М.Говьсайхан 2018.02.08 | Сонин: Зууны мэдээ

Сүүний хэрэгцээг хангах, эрчимжсэн МАА-г хөгжүүлэхэд ТӨРИЙН БОДЛОГО хэрэгтэй

Сүүний хэрэгцээг хангах, эрчимжсэн МАА-г хөгжүүлэхэд ТӨРИЙН БОДЛОГО хэрэгтэй

Сүүний ферм, боловсруулах үйлдвэр, мэргэжлийн холбоод хамтран сүүний үйлдвэрлэлийн салбарт шинэчлэлт хийх тухай чуулга уулзалтыг өчигдөр нийслэл хотноо зохион байгууллаа.

Уулзалтад ирсэн 200 гаруй төлөөлөгч сүүний салбарт тулгамдаж буй асуудлууд, төрийн бодлого, зохицуулалтаар хэрхэн дэмжлэг үзүүлэх гарц боломжийн талаар санал бодлоо солилцсон юм. Одоогоор Монгол Улсад 2000 орчим фермерийн аж ахуй эрхлэгчид 43 мянга орчим сүүний чиглэлийн мал үржүүлж байна.

Манай улс сүүнийхээ хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж чадахгүй байгаа нь эрчимжсэн мал аж ахуй хөгжөөгүй, сүүнийхээ 20 орчим хувийг үйлдвэрийн аргаар боловсруулдаг зэргээс үүдэлтэй. Тиймээс 80 хувийг импортын бүтээгдэхүүнээр орлуулдаг гэнэ.

Цаашид аж ахуй нэгжүүд сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, дотоодын хэрэгцээгээ хангахад анхаарч, төрөөс дэмжлэг хэрэгтэй байгааг онцолж байлаа. Мөн чуулга уулзалтад оролцогчид УИХ-ын Дарга М.Энхболдтой уулзаж, хүсэлтээ танилцуулсан юм.

Монголын сүүний холбооны тэргүүн О.АмарцэнгэлСҮҮНД мөнгөн УРАМШУУЛАЛ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ

-Нэг литр сүүнд мөнгөн урамшуулал олгох хэрэгтэй. Ингэхдээ урьд нь өгч байхад гарч байсан сөрөг үр дагаврыг тооцоолж гурван зарчмыг баримтлах ёстой.

Нэгдүгээрт, урамшууллын мөнгө шууд фермертээ очих ёстой. Өмнө нь урамшууллын падаан өгвөл хямд, үгүй бол үнэтэй авна гэх асуудал сүүний ченжүүд дээр гардаг.

Хоёрдугаарт, фермерийг дагнан хөгжүүлэхээс өөр зүйлд ашиглаж болохгүй. Заавал фермийнхээ хөгжлийн хөрөнгө оруулалтад зарцуулах механизмыг бүрдүүлж байж өгөх нь зүйтэй.

Гуравдугаарт, сүүн бүтээгдэхүүний хомстолтой сэрүүний улиралд нийлүүлж байгаа сүүнд хамгийн түрүүнд урамшуулал олгох хэрэгтэй. Бидний харж байгаагаар 5-6 жил орчим үргэлжлэхэд эрчимжсэн мал аж ахуй хөл дээрээ босч мөнгөн урамшуулал олгохыг багасгах эсвэл зогсоох боломжтой.

Энэ урамшуулал фермийг хөгжүүлэхийн зэрэгцээ нийслэл хотод байгаа хүн амын эрүүл мэндийг тэтгэнэ. Хотын утаанд бага насны хүүхэд багаар бодоход 200 гр сүү уух ёстой. Энэ сүү нь ферм дээр саасан өдрөөс хойш гурав хоногийн дотор хэрэглэгчийн гарт шинээрээ хүрч байж эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлнэ.

НХХААГ-ын Эрчимжсэн мал аж ахуйн хэлтсийн дарга Д.Баярсайхан: 12 хүртэлх насны хүүхдүүдийн 97 ОРЧИМ ХУВЬ нь ШҮДНИЙ өвчтэй

“Нийслэл орчимд эрчимжсэн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг 250 орчим фермер байдаг. ЭМЯ-аас хотын 1.3 сая орчим хүнийг шингэн сүүгээр бүрэн хангахад нэг өдрийн нормыг 130 гр гэж үздэг. Энэ тооцоогоор үзвэл 210 сая литр сүүний хэрэгцээ шаардлага байгаа.

Манай сүү үйлдвэрлэгчид үүний 30 хувийг, үлдсэн 70 хувийг нь импортын хуурай сүүгээр хангадаг.

Мөн ЭМЯ-аас 12 хүртэлх насны хүүхдүүдийн 97 орчим хувь нь шүдний ямар нэгэн өвчтэй гэсэн судалгаа гарсан. Тиймээс энэ салбарыг хөгжүүлэхэд дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ нь зөвхөн фермерүүдийн биш, цаашлаад нийгмийн эрүүл мэндийн асуудал болж байна.

“Сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: СҮҮ эмзэг БҮТЭЭГДЭХҮҮН УЧРААС БҮС НУТГААР ХЯЗГААРЛАГДДАГ

-Сүүний салбар ажиллагаа ихтэй, өндөр технологи шаарддаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд тодорхой хэмжээнд хөгжсөн. Цаашдаа дотоодын сүүний хэрэгцээг бүрэн хангах, бүс нутагт экспортлоход төрийн оролцоо хэрэгтэй.

Сүү эмзэг бүтээгдэхүүн учраас бүс нутгаар хязгаарлагддаг. Жишээ нь, манай компанийн хамгийн хол сүү авах цэг хотоос 230 км-т байрлах Сэлэнгэ аймгийн Номгон сум. Үүнээс хол явахад сүү гашлах, муудах, чанараа алдах эрсдэлтэй.

Тэгэхээр хол байгаа сүүг ч цуглуулж авах гарц хэрэгтэй. Мөн  үйлдвэрлэгчдийн зүгээс Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Баянхонгор, Дорнод, Говь-Алтай аймгийн үхрийн сүүг ашигтайгаар ашиглахад боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай байна. Ингэснээр дотоодын цөцгийн тосны хэрэгцээг хангах боломж бүрдэнэ.

Хищигтэн-Нүүдэлчин” сүүний компанийн захирал Б.Тэмүүжин: МАЛЫН ҮҮЛДЭР УГСААГ САЙЖРУУЛАХ НЬЧУХАЛ

-Эрчимжсэн мал аж ахуйг бүрэн нутагшуулж, жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийн тулд төр засгийн бодлого болон энэ салбарын ажилчдын хамтын ажиллагаа хамгийн чухал.

Манай ферм 372 толгой үхэртэй. Өнөөдрийн байдлаар 170 үхэр саалинд саагдаж байна. Манай орон шиг эрс тэрс уур амьсгалтай, жилийн ганцхан улиралд өвс тэжээлээ бэлтгэдэг нь хамгийн тулгамдаж байгаа асуудал. 2016 онд улс даяараа ургац алдсан. Өнгөрсөн онд мөн тодорхой бүс нутагт ургац алдсан.

Тэгэхээр нэг литр сүүний өртөгт нөлөөлөх нөлөөлөл нь өндөр болж, үйл ажиллагааны зардал өсч, үхэр сүрэг турж эцэх, цаашлаад ашигт ажиллагаа доголдож эхэлнэ.

Эрчимжсэн мал аж ахуй эрхэлж байгаа бр аж ахуй нэгж өөрсдийн нөөц бололцоогоор 500-1000 га талбайд тэжээлийн ургамлыг тарьдаг. Гэсэн ч бид ургац хурааж, тэжээлээ хангалттай бэлтгэж чаддаггүй. Мөн хамгийн том бодлогын асуудал бол малын үүлдэр угсааг сайжруулах. Хоёр литр сүү өгдөг 10 үнээ юу, 10 литр сүү өгдөг хоёр үнээтэй байх уу л гэсэн үг. Шинээр энэ зах зээлд орж ирж байгаа хүмүүс үүнийг анхаарах хэрэгтэй.

Витафит” ХХК-ны захирал С.Болорсайхан: ӨВЛИЙН УЛИРАЛД ХҮРЭЛЦЭЭ БАЙХГҮЙ

-Монголын сүү үйлдвэрлэж байгаа бүх компани хуурай сүү хэрэглэдэг. Яагаад гэвэл дотоодоос сүүгээ нийлүүлэхэд хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй байна. Сүүний салбар хөгжихгүй, сүү, сүүн бүтээгдэхүүнийг дотоо-доос хангаж чадахгүй байгаа гол шалтгаан нь өвлийн улиралд хүрэлцээ байхгүй.

Хэдийгээр томоохон сүү үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн боломжоор орон нутгаас сүүгээ хангах олон боломжийг эрэлхийлдэг ч боломжгүй байна.

Сүүний үйлдвэрлэгчид хүчин чадал өндөр, технологи нь сайн боловч сүү хүрэлцэхгүй, импортын сүүг жил бүр багасгаж байна. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлд төрийн бодлого шаардлагатай байна.

АПУ Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Энхбилэг: СҮҮНИЙ БЭЛТГЭЛ ЭРЭЛТЭЭ ГҮЙЦЭХГҮЙ БАЙНА

-Монгол Улсад сүүний бэлтгэл эрэлтээ гүйцэхгүй байна. Сүүлийн жилүүдэд сүү, сүүн бүтээгдэхүүний нэр төрөл шинэчлэгдэж, нэмэгдэж байна. Гэтэл шингэн сүү бэлтгэл эрэлтээ хангахгүй байгаа учраас фермерүүдийн бүтээмжийг өсгөх, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд  онцгой анхаарах шаардлагатай. Улирлын 1 чанартай шингэн сүүний нийлүүлэлтийг эрчимжсэн фермерийн аж ахуйг хөгжүүлснээр шийдэх боломжтой.

Сэтгүүлч М.Баасандэлгэр