Х.Амгаланбаатар 2017.11.17 | Сайт: Мэдээ.МН

Х.Амгаланбаатар: Ажил олгогчид үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог

Х.Амгаланбаатар: Ажил олгогчид үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог

МҮЭХ-ноос арванхоёрдугаар сарын 1-нээс “Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажил” эхлүүлэхээр шийдвэр гаргажээ. Кампанит ажлыг улсын хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтран өрнүүлэх аж. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Өнөөдрийн байдлаар МҮЭХ-нд 11,933 сонгуульт, идэвхтэн сонгуультан байна. Нийт 2,300 гаруй төрийн бус байгууллага нийслэл болон аймаг, орон нутагт хүний эрхийн чиглэлээр ажиллаж байна. Эдгээр гишүүдийг хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нь ажил олгогчдын зүгээс ажлаас халах, дарамт шахалт үзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах болон үр дүнгийн урамшууллаас хасах зэргээр саад учруулдаг.

Ажил олгогчид үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, гишүүдийн татварыг дураараа захиран зарцуулахыг шаарддаг, зарим сонгуульт ажилтан байгууллагын удирдлагын нөлөөнд автдаг зэргээс үйлдвэрчний эвлэлийн байгууллага хараат бусаар ажиллах боломж алдагддаг юм. Тиймээс МҮЭХ-ноос хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалагч ҮЭ-ийн сонгуульт ажилтны эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажлыг эхлүүлэхээр шийдвэр гаргалаа” гэв.

“Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаанд хамрагдагсдын 12.8 хувь нь сонгуульт үүрэгтэй холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан талаар санал асуулгад дурджээ. Мөн захиргааны санаачилгаар ажлаас халах, өөр ажил албан тушаалд шилжүүлэн албан тушаал бууруулах, цалин хөлс бууруулах зэргээр хөдөлмөрлөх эрхийг зөрчдөг гэв.

Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 32.8 хувь нь ажлаасаа халагдсан боловч ямар нэгэн тушаал шийдвэр гаргахгүй удсанаар дараагийн ажилд орох нөхцөл боломжийг хааж байсан гэж хариулжээ. Ийнхүү ажил олгогч байгууллагын удирдах албан тушаалтан, захиргааны албан хаагчид үйлдвэрчний эвлэлийн гишүүд, сонгуульт ажилтны ажлын бүтээмжийг шударга бусаар үнэлдэг, ялгаварладаг нь хамгийн нийтлэг саад бэрхшээл болдог байна.

М.АМАРЖАРГАЛ