Ажлын хэсэг хуралдав
2017.10.24

Ажлын хэсэг хуралдав

Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундариар ахлуулсан Улсын Их Хурлын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр (2017.10.24) болов.

Монгол Улсын Их Хурлаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийг хэлэлцэж байгаатай холбогдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий уг ажлын хэсгийн өнөөдрийн хуралдаанаар салбар яамд болон харьяа байгууллагуудын төлөөллөөс саналыг нь сонсож,  цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн насанд хүрээгүй хүүхдэд төлбөртэй үйлчилдэг журмыг өөрчилж, үнэгүй үйлчилдэг болгох үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хууль зүй, дотоод хэргийн яаманд өгсөн талаар мэдээлэв.

Мөн хуралдааны үеэр УИХ-ын гишүүд саналаа хэлж, байр сууриа илэрхийлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Ундармаа

“Мэргэжлийн байгууллагуудын үгийг сонсоё. УИХ-аар 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж байгаа энэ үед тэдний санал их чухал. Мэргэжлийн байгууллагуудын саналыг авсны үндсэн дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай болон бусад хуулиудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай төсвийн талаар ярилцах боломжтой” гэлээ.

Дараа нь ажлын дэд хэсгийн гишүүд мэдээлэл хийж, салбартаа тулгарч буй асуудлуудаар саналаа хэлсэн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн ам, хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир

“Гэмт хэрэг, хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг түлхүү ашиглах хэрэгтэй” гэсэн бол Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн тэргүүн Д.Энхжаргал “Салбар дундын зохицуулалт, яам хоорондын уялдаа холбоог тодорхой болгох шаардлагатай” гэлээ.

Түүнчлэн Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Д.Батчулуун

“Хуулийн хэрэгжилтийг сум, баг, хороо буюу анхан шатны нэгж дээр очин шалгаж, тулгамдаж буй асуудлыг төлөвлөгөөндөө тусгах хэрэгтэй байна” гэв.

Хуралдааны төгсгөлд ажлын дэд хэсгийнхэн саналаа бичгээр өгч, төрөлжсөн уулзалтуудыг хийхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.