УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.11.17

О.Баасанхүү: Хүний эрхийн үндэсний комиссийн дүгнэлт, тайлангууд прагматик шинжтэй байх хэрэгтэй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2016.11.17/ Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Уг асуудлыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү дэмжиж үг хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

"Ж.Бямбадорж даргыг хуульч хүнийх нь хувьд ч тэр, туршлагатай улстөрчдийнх нь хувьд ч тэр дэмжиж байна. Хамгийн гол нь хүний эрхийн асуудлууд дээр идэвхтэй ажиллахыг хүсье. Монгол Улсад хүний эрх зөрчигдөж байгаа эсэх талаар Хүний эрхийн үндэсний комиссын дүгнэлт гарч байх ёстой. Ний нуугүй хэлэхэд, улстөрчид ч тэр, иргэд ч тэр алхам тутамд хүний эрх зөрчигдөж байна гэдэг.

Энэ асуудлаар шийдвэр гаргах эрх мэдэл Хүний эрхийн үндэсний комисст байдаггүй. Миний бие Хүний эрхийн үндэсний комисст буруутай этгээдэд хариуцлага тооцох тухай хүсэлт гаргахад тус комиссын дүгнэлтээр 250 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрт хилийн хориг тавилаа гэж байна. Дүүг нь баривчиллаа. Энэ мэтээр хүмүүсийг барьж, хорьж асуудлаар хүний эрхийг хэрхэн зөрчиж байгаа талаар дүгнэлт гаргаж өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын орчин, нөхцөлд дүгнэлт гаргаж байхаар асуудлыг том хүрээнд, бодлогын түвшинд авч үзмээр байна.

Монгол Улс өнөөдөр хуультай, төртэй, хүний эрхийн зөрчилтэй эсэхийг тодруулах хэрэгтэй. Шашин шүтэх, эс шүтэх эрхийг 26 жилийн өмнө баталгаажуулсан гэж байгаа боловч Хүний эрхийн тайланд нэг ч удаа шашин шүтэх, эс шүтэх эрх зөрчигдөж байгаа эсэх талаар дүгнэлт байдаггүй. Ижил хүйстний эрхийн асуудлаар тайлан гаргах гэж байсныг санаж байна.

Тиймээс энэ болон бусад хүний эрхийн асуудалд зоригтой хандах хэрэгтэй. Хүний эрх зөрчигдөж байгаа бол шууд хэлээрэй. Хүний эрхийн тайлан, илтгэлүүд прагматик шинжтэй баймаар байна. Гаргасан тайлан, дүгнэлт нь ямар ч ач холбогдолгүй, үр дүнгүй байдгийг арилгах хэрэгтэй."