Б.Бат-Эрдэнэ Я.Содбаатар Ө.Энхтүвшин Д.Амарбаясгалан 2017.09.18 | Сайт: Nam.mn

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 101 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн  Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин , МАН-ын удирдах зөвлөлийн ажлын албаныхан, МАН-ын Хяналтын Ерөнхий хороо, нийслэлийн МАН-ын хорооны дэргэдэх ТББ-ууд, Ю.Цэдэнбал академийн тэргүүлэгчид болоод Маршалын үйл хэргийг үргэлж дэмжиж ирсэн иргэдийн төлөөллүүд түүний гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

Цэцэг өргөх ёслолын арга хэмжээг нээж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэлсэн юм.

Тэрбээр “өнөөдөр түүний мэндэлсний 101 жилийн ой тохиож байна. Түүний бүтээж босгосоныг бид жил бүрийн энэ өдөр эргэн санаж, Маршалынхаа гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ.

Монгол орон бүхэлдээ сэрсэн ХХ зууны их хөгжлийн жилүүдэд монголчууд бүгдээрээ бичиг үсэгтэн болж, монгол хүн эрүүлжин саруулжиж, Монголын далбаа НҮБ-д мандан, урлаг соёл спортоор дэлхий дахинд танигдаж, Монголын нэр ертөнцийн дэвжээнд гарсан билээ. Түүнчлэн Дархан, Эрдэнэтээр түүчээлсэн их бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хөгжил, Алс Дорнодын талаас Алтай Таван богд хүртэл Умардын их тайгаас Өмнөдийн Элсэн манхан хүртэл үргэлжилж байсныг бид мартах учиргүй.

Энэ агуа эрхэм үйл хэргийг бүтээн байгуулах ариун цагаан фронтыг Юмжаагийн Цэдэнбал удирдаж байсан нь мартагдашгүй үнэн юм" гэв.

Харин түүний нэрээр нэрлэгдсэн Ю.Цэдэнбал академийн дэд ерөнхийлөгч Б.Энхмандах өнгөрсөн онд тохиосон Маршалын 100 жилийн ойн талаар өгүүлэхдээ

“Энэ тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоолыг гаргахад хүчин зүтгэж байсан улс төрчид, УИХ-ын гишүүд өнөөдөр энд хүрэлцэн ирсэн байгаад маш их баяртай байна.

Бид өнгөрсөн жил гаруйн хугацаанд улстөрийн намуудын зүгээс төдийгүй Юмжаагийн Цэдэнбалын үзэл санааг сурталчилдаг ТББ-ууд, түүний дотор Ю.Цэдэнбалын академийн зүгээс залуучуудтайгаа, нийт иргэдтэйгээ нийлж олон ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ дотор гарсан ном, хийсэн кино, түмэн олонд хүргэсэн түүний үзэл санаа гээд маш олон зүйлс багтана. УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ийн дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан ойг тэмдэглэх комисс ажилласан. 

Комиссийн ажлын хүрээнд өнөөдөр ганцхан ажил дутуу байгааг тэмдэглэн хэлэхийг хүсч байна. Тодруулбал, энэхүү тэмдэглэн өнгөрүүлэх ажилд тусгагдсан Ю.Цэдэнбалын 40 гаруй жил амьдарч байсан түүхэн дурсгалт байрыг музей болгох тухай төлөвлөгдсөн байсан боловч өнөөдөр хараахан биелэлээ олоогүй байгаа юм. Тиймээс энэхүү 101 жилийн ойн жилд ажлаа гүйцээж, ирэх 102 жилийн ойд ажлаа гүйцэтгэсэн гэж бардам хэлэхийг хүсч буйгаа УИХ-ын эрхэм гишүүдийн өмнө тэмдэглэн хэлэхийг хүсч байна” гэлээ.

Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 101 жилийн ойн арга хэмжээ УДЭТ-т хүндэтгэлийн тоглолтоор үргэлжлэх бол орой 21:00 цагт Ю.Цэдэнбалын хөшөөнд 108 зул өргөх ёслолын ажиллагаатай ажээ.