Цаазаар авах ял ба гүйцэтгэл 2016: Эсрэг тэсрэг жил
2015 онд гарсан зарим ухралтыг эс тооцвол дэлхий дахин цаазаар авах ялыг халах алхмаа урагшлуулсаар байна.
Фижи, Мадагаскар, Конгийн Бүгд Найрамдах улс, Суринейм улс цаазаар авах ялыг бүрэн халсан. Монгол улс цаазаар авах ялыг халсан шинэ эрүүгийн хуулийг баталсан ба энэ нь 2016 оны сүүлээр хэрэгжиж эхлэх юм. Дэлхийн ихэнх улс буюу 102 улс цаазаар авах ялыг бүрэн халсан ба нийтдээ 140 орон хууль болон практиктаа цаазаар авах ялыг халчихаад байна.
2015 онд цаазаар авах ялын гүйцэтгэл огцом нэмэгдсэн нь сүүлийн 25 жилийн туршид байгаагүй өсөлт байлаа. Энэ нь Иран, Пакистан, Саудын Араб улс цаазаар авах ялыг ихээр гүйцэтгэх болсонтой холбоотойг Эмнести Интернэшнл цаазаар авах ялын талаарх дэлхийн тоймдоо дурдсан байна. 2015 онд дэлхий даяар цаазаар авах ялын гүйцэтгэл өссөн ба үүнд гурван улс нөлөөлж, нийт гүйцэтгэлийн 89%-ийг гүйцэтгэжээ.
2015 онд багаар бодоход 1634 цаазаар авах ял гүйцэтгэсэн нь өмнөх оныхоос 50% гаруй өссөн ба 1989 оноос хойших хамгийн өндөр тоо юм. Үүнд олон мянгаар нь гүйцэтгэдэг ч, тоо баримтыг улсын нууцад хамруулдаг Хятад улсыг оруулаагүй болно.
“2015 он эсрэг тэсрэг жил байлаа. Бид сэтгэл түгшээсэн өөрчлөлт, итгэл үлдээсэн дэвшлийг харлаа. Иран, Пакистан, Саудын Араб улс ихэнхдээ шударга бус шүүх ажиллагааны улмаас урьд өмнө байгаагүйгээр олон хүнийг үхлийн ял руу түлхлээ. Үүнийг зогсоох ёстой. Түр зуурын ухралт байсан ч дэлхий нийт цаазаар авах ялаас зайлсхийж байгаа цаашдын чиг хандлага тодорхой байна. Цаазаар авах ял гүйцэтгэж байгаа улсууд түүхийн гажуудал бүтээж буйгаа ухамсарлан хэрцгий, хүнлэг бус ял шийтгэлийг халах ёстой.” хэмээн Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Салил Шетти өгүүллээ.
Иран, Пакистан, Саудын Арабт цаазаар авах ялын гүйцэтгэл өсөв
Пакистан цаазаар авах ялын гүйцэтгэлд тогтоосон мораторигоо 2014 оны 12-р сард цуцалснаар улсын нэрийн өмнөөс хүний амь нас хороохоо үргэлжүүлсэн. 2015 онд 320 гаруй хүнийг цаазын тавцанд аваачсан ба Эмнести Интернэшнлийн бүртгэсэн хамгийн өндөр тоо юм.
Иран улс өмнөх жил нь 743 цаазаар авах ял гүйцэтгэсэн бол 2015 онд 977 хүнийг цаазалсны ихэнхийг хар тамхитай холбоотой гэмт хэрэг эзэлж байв. Иран нь олон улсын хуулийг зөрчин насанд хүрээгүй гэмт хэрэгтнийг цаазалсаар байгаа цор ганц улс бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрээгүй байсан арван хүнийг цаазалжээ.
Саудын Арабт гүйцэтгэл 2014 оныхтой харьцуулахад 76%-иар өсч хамгийн багадаа 158 хүнийг цаазаар авсан байна. Ихэнхийг нь цавчиж цаазалсан ба салаа цэргээр буудах аргыг мөн хэрэглэж цогцсыг олон нийтэд харуулжээ.
Египет, Сомали зэрэг зарим улсад гүйцэтгэл илт нэмэгдсэн байна.
2014 онд 22 улс цаазаар авах ял гүйцэтгэж байсан бол 2015 онд 25 болжээ. Хамгийн их цаазаар авах ял гүйцэтгэсэн таван улсад Хятад, Иран, Пакистан, Саудын Араб, АНУ орж байна. Хятад, Иран, Саудын Араб зэрэг хэд хэдэн улс олон улсын хэм хэмжээнд заасан “онц хүнд” гэмт хэрэгт хамаарахгүй , олон улсын эрх зүйгээр цаазаар авах ял хэрэглэхийг хязгаарласан мансууруулах бодис наймаалсан, авилгал, “садар самуун”, “бурхныг доромжилсон” зэрэг хэрэгт үхлийн ял оногдууллаа.
БҮС НУТГИЙН ТОЙМ
Америк
Америкийн бүс нутаг цаазаар авах ялыг халахад ахиц гаргасаар байна. Дараалсан 7 жилийн турш АНУ цаазаар авч байгаа цорын ганц орон байв. Тус улс 28 хүнийг цаазалж, 52 хүнд цаазаар авах ял оногдуулжээ. Пенсельван муж цаазаар авах ялын гүйцэтгэлд моратори зарлаж, 18 муж улс цаазаар авах ялыг бүрэн халчихаад байна. Энэ бүс нутагт АНУ-аас гадна Тринидад Тобаго улс цаазаар авах ял оногдууллаа.
Ази номхон далай
Ази номхон далайн бүс нутагт 2015 онд цаазаар авах нь огцом өссөн бөгөөд Хятадыг оролцуулаагүй бүх цаазаар авах ялын бараг 90%-ийг нь Пакистан улс гүйцэтгэсэн байна. Бангладеш, Энэтхэг, Индонез улс 2015 онд цаазаар авах ялын гүйцэтгэлийг сэргээсэн. Индонези улс 14 хүнийг мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээр цаазалжээ.
Хятад хамгийн их цаазаар авах ял гүйцэтгэдэг улс хэвээр үлдсэн бөгөөд сүүлийн хэдэн жилд цаазаар авах ялын гүйцэтгэл багассан хэмээн мэдээлж байна. Гэвч гүйцэтгэлийг нууцалж байгаа нь буурсныг батлах боломжгүй болгож байна.
Европ болон Төв Ази
Энэ бүс нутагт Беларусь цаазаар авах ял хэрэглэж байгаа цорын ганц улс хэвээр байна. 2015 онд цаазын ял гүйцэтгээгүй ч хамгийн багадаа хоёр хүнд цаазаар авах ял оногдуулжээ.
Ойрхи Дорнод ба Хойд Африк
Энэ бүс нутагт 2015 онд цаазаар авах ялын хэрэглээ өссөн нь санаа зовоосон асуудал байв. Оман, Израйлиас бусад бүх улс цаазаар авах ял оногдуулсан ба найман улс цаазаар авах ял гүйцэтгэжээ. Хамгийн багадаа 1196 цаазаар авах ял гүйцэтгэсэн нь 2014 оныхоос 26%-иар өссөн бөгөөд үүнд Иран, Саудын Араб нөлөөлсөн ба Иран улс дангаараа 82%-г гүйцэтгэжээ.
Африкын Сахараас урагш бүс нутаг
Энэ бүс нутагт эерэг болон сөрөг өөрчлөлтүүд гарлаа. Мадагаскар болон Конгийн Бүгд Найрамдах улс цаазаар авах ялыг бүрэн халж, 2014 онд 909 цаазаар авах ял оногдуулсан бол 2015 онд 443 болж огцом буурсан нь Нигери улсад цаазаар авах ял хэрэглэх нь багассантай холбоотой байв. Цаазын ялын гүйцэтгэл нь өмнөх оныхтой харьцуулахад 46-аас 43 болж бага зэрэг буурсан байна. Гэвч Чад улс 12 жилийн дараа 8-р сард Боко Харамын 10 хүнийг салаа цэргээр буудаж цаазалснаар ялын гүйцэтгэлийг сэргээсэн юм.
Эмнести Интернэшнл нь цаазаар авах ялыг бүх тохиолдолд буюу гэмт хэргийн мөн чанар, нөхцөл байдал, хувь хүний гэм буруутай эсэх, цаазаар авах ялыг гүйцэтгэдэг арга хэрэгслээс үл хамааран эсэргүүцдэг. Цаазаар авах ял нь бусад ял шийтгэлээс илүү гэмт хэргээс сэргийлэх үр нөлөөтэй гэсэн ямар ч нотолгоо байхгүй юм.