Монгол эх орон, тэгээд төр, дараа нь нам улмаар гэр бүл, хувийн эрх ашиг гэсэн эрэмбэ, дарааллыг бид үргэлж тууштай удирдлага болгох учиртай. Эрх барьж буй хүчин өнөөдөр энэ зарчмыг хэрхэн хөсөрдүүлж буйг бид тод харж байна.

Ард түмний олонхийн саналыг аваад сонгогдсон хүмүүсийн тангарагийг нь өргүүлэхгүй саатуулж байгаа, тангараг өргөсөн заримыг нь хүчээр буцааж татан өөрсдийн нэр дэвшигчдээр солихыг оролдож буй, өөрөөр хэлбэл, шударга сонгуулийн аргаар бус, хүч түрэх замаар УИХ-д ч, орон нутагт ч олонхи болохыг улайрч байгаа нь намынхаа явцуу эрх ашгийг улс орон, төрийнхөөс дээгүүр тавьж буйн маш тод жишээ мөн.

Төрийн олон мянган албан хаагчдыг үзэл бодлоор нь ялгаварлан хоморголон халж, өөрсдийн ах, дүү, амраг садан, бизнесийн хамтрагчдаа ичгүүр сонжуургүй тавьж буй нь хувийн эрх ашгийг бүхнээс дээгүүр тавьдгийн бас нэг илэрхийлэл билээ. Ард түмнээр овоглосон манай нам ийм зарчимгүй хандлагыг цаашдаа өчүүхэн ч гаргах эрхгүй бөгөөд түүний аливаа илрэлтэй эвлэршгүй тэмцэх ариун үүрэгтэй.

Гурав. Үе үеийнхний жам ёсны залгамж холбоо, нэгдэл зохицлыг хангах.

Манай нам бол хэзээнээс ахмад, дунд, залуу үеийн алтан хэлхээ, нэгдэл дээр оршин тогтнож ирсэн түүхтэй. Ах нь мэддэг, чаддагаа, хуримтлуулж, хурааснаа өвлүүлэхийн тулд хэлж захиж, үлгэрлэдэг бол дүү нь эрдэм болгон тусгаж авдаг залгамж чанар ингэж хангагддаг билээ. Гэтэл хааяа хоёр талаас зохистой бус үг, яриа сонсогддог. “Залуучуудад эрх мэдлийг хангалттай өглөө, гэвч чадсангүй” хэмээн сонгуулийн ялагдлыг гол нь тэдэнтэй холбох янзтай ярьдаг нэгэн байхад, нөгөө талаас,“ахмадууд хоцрогдсон, зөвхөн 70, 80-аад оныхон суудлаа эзлэх цаг болсон” гэж дунд, ахмад үеэ үгүйсгэх хандлагыг нэг хэсэг нь цухалзуулж байна. Үүний аль аль нь буруу.

Намын эв нэгдэлд бас хортой. Аль нэг үе гэж туйлшрахгүйгээр, аль алиндаа байгаа давуу тал, давтагдашгүй чанаруудыг хүлээн зөвшөөрч бие биеэ нөхөн хамтран ажиллах ёстой бөгөөд ялангуяа боловсон хүчний бодлогод энэхүү залгамж чанар, оновчтой зохицлыг хангахаас өөр эрхэм зүйл үгүй.

Бидний анхаарлын төвд хэзээд байх учиртай бас нэг том асуудал бий. Тэр бол хүн амын 50 илүү хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого юм. Дэлхийн социнтернийн гишүүн гол, гол намуудын бодлогын тэргүүлэх чиглэл болчихоод байгаа энэ асуудлыг бүх шатанд ажил хэрэг болгоход манай нам туйлын санаачлагатай байх үүрэгтэй.

Эрэгтэйчүүдээс ялгаатай олон давуу чанар манай эмэгтэйчүүдэд бий. Тэдгээр нь нам төрийн ажилд үгүйлэгддэг, цаашдаа ч улам үгүйлэгдэх болно гэдгийг эрчүүд бид аман дээрээ биш, сэтгэл зүрхээрээ мэдэрч хүлээн зөвшөөрөх цаг болсон.

Товчхон хэлбэл, ахмад, дунд, залуу үе + эмэгтэйчүүд гэсэн амьд шүтэлцээг МАН гэсэн организмын бие эд эрхтэн хэмээн тодорхойлж болох юм.

Дөрөв. Ил тод, нээлттэй илэн далангүй байх.


Намын гишүүд, дэмжигчид ард иргэдийн сонирхож буй аливаа асуудлаархи мэдээлэл нь шуурхай, үнэн зөв, хүртээмжтэй, илэн далангүй байвал тэдний дэмжлэгийг илүү хүлээж элдэв цуурхал дэгдэхээс сэргийлж чадна. Далдуур хуйвалдан сэм тохиролцох, түүнээ нууцлах, мэдээллийг хэдхэн хүн өмчлөх,“цаг нь болохоор дэлгэнэ” гэж сэжиг таамгийг улам газар авахуулах, хүмүүсийн талаар хангалттай мэдээлэлтэй мэт ярьж бусдыг битүү сүрдүүлэх нь орчин үеийн соёлтой улс төрд харш зүйл гэж үзнэ.

Мэдээж хэрэг, энэ нь улс төр, намын аливаа чухал асуудлыг байх ёстой хүрээ, хязгаарынх нь дотор зохих шатанд нь заавал нээлттэй, ил тод байлгах тухай ярьж байгаа хэрэг. Олон нийтийн хамгийн их сонирхдог, мэдээлэлгүйгээсээ болоод дургүйцэж бухимддаг асуудал нь ихэвчлэн боловсон хүчний бодлоготой холбоотой байдаг. Хаана ямар албан тушаалын орон тоо гарсан, тэнд хэн, хэнийг судалж, ямар шалгуураар эцэст нь тодруулсан, сонгогдож, томилогдсон нөхөд яаж ажиллаж буй зэрэг асуудлыг цаашдаа хамгийн ил тод байлгахыг эрмэлзэнэ.

Тав. Гишүүд дэмжигчид ба удирдлагын нэгдлийг хангаж эргэх холбоотой ажиллах.

Олон түмэн, гишүүд дэмжигчид, анхан шатны нэгж хэсгүүдтэйгээ улам ойртож бодитой мэдээлэл өгч санал бодлыг нь сонсож байх төдийгүй зөвлөж туслан итгэлийг нь олж хүрээлүүлэх, ингэснээр тэднийг гол тулгуур хүчээ болгох гэсэн санаа энд байгаа юм.

Намын гол хөдөлгөгч хүч нь угаасаа гишүүд, дэмжигчид болохоос бус хэдэн дарга даамлууд биш билээ. Гишүүд, дэмжигчдээ идэвхжүүлж, тэдний дэмжлэг, хүчийг авч байж аливаа нам улс төрийн өрсөлдөөнд ялдаг нь нийгмийн хууль, хөдлөшгүй аксиом тул намын удирдах зөвлөл, шат шатны идэвхтэн, сонгуультан бүгд үүнийг онцгой анхаарахыг даалгаж байна.

Ингэж чадахгүй бол, намын удирдлага, олон түмний хооронд хоосон зай (вакуум)улам тэлсээр яваандаа бүрмөсөн тасрахад хүрч МАН-ыг улс төрийн хамгийн хүчирхэг нам болгох тухай бодох ч хэрэггүй юм. “Нам маань биднийг сонгууль болохоор л санадаг” гэдэг шүүмжлэлийг дахин олон хүнээс сонсохгүйн тулд тэдний амьдралын гүнд орж ажиллацгаая. Нэг үед манай хэсэг улс төрчид манай нам парламентын нам болж төлөвших ёстой.

Энэ юу гэсэн үг вэ гэвэл, нам гол нь сонгуулийн үед идэвхтэй ажилладаг, бусад үед бужигнаад байдаггүй, парламент дахь бүлгээрээ дамжуулан үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг байхыг хэлнэ хэмээн ярьж, бичиж байсан нь олон түмэн рүүгээ хандсан ажлыг сулруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж мэднэ. Энэ бол цаг зуурын нөхцөл байдалд хэт автсан, өрөөсгөл ойлголт гэдэг нь улс төр, нийгмийн урт удаан хугацааны практикаар нэгэнт нотлогдлоо.

Зургаа. Тооноос чанарыг эрхэмлэх.


Сүүлийн үед манай намын байгууллагууд статистик тоо, хэлбэрийн үзүүлэлтүүдээр хэт их хөөцөлдсөн билээ. “МАН-ын гишүүдийн тоо 260 000-д хүрэв”, “6 хүн гарахад 60 мянган залуу элсч байна”, “Ард түмнээ сонсох аян нэг сая 200 мянган сонгогчийг хамрав” гэх мэт. Тоо чухал, гэхдээ агуулга, мөн чанар нь түүнээс чухал. Улсын Их Хурлын сонгуулиар манай намын авсан саналын тоо 355мянга орчим байсан.


Нэг гишүүн өөрөөсөө гадна нэг сонгогчийг (эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, найз нар гэх мэт)санал өгүүлж чадсан бол дор хаяж 520 мянган орчим хүний санал авах ёстой байлаа. Тэгэхлээр тэр том тоо чанар талаасаа тун бага зүйлийг илтгэж байна. Жинхэнэ сэтгэлтэй, идэвхтэй нь хэд вэ, хэдэн хувь бэ? гэвэл баримжаа тоо хэлэхэд ч амаргүй бололтой.


Олон гишүүн элсүүлсэн хэмээн дүн мэдээ ирүүлдэг үүр хороог “сайн” гэж шалгаруулж урамшуулдагаа ч эргэн харах шаардлагатай. Гишүүн элсүүлэхдээ хатуу шалгуур тавьдаггүй юмаа гэхэд, үүрийн дарга ядахдаа зорилго, бодлыг нь сонирхож товч атугай ярилцлага хийдэг байх нь зүйтэй мэт. Хамгийн гол нь элсүүлээд мартчихдаггүй, эргэж холбогдож мэдээлэл өгч, сургалт семинарт хамруулж бас үүрэгжүүлж, боломжийн байвал боловсон хүчний нөөцөд авах, урамшуулах зэргээр тэдэнтэй ажиллах ёстой билээ. Ер нь энэ жилдээ багтаан гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг хийхэд илүүдэхгүй гэдгийг дашрамд хэлье.


Тэмцэх чадвартай, зохион байгуулалттай, дайчин улс төрийн хүчин байхын тулд хэлбэрээс агуулгыг, тооноос чанарыг чухалчлан үздэг болцгооё. “Чанаргүй ихээс чанартай бага нь дээр” хэмээн одоогоос зуун жилийн тэртээ нэгэн сэтгэгч сануулсан байдгийг өгүүлэхэд илүүдэх юун.

Долоо. Боловсон хүчний бодлогыг шударга ёсны зарчимд нийцүүлэх.

Энэ нь дараахь агуулга, хүрээг хамарна гэж бодож байна. Үүнд:-2005 онд батлагдсан одоо хүчин төгөлдөр байгаа журмыг (шинэчлэх шаардлагатай бол даруй боловсронгуй болгож)бүх шатанд ягштал мөрдлөг болгох, зөрчсөн этгээдтэй хатуу хариуцлага тооцож хэвшүүлэх;
-Бүх сул орон тоо, тавигдах шалгуур, томилгооны тухай мэдээллийг бүхэлд нь нээлттэй, ил тод болгох;
-Аль болох шударга сонгон шалгаруулалтаар тодруулахыг хичээх;
-Албан тушаалд дэвшүүлэхдээ мэдлэг, боловсрол, туршлага, шударга чанар, мэргэжил, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн байдал, нэр хүнд зэрэг ажил хэрэг, ёс зүйн шалгуурыг гол болгодог байх;
-Найз нөхөр, нутаг нуга, садан төрөл, бизнесийн холбоо, сүлбээ, урьд өмнөх ач тус зэргийг санаж томилгоо хийдгийг бүрмөсөн зогсоох;
-Томилоод зөнд нь орхих биш, ажилд нь байнга үнэлгээ өгч, сайныг нь урамшуулж дэвшүүлэн, итгэл алдаж, нам төрийн нэр хүндийг гутааж байдаг этгээдүүдтэй дор бүр нь хариуцлага тооцож чаддаг байх;
-Улс төрийн манлайлагчдыг тодорхой бодлогоор шат дамжуулан бэлтгэх зэрэг болно.

Манай нам ийм зарчмуудыг тууштай мөрдөж, хэм хэмжээ болгон хэвшүүлж чадна гэдэгт би эргэлзэхгүй байна.

Найм. Улс төрийн өндөр ёс зүйг чанд сахин хангах.

Ардын намын хамт олон, ялангуяа удирдлага, идэвхтэн, сонгуультнууд, намын дэмжлэг авч сонгогдож томилогдсон хариуцлагатнуудын ёс зүйн хэм хэмжээ ямар түвшинд байх нь олон түмнийг дагуулах чухал хүчин зүйл мөн. Сонгогчид аль нам нь илүү вэ гэдгийг үнэлж цэгнэхдээ бодлого, үйл ажиллагааг нь харахаас гадна гишүүдийнх нь биеэ авч яваа байдал, үг яриа, ааш араншин, ерөнхий нуруу, бусадтай харьцаж буй хандлага зэргийг сүрхий ажиглаж харьцуулж дүгнэдэг юм билээ

Өөрөөр хэлбэл, намыг нь тухайн сум, багт амьдарч ажиллаж буй гишүүдээр нь дүгнэх хандлагатай хүн олонтаа тааралддаг. “Тэр намынхан гэж нэг баахан худлаа ярьсан, сүржигнэсэн нөхөд байдаг юм.”, эсхүл “энэ сумын хөрөнгийг идэж барсан хүмүүс нь тэдний л намынхан даа” гэхчлэн иргэд өөр хоорондоо хөөрөлддөгийг бид бишгүй сонсдог шүү дээ. Сүүлийн үед олон нийт “элдэв бохир юманд хутгалдаагүй, нэр цэвэр хүн” гэдэг шинэ нэр томьёог гаргаж хэн нэгэн хүний тухай яриа үүсэхэд уг шалгуураар шүүж дүгнэхийг хичээдэг болсныг Та бүхэн анзаарсан бизээ. Ард түмэн цаашдаа аливаа сонголт хийхдээ ёс зүйн шалгуурыг бүр илүү анхаарах болно гэдгийг сануулж буй хэрэг эрхбиш энэ мөн.

Ам ажлын нэгдлийг хангадаг, хүнийг дээд доод гэж ялгаварладаггүй харьцдаг, шулуун шударга, алдаа хийсэн бол хэнбугайг ч хамаагүй шүүмжилдэг, хүнд суртал гаргадаггүй, төрийн ажлыг хашиж байгаа хэрнээ гар дагуулж хараад байдаггүй, эд хөрөнгө, эрх мэдлийн хойноос улайран хөөцөлдөггүй, хуйвалддаггүй, бүлгэрхдэггүй, нэр цэвэр байх – ийм л өндөр шаардлагуудыг орчин үеийн улс төрчдөд олон нийт илүү их тавих нь ээ.


Энэ оны 6 дугаар сарын сүүлчээр болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхдээ ямар шалгууруудыг гол болгох талаар гишүүд, дэмжигчид, иргэдээс санал асуух шийдвэрийг бид саяхан гаргасан. Хэдхэн хүний хүрээнд ярьж байгаад тулгалт мэт гэнэт зарладаг арга барилаа өөрчилж, наана нь олон түмэнтэйгээ зөвлөж байж асуудлаа шийдье гэдэг зорилгын үүднээс ийм бодлогыг дэвшүүлсэн. Гишүүд, дэмжигчид, иргэд саналаа хэлэхдээ ерөнхийлөгчийн тухай хуульд заасан тусгай шалгууруудаас гадна ёс зүйтэй холбоотой шалгууруудыг авч үзэж байр сууриа илэрхийлэх бүрэн эрхтэй билээ.

Ес. Бодлого, зорилт ба бүтэц, зохион байгуулалтын уялдаа, зохицлыг хангах.

УИХ-ын сонгуулийн дүнгээр тодорхойлогдсон намын байр суурь, чиг үүрэг, статусаас хамаарч бүтэц, зохион байгуулалт шинэчлэгдэж байх шаардлага зүй ёсоор тулгардаг. Ялангуяа сөрөг хүчин болсон үед тэр нь харьцангуй цомхон, уян хатан, маневрлах чадвар сайтай, олон нийт рүү нэвтрэх гарц өргөнтэй нээлттэй байх ёстой болов уу.


Өнөөдөр ажиллаж буй Бага хурал, Удирдах зөвлөл, намын төв болон орон нутгийн хороодын ажлын алба, тэдгээрийн бүтэц, бүрэлдэхүүн, зохион байгуулалт нилээд шүүмжлэлд өртсөөр байгааг анхааралдаа авч боловсронгуй болгох шаардлагатай. Гишүүд, дэмжигчид, улс төрчид, намын ажилтнууд сүүлийн үед бидэнд хандан чухал хэд хэдэн санал дэвшүүлсний заримыг танилцуулъя:


-Намын Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог цөөлж зохистой хэмжээнд тогтоох;
-Бага хуралд орон нутгаас сонгогдох бүрэлдэхүүний талаар дээрээс чиглүүлж оролцдогийг үлэмж хязгаарлах;
-Намын удирдах зөвлөл төлөөллийн шинжтэй байгууллага болсныг өөрчилж “бодлогын үйлдвэрлэл явагддаг уураг тархи” байхаар зохион байгуулах;
-Нарийн бичгийн дарга нарын тоог эргэн харж чиг үүргийг нь оновчтой болгох;
-Удирдах зөвлөлийн болон УИХ дахь бүлгийн ажлын албуудын үйл ажиллагааг нягт уялдуулах;
-Намын аппаратын бүхий л бүтэц, зохион байгуулалт, нэгж хэсгүүдийн болон шинээр байгуулагдсан хяналтын танхимын нягт хамтын ажиллагааг хангах;
-Гишүүд дэмжигчдийнхээ үйл ажиллагааг чөлөөтэй, өргөн хүрээтэй болгохын тулд “мэргэжил сонирхлын бүлэг”, “клуб”, “хамтлаг” гэх мэтийн бүтцүүдийг жинхэнэ ёсоор байгуулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;
-Нам дэргэдээ сургалт, судалгааны болон мэдээллийн маш хүчирхэг бүтэцтэй болохын тулд намын “Үнэн” сонин, Нийгмийн Ардчилал хүрээлэн хоёрыг нэгтгэн зохион байгуулах;
-Намыг санхүү, үйл ажиллагааны менежментээрээ сайн дэмждэг “сан”-гуудыг байгуулж намын ажлын зарим хэсгийг, ялангуяа сургалтын үйл ажиллагааг хариуцуулдаг болох;
-Нам дэргэдээ байнгын ажиллагаатай, мэргэжлийн хүчтэй ПИАР-ын баг байгуулах.


Эдгээр санал, зөвлөмжийг улам чамбай судалж Их, Бага хурал, удирдах зөвлөлөөрөө ярилцан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Манай намын Эрхэм журмын нөхөд, дэмжигчид ээ!


Та бүхэндээ хандсан ийм захидлыг намын даргын ажлыг авсны дараахан бичье гэж анх бодсон боловч түүнээ нилээд хожуу гардуулж байна. Учир нь үйл явдлын өрнөл, хандлагыг ажиглая, аль болох олон хүнтэй уулзъя, шат шатны хурал цуглаануудын уур амьсгалыг тандъя, намын дотоод байдлыг МАН-ын даргын хувьд өөрөө сайн судалъя гэж шийдсэн билээ. Өөрөөр хэлбэл, намын амьдралын өнөөгийн хамгийн тулгамдсан асуудлууд нь юу юм бэ гэдгийг олж тогтооход биеэ бэлтгэсэн хэрэг. Оройтуулсан гэх шүүмжлэлийг ч хүлээж авахад бэлэн байна.


Энэхүү захидлыг бичихдээ улс төрийн ямар нэг шоу хийх, энд хэлсэн бүх зүйл, хийсэн дүгнэлтүүд туйлын үнэн гэж ойлгуулахыг хичээх, өөрийн бодлоо тулгах, өмнөх дарга нарынхаа хэн нэгнийг онцгойлон буруутгах санааг огтхон ч агуулаагүй бөгөөд хамгийн гол нь ойрын ирээдүйд намаа яаж өөд нь татаж бэхжүүлэх вэ гэдэг асуудлаар Та бүхнийхээ саналыг авч нэгтгэхэд үүнийг сэдэл болгон өргөн барилаа.
Энд дэвшүүлж буй эл санаануудыг тойруулж өөр хоорондоо сайн ярилцаж, шаардлагатай бол намын байгууллагаараа хэлэлцэж, санал бодлоо нэгтгэн надад ирүүлбээс миний зорилго биелэх болно.


Та бүхэн өөрийн биеэр болон захидал, утас, хурал, уулзалтын тэмдэглэл, цахим шуудан, ер нь боломжтой бүх хэлбэрээр саналаа илэрхийлбэл миний бие баяртай байх болно.

Монголын төлөө гэсэн Ардын Намын минь үйлс бүтэх болно!

Хүндэтгэсэн,

МАН-ын дарга,УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин