2018.02.07

Ж.Бат-Эрдэнэ гишүүний санаачилгыг Засгийн газар хэрэгжүүлэхээр боллоо

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнгөрсөн онын нэгдүгээр сараас эхлээд Ноос, ноолуурын холбооны тэргүүнээр мөн ажиллаж байна. Монгол Улсын экспортын хэмжээг нэмэгдүүлж, эдийн засагт түлхэц өгөх салбар бол ноос, ноолуур гэж үздэг тэрээр олон ч санал санаачилгыг УИХ-ын чуулган, байнгын хороодын хуралдааны үеэр гаргаж байв.

Өнгөрсөн оны 2 сарын 17-ны өдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэх үеэр: “Дэлхийн ноолуурын зах зээлийн 48 хувийг Хятад, 40 хувийг Монгол эзэлдэг. Гэтэл жил болгон самнасан ноолуурынхаа 80 хувийг нь Хятадад өгч гадагш гаргачихаад үлдсэн 20 хувь нь  өөрсдөө хялгастай, хялгасгүй ноолуураараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд явж байна. Боломжоо ашиглаад эдийн засгаа хөгжүүлэх бололцоо бий гэсэн судалгаа гарч ирээд байна шүү дээ. Зах зээлийн зарчмаар ноолуурын салбар хөл дээрээ босох ёстой гээд орхиж болохгүй. Төрийн зохицуулалт хэрэгтэй” хэмээн бухимдаж байсан удаатай.


Түүнчлэн өнгөрсөн онд зохион байгуулагдсан “Ноолуурын салбарын тогтвортой байдал, тулгамдаж буй асуудал, боломжууд” сэдэвт семинарын үеэр ноолуурын чанарыг сайжруулах, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой “Ноолуур” хөтөлбөрийг санаачлан өргөн мэдүүлнэ гэдгээ ч хэлж байсан юм.

Өнгөрсөн оны 5 сард болсон “Ноолуурын салбарын тогтвортой байдал, тулгамдаж буй асуудал, боломжууд” сэдэвт семинар, хэлэлцүүлгийн үеэр

Түүний гаргасан “Ноолуур” хөтөлбөрийг Эдийн засгийн байнгын хороогоор дэмжээгүй ч УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр хуралдаанд оролцсон дийлэнхи гишүүд зөв санаачилга хэмээн дэмжсэнээр түүний санаачилга “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгалаа олж чадсан.

Тэгвэл өчигдөр Засгийн газрын хуралдаанаар “Ноолуур” хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөвт тусгаж, гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлж байхаар боллоо.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг: "Энэ хөтөлбөрийн хүрээнд 500 тэрбум төгрөгний "Ноолуур хөгжлийн сан"-тай болно. Ингэснээр хөнгөн үйлдвэрүүдээ, ялангуяа ноолуур боловсруулах үйлдвэрүүдээ сэргээх, малчдаа орлоготой болгох боломжтой. Энэ бол манай салбарынхны хувьд маш чухал" хэмээн уг хөтөлбөрийн талаар ярьсан юм.

Дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг хоёр үе шаттай хэрэгжүүлснээр нэхмэлийн салбарт 5500 гаруй ажлын байр тогтвортой хадгалагдах бөгөөд 3600 гаруй ажлын байр шинээр бий болно. Мөн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт 5.7 дахин өснө гэж тооцоолж байгаа аж.

Нэмж хэлэхэд, манай улс өнгөрсөн оны байдлаар 5413 тонн угаасан ноолуур, 509 тонн самнасан ноолуур, 915 мянган ширхэг сүлжмэл хувцас үйлдвэрлэсэн байна. Үүний 90 хувийг анхан шатны боловсруулалт хийж, 10 хувийг нэхмэл, сүлжмэл зэрэг эцсийн бүтээгдэхүүн болгон гаргажээ. Хэрвээ ноолуураа боловсруулж чадвал жилдээ 19.8 сая ширхэг сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн экспортод гарган 2.2-4.3 их наяд төгрөгийн борлуулалт хийх боломжтой гэж үзэж байна.