Дэлхий дахины болоод Монголын хүний эрхийн төлөв байдлыг танилцуулав
“Эмнести интернэшнл” олон улсын байгууллага
2016.03.03

Дэлхий дахины болоод Монголын хүний эрхийн төлөв байдлыг танилцуулав

“Эмнести интернэшнл” олон улсын байгууллагаас өнгөрсөн 2015 онд дэлхий дахинд болон Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал ямар байсныг танилцууллаа. “Эмнести интернэшнл” олон улсын байгууллага дэлхийн 150 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд жил бүр хүний эрхийн байдал дэлхийн улс орнуудад ямар байгааг тайлагнадаг билээ.

Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухайд, хүний эрхийг ноцтой зөрчсөн хамгийн чухал асуудал нь сэжигтэн яллагдагчийг эрүүдэн шүүх, тэдэнтэй хүнлэг бусаар харьцах асуудал байсаар байгааг онцолжээ. Ялангуяа улс төрийн томоохон албан тушаалтнуудтай холбоотой хэрэгт жирийн иргэдийг эрүүдэн шүүх ажиллагаа нь далд хэлбэрт байна гэж мэдээлэв. Харин ололттой тал нь, Эрүүгийн хууль шинэчлэн батлагдаж байгаа нь хүний эрхийг хамгаалахад том дэвшил болж байгааг онцолжээ. Шинэчлэн батлагдаж буй Эрүүгийн хуулийн 21 дүгээр зүйлийн 6.2-т эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субьектийн хүрээ болон уг гэмт хэрэгт холбоотой үйлдлийг нэлээд өргөн хүрээтэй оруулж өгсөн нь маш том дэвшил хэмээн үзэж байв.

Өөрөөр хэлбэл, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар эрүү шүүлт тулгах субьект нь зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч байхаар заасан байгаа бол есдүгээр сараас эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх Эрүүгийн хуульд энэ нь төрийн албан хаагч гэдэг өргөн хүрээгээр орж ирснээрээ томоохон дэвшил болсон гэж үзэж байна. Дараагийн чухал асуудал нь шударга бус шүүх ажиллагаа байсаар байгааг шүүмжилжээ. Ялангуяа сэжигтэн яллагдагчийг гэр бүлийн гишүүдтэй нь уулзуулахгүй байх, гэр бүлийн гишүүдийг нь айлгаж, сүрдүүлж дарамтлах хандлагууд олон гарсныг онцлов.

Мөн 2015 онд иргэдийг албадан нүүлгэх, орон байртай байх энэ эрхийг нь зөрчиж байгааг анхааруулав. “Эмнести интернэшнл” байгууллагын олон улсын шинжээч манайд ирж гэр хорооллын иргэдийг албадан нүүлгэж байгаа энэ асуудлыг судалж байгаа гэнэ. Ирэх долдугаар сард энэ талаарх тайланг танилцуулах юм байна. Ялангуяа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх үйл ажиллагаанд иргэдийг хүчээр гарын үсэг зуруулж, худал мэдээлэл өгч хүний эрхийг ноцтой зөрчсөн тохиолдлууд гарсныг анхаарууллаа.

Мөн хэвлэл мэдээллийн байгууллага болоод тэнд ажиллаж байгаа сэтгүүлчдийн эрхийн асуудал тулгамдаж байгааг онцлов. Монгол Улс цаазын ялгүй улс болсон нь сайн боловч 2015 онд насанд хүрээгүй этгээдэд цаазаар авах ял оногдуулж хууль зөрчжээ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан иргэн Ц-д цаазаар авах ял оногдуулж, алдаа гаргасныг олон улсын “Эмнести интернэшнл” байгууллагаас хүний эрхийг зөрчсөн ноцтой алдаа хэмээн мэдээлэв.

Харин дэлхий дахины хувьд 2015 он бол хүний эрхийн асуудал хурцаар зөрчигдсөн жил болсон гэнэ. Эх орноосоо дүрвэж байгаа хүмүүсийн тоо 60 саяыг хол давж, маш олон хүн сайн сайхан амьдралын төлөө, амьд байхын төлөө тэмцэн дүрвэж, далай тэнгист унаж, хүнд өвчин тусч үй олноороо нас баржээ. Хүний эрхийн төлөө, хүний амийг аврахаар манлайлж ажиллах ёстой Засгийн газрууд эдгээр дүрвэгсдийн эрхийг хуулиар хязгаарлах арга хэмжээ авч байгаад шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийллээ. Улс орнуудыг бүс нутгаар нь авч үзэхэд, Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын Засгийн газрууд иргэдийнхээ хийсэн жагсаал цуглааныг нухчин дарж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүсийг баривчлан хорьж, шийтгэх явдал олон гарсныг онцоллоо. Мөн эрүү шүүлт энэ бүс нутагт сүүлийн үед ихэсчээ. Тухайлбал, Индонези, Балба, Солонгос, Филиппин, Тайланд, Хятад, Монгол зэрэг улсад хүмүүсийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө баривчлан хорьж, шийтгэх, эрүүдэн шүүх зөрчлүүд гарсаар байгааг дурджээ. Ази, Номхон далайн бүс нутаг нь Ойрхи Дорнод юм уу Африктай харьцуулахад харьцангуй тайван гэгдэж байгаа ч 2015 оны хувьд зэвсэгт мөргөлдөөн гарсан байна. Тухайлбал, Афганистанд одоо ч гэсэн зэвсэгт мөргөлдөөн үргэлжлэн гарч, энгийн иргэдийн амь нас үрэгдэж байгааг онцлов. Дараагийн бүс нутаг болох Африкт мөн л олон сая хүний амь нас эрүүл мэндэд заналхийлсэн зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж, иргэд сая саяараа дүрвэж байгаа энэ байдал нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа явдал гэж үзэв. Мөн Африкийн хэд хэдэн улсад болсон сонгууль нь маргаантай, шударга бус болсныг энд дурдав.

Америк тивийн хувьд, Латин Америкийн улс орнуудад хүн амины ноцтой хэргүүд буурахгүй байгааг анхааруулжээ. Латин Америкийн улс орнуудад хүчээр хүмүүсийг сураггүй алга болгож, онц хэрцгий аргаар хөнөөх хэрэг их гардаг байна. Дэлхий даяар гарч байгаа дөрвөн харгис халдлага болгоны нэг нь Бразил, Колумби, Вэнэсуэль зэрэг улсад гардаг аж. Дээрх улсуудад гарсан зуун хүн амины хэргийн ердөө 20 хувьд нь хариуцлага оногдуулж чадаж байгаа гэнэ. Мөн Латин Америкийн орнуудад эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн асуудлыг ноцтой зөрчих явдал байсаар байгааг онцолжээ. Энэ нь үр хөндөлтийг маш олон улсад хориглосон явдал юм. Эхийнх нь амь насанд аюул учирсан байсан ч үр хөндөлтийг хатуу хориглодгоос болж маш их эрсдэл бий болж байгааг анхааруулав. 2015 онд гарсан харамсалтай жишээ бол, арван настай охин хойд эцэгтээ хүчиндүүлж жирэмсэн болсон, амь насанд нь аюул учирсан байсан ч тухайн улсын Засгийн газар үр хөндөлтийг зөвшөөрөхгүй хэмээн хатуу байр суурь баримталж байж.

Европ, төв Азийн бүс нутгийн орнуудын хувьд дүрвэгсдийн эрх нэлээд ноцтой зөрчигдөж байгааг онцлов. Дээрх орнуудын 3700 гаруй дүрвэгч Европ руу хүрэх замдаа амь насаа алджээ. Одоогийн байдлаар Турк улсад Сирийн хоёр сая дүрвэгч байгаа бол Ливан, Иордан улсад Сирийн 1,7 сая, Европын холбоонд Сирийн нэг сая иргэн дүрвэж байна. Эдгээр улсын Засгийн газар дүрвэгсдийн асуудлыг шийдэх, хүний эрхийг хүндэтгэсэн, үр дүнтэй хариу арга хэмжээ авч чадахгүй байгааг буруушаажээ.

Харин Ойрхи Дорнод Умард Африкийн бүс нутагт зэвсэгт мөргөлдөөн, дотооддоо шилжин суурьшигчдын асуудал асар хүндэрснийг мэдээллээ.