Сэжигтэн, яллагдагчийн эмнэлгийн тусламж авах, шударгаар шүүлгэх эрх хангагдаж байгаа эсэхэд санаа зовниж байна
Монголын Эмнести Интернэшнл
2016.03.11

Сэжигтэн, яллагдагчийн эмнэлгийн тусламж авах, шударгаар шүүлгэх эрх хангагдаж байгаа эсэхэд санаа зовниж байна

Монголын Эмнести Интернэшнл 2015 оны 11-р сарын 13-ны өдөр баривчлагдан хоригдсон Б.Булганы гэр бүл, өмгөөлөгчтэйгөө уулзах эрх, шаардлагатай эмнэлгийн тусламж авах, шударгаар шүүлгэх эрх нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахыг Монгол улсын засгийн газраас шаардаж байна.  

ИУТЭОУП-ын 9(2)-р зүйлд “баривчлагдсан шалтгааныг хүн бүрт баривчлах үед нь мэдэгдэхийн зэрэгцээ буруутгаж байгаа аливаа үндэслэлийг нэн даруй мэдэгдэнэ” хэмээн заасан.

  Шударга шүүх ажиллагаа ба нээлттэй шүүлгэх эрх 

Гэр бүлийнхэнд нь Б.Булганыг ямар хэрэгт сэжиглэн хорьж байгаа талаар болон бусад мэдээллийг өгөхгүй, нууцалж  байгаа тухай гэр бүлийн гишүүд нь Монголын Эмнести Интернэшнлд мэдээлсэн. Олон улсын хүний эрхийн баримт бичигт (ИУТЭОУП-ын 14(1)-р зүйл) насанд хүрээгүй хүний холбогдсон хэрэг зэрэг нарийвчлан, хатуу тогтоосон тохиолдлоос бусад шүүх ажиллагаа нээлттэй байж, шүүхийн шийдвэр олон нийтэд ил тод байх ёстойг заасан. Нээлттэй шүүлгэх болон мэдэх эрх нь шүүгдэгчийн эрхийг хамгаалахаас гадна, шударга ёс хэрхэн үйлчилж байгааг, шүүх тогтолцоонд шийдвэр хэрхэн гарч байгааг хянах боломжийг мөн олгодог. Ямар ч онцгой нөхцөл шударга шүүх ажиллагааны үндсэн зарчмаас хазайхыг зөвтгөхгүй. Төрийн нууцын давуу эрх яллагдагчтай холбоотой олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчихийг зөвтгөх, хариуцлага тооцохоос зугтах механизм болж хэрэглэгдэх ёсгүй.  

Эмнэлгийн тусламж авах эрх

Б.Булган хууч өвчтэй тул хүйтэн нөхцөлд удаан хоригдож, эмчилгээ хийлгэхгүй бол өвчин нь сэдрэх эрсдэл өндөр байгаа ч эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байгаад санаа зовниж буйгаа гэр бүлийнхэн нь Монголын Эмнести Интернэшнлд хэлсэн. Өмгөөлөгчид нь түүнд эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай байгааг холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн ч эмнэлгийн тусламж үзүүлээгүй байгаа тухай мөн дурдсан.      Хоригдож буй хүмүүс шаардлагатай эмнэлгийн тусламж авч байгаа эсэхийг улс орнууд баталгаажуулах үүрэгтэй ба НҮБ-ын Хүний Эрхийн Хорооноос бүх хоригдогчид нэн даруй, тогтмол эмчид хандах боломжоор хангагдсан байх ёстойг онцолсон. НҮБ-ын Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэмд хоригдогсод, шүүх хурлаа хүлээж буй этгээд өөрийн сонгосон эмчдээ үзүүлж, эмчлүүлэх эрхтэй болохыг заасан.   

  Өмгөөллийн туслалцаа авах:

Б.Булган 2015 оны 11-р сарын 13-нд баривчлагдан хоригдсон. Түүний хорих хугацааг шүүгчийн захирамжаар 2015 оны 11-р сарын 23-нд хоёр сараар, 2016 оны 1-р сарын 11-нд нэг сараар сунгасан ба түүнийг хорьсоноос хойш 4 сар орчмын хугацаанд өмгөөлөгчид нь уулзах хүсэлт хэд хэдэн удаа гаргасан ч зөвхөн мэдүүлэг авахаар өмгөөлөгчийг нь дуудсан болон нэг удаа уулзахыг зөвшөөрснөөс бусад тохиолдолд тодорхойгүй шалтгаанаар хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзаж, өмгөөлөгчтэйгөө уулзах эрхийг нь үгүйсгэсэн тухай гэр бүлийн гишүүд нь Монголын Эмнести Интернэшнлд мэдэгдсэн.  

Олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэн боловч сонгосон өмгөөлөгчтэйгөө холбогдох, хувийн нууцыг хадгалсан нөхцөлд ганцаарчлан уулзах, харилцах, өөрийгөө хамгаалахад бэлдэх хангалттай хугацаа, байраар хангагдах эрхтэйг заасан. Аливаа хэлбэрээр саатуулагдсан болон хоригдсон хүмүүсийг хамгаалах зарчмуудын цогцын 18(1)-р зүйлд “саатуулагдсан болон хоригдсон этгээд өмгөөлөгчтэйгөө уулзах, зөвлөлдөх эрхтэй” хэмээн заасан.   ИУТЭОУП-ын 9(4)-р зүйлд эрх чөлөөгөө хязгаарлуулсан хэн боловч өөрийг нь цагдан хорих нь хуулийн хүрээнд байгаа эсэхийг тогтоолгохоор, хэрэв тухайн улс түүнийг хууль бусаар цагдан хорьсон (баримтаар болон хуулийн дагуу) бол суллахыг шаардан шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасан. 

  Гэр бүлийнхэнтэйгээ уулзах:

Олон улсын хүний эрхийн нийтлэг хэм хэмжээнд саатуулагдсан этгээд гэр бүлийнхэнтэйгээ уулзах, холбоо барих эрхтэй, энэ эрхийг гагцхүү шүүхийн дэг журам, байгууллагын хэв журмыг хангах үүднээс л хязгаарлаж болно гэж заасан байдаг. Онцгой нөхцөлд ч энэ эрхийг хэдхэн өдрөөс илүү хориглож болохгүй.   Б.Булганыг хоригдсоноос нь хойш ганц удаа л уулзсан тухай гэр бүлийн гишүүн нь Монголын Эмнести Интернэшнлд мэдээлсэн. Түүний хэлснээр хэвлэл мэдээлэлд ярилцлага өгснөөс нь хойш л нэг удаа уулзахыг зөвшөөрсөн ба уулзалтын үеэр Б.Булганд ном, хүнсний зүйл оруулаагүй байна. Тодорхой үндэслэл дурдалгүйгээр гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг удаан хугацаанд хязгаарлаж байгаа нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчиж байна.      

Хорих газрын нөхцөл

Б.Булган 24 цагийн турш тод зохиомол гэрэлтэй/байгалийн гэрэлгүй/ өрөөнд хоригдож байгаа ба тус цагдан хорихын хүйтэн нөхцөл эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж болзошгүй байгаад гэр бүлийнхэн нь санаа зовниж буйгаа илэрхийлсэн.   Эрх чөлөөгөө хасуулсан хүн бүр хүнлэг нөхцөлд хоригдох ёстой. Бүх хорих байр хангалттай орон зай, байгалийн гэрэл, агааржуулалт, халаалт, зохистой хоол хүнс, ариун цэврийн шаардлага хангагдсан байх ёстой.  

Монгол Улсын Засгийн газарт хандаж уриалах нь:  

- Б.Булган болон бусад хэрэгт сэжиглэгдэн, яллагдаж буй хэнийг ч гэр бүл, өөрийн сонгосон өмгөөлөгчтэйгөө олон улсын хэм хэмжээнд заасан хувийн эрх чөлөөг хангасан нөхцөлд уулзаж байх эрхийг хангах - Сэжигтэн, яллагдагчид эмнэлгийн туслалцааг эмчийн ёс зүй, түүний дотор нууц хадгалах, бие даасан байх, мэдэгдсэн байх зарчим баримтлан үзүүлэх - Сэжигтэн, яллагдагчийн гэр бүлийнхнийг нь хуулинд заасны дагуу эргэх боломжоор хангаж, эрүүл мэндтэй нь холбоотой бүх мэдээллийг өгч байх - Сэжигтэн, яллагдагчийн шүүн таслах ажиллагаанаас зайлсхийх, нотлох баримт устгах, гэрчүүдэд нөлөөлөх, оргон зайлах магадлалтай гэдгийг баримтаар тогтоож, шүүхэд уг нотлох баримтыг танилцуулан, өмгөөлөгчдөд нь мэтгэлцэх боломжийг олгох ёстой. Хэрэв цагдан хорих хангалттай үндэслэл байхгүй бол шүүх хурал болох хүртэлх хугацаанд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх