Зарим хэсэгт зуух тараана
2018.01.09

Зарим хэсэгт зуух тараана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаараа 2018, 2019 онд Засгийн газрын хийж, хэрэгжүүлэх гол ажлууд болон агаарын бохирдлын асуудлыг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Мэдээллийн эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Засгийн газраас 2020 он хүртэл хийх ажлуудаа бүлгийн хуралдаанд танилцуулж, гишүүд холбогдох асуудлаар байр сууриа илэрхийллээ. Улмаар бид утааны асуудлыг бүлгийн хуралдаанаараа дахин хөндөн ярилцсан юм.

Одоо утаа бууртал нэг сарын хугацаанд бид дорвитой ажил хийж чадахгүй. Тийм боломж ч байхгүй. Харин утааг бууруулах тал дээр цогц арга хэмжээ авч ажиллахаар болж, нэгдсэн ойлголтод хүрлээ. Хаврын чуулганаар Засгийн газар утааг бууруулах чиглэлд хийх томоохон ажлуудыг эрэмбэлж, УИХ-д танилцуулахаар болсон" хэмээн тодотгосон юм.

Мөн тэрээр "Засгийн газар үлдсэн 900 хоногт гурван тулгуурт өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн ойрын хугацаанд ямар том төслүүдээ хөдөлгөж, эдийн засгийн эргэлтэд оруулахаа шийднэ. Харин агаарын бохирдлыг бууруулах тал дээр нэг том цогц арга хэмжээг авч ажиллахаар болж, Ажлын хэсгийг томиллоо. Ерөнхий сайд ч утааны асуудлаар тодорхой цогц санал оруулж ирэхээр боллоо. Гэвч хөрөнгө мөнгө их шаардлагатай болно. Тиймээс энэ асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.

Энэ талаар Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат "Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд үе үеийн Засгийн газар ажилласаар ирсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газраас ч гэхэд энэ асуудлыг тусгайлан авч хэлэлцэж, Үндэсний хөтөлбөр хүртэл боловсруулагдсан байдаг.

Агаарын бохирдлыг бууруулах тодорхой шийдлүүдийг эрэлхийлж байна. Ингэхдээ нэг л зүйлийг голчилж харж байгаа. Тухайлбал, үнэ өртгийн хэмжээнд боломжийн мөртлөө нийтийг хамарч болохуйц технологийг эрэлхийлж байна. Мэдээж зарим хэсэгт зуух тараана. Худлаа яриад юу гэх вэ. Мэдээж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой олон төсөл хэрэгжүүлнэ" гэсэн юм.