Л.Болд: Намайг Хүний эрхийн дэд хороонд ажиллуулахгүй байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.11.17/ Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Л.Болд дэмжиж үг хэллээ.
УИХ-ын гишүүн Л.Болд:
"Ямар салбар, түвшинд хүний эрх зөрчигдөж байгааг Ж.Бямбадорж сайн мэднэ. Ажлаа сайн мэддэг хүнийг тохоон томилох гэж байгаа нь төрийн залгамж чанар хадгалагдаж байгаагийн нэг илрэл. Уг нь бүх салбарт энэ байдал хадгалагдах ёстой боловч бодит байдалд биеллээ олохгүй байна.
УИХ-ын Хүний эрхийн дэд хороо ажиллахгүй байна. Энэ хороонд орж ажиллая гэж өргөдөл өгсөн боловч намайг аваагүй. 1998 оноос хойш хүний эрхийн асуудлаар анхаарал хандуулж, дуугарч ирлээ. Яагаад, ямар шалтгаанаар уг хороонд гишүүнээр ажиллуулаагүйг мэдэхгүй юм. Өөрийн мэргэшсэн асуудлаар цаашид дуу хоолойгоо хүргээд явах хүсэлтэй байна.
Олон улсад, Хүний эрхийн дэд хороог парламент дахь цөөнхийн бүлгийн гишүүнээр даргалуулдаг. Өмнөх УИХ-д ч тэр цөөнхийн бүлгийн гишүүн даргалж байсан.
Хүний эрхийн асуудал бол үндэсний тусгаар тогтнол, хөгжлийн маш бат суурь юм. Ардчилсан тогтолцоо биднийг өдий зэрэгтэй авч явж байхад хүний эрхийн асуудалд өндөр ач холбогдол өгөх ёстой. Энэ ажилд Хүний эрхийн үндэсний комиссын үүрэг роль ч байх ёстой. Өнөөдөр хүний эрхийн талаар ухарсан шийдвэрүүд гарч байна. Тиймээс хүний эрхийг дээдэлсэн хуулиудыг батлуулах талаар Хүний эрхийн үндэсний комисс манлайлан оролцохыг хүсч байна.
НҮБ-ын Хүний эрхийн комиссын гишүүнээр Монгол Улс сонгогдсон. Энэ ч утгаараа хүний эрхийн асуудлаар олон улсын түвшинд чухал үүрэг хүлээж, үлгэр жишээ байх ёстой. Хүний эрхийн асуудлаар үндэсний болон олон улсын түвшинд том зорилтууд тавьж, түүнийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй."