Үйлдвэрлэл, маркетинг, санхүүгийн аль нэг нь л орхигдоход шууд доголддог
Vip76.mn сайтаас Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран “Мэдлэг шингэсэн Жижиг дунд үйлдвэрлэл” хэлэлцүүлгийг өрнүүлж байгаа билээ. Хэлэлцүүлгийнхээ хүрээнд “Хүү төрлөө..,” Үндэсний брендийг зах зээлд нэвтрүүлж буй “Бумбын Улаан Хонгор” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Нандин-Эрдэнэтэй ярилцлаа.
Анх өлгийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх санаагаа хэрхэн олсон бэ?
Манай “Бумбын Улаан Хонгор”компани байгуулагдаад 5 жил болж байгаа. Харин “Хүү төрлөө..,” Үндэсний брэнд зах зээлд нэрийн бүтээгдэхүүнүүдээ нийлүүлэх болсоор нэг жилийг ардаа орхиж байна. Анх ээж болсон туршлага дээрээ үндэслэн, энэ брэндийн санаагаа хөгжүүлсэн. Нялх үрээ тосон авч буй ээж аавууд аль болох Үндэсний хэв шинж агуулсан зүйлсийг л хэрэглэхийг чухалчилдаг.
Гэтэл манай улсад энэ төрлийн өлгий үйлдвэрлэл хөгжөөгүй. Тиймээс хүссэн ч, хүсээгүй ч гаднаас орж ирсэн бэлэн өлгий авдаг. Яг тийм хүсэлтэй ээжийн хувиар анх Үндэсний хэв шинж агуулсан өлгий хийх санаа төрж, цаашлаад Брэнд болгон хөгжүүлэх сэдлээ хөгжүүлсээр өнөөдрийг хүрч байна.
Нэрийн бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлэлийн технологид нэвтрүүлэхийн тулд ямар судалгаа хийв?
Өлгий урлалыг Үндэсний хэв шинж агуулсан байдлаар үйлдвэрлэлд нэвтрүүлэхийн тулд нэлээд хугацаанд судалгаа хийж, 2012 онд батлагдсан Монгол Улсын өлгийний стандарттай яв цав нийцүүлэх зорилт тавьсан. Мэдээж, манай улсад хөвөн даавууны үйлдвэрлэл хөгжөөгүй учраас бид гаднаас түүхий эдээ оруулж ирээд, түүнийгээ улсынхаа өлгийний стандартыг бариулж, Үндэсний хэв шинж рүү хөрвүүлэх шаардлага тулгарсан гэж болно.
Энэ хүрээнд материалын сонголтын судалгаа явагдаж, эцэст нь Монгол хонины нэхийний илчлэг чанарыг орчин үед 100 хувийн кашмерин даавуугаар орлуулах шийдэлд хүрснээр үйлдвэрлэлийн технологийн асуудал руугаа орсон. Манай нэрийн бүтээгдэхүүнүүдийн үндсэн түүхий эд болох 100 хувийн кашмерин даавуу нь МХЕГ-ын Эрүүл ахуй, нян судлалын итгэмжлэгдсэн лабарторийн 14 хоногийн туршилтаар орж, “Энэ түүхий эд нь арьсанд хурц цочроох нөлөө үзүүлэхгүй” гэсэн албан ёсны MNS ISO/IEC17025 дардас тэмдэгтэй болон баталгаажсан байгаа.
“Хүү төрлөө..,”Үндэсний брэндийн гаргаж ирсэн шинэ санаа хийгээд Үндэсний үйлдвэрлэлд оруулахаар зорьсон үр өгөөжийн тухайд?
Үндэсний үйлдвэрлэл гэдэг нэр томьёо зарим тохиолдолд өөрөө гажилт үүсгэдэг. Тухайлсан салбарын хөгжлөөс хамаарч түүхий эдээ гаднаас оруулж ирдэг маш олон компаниуд байна. Тухайлбал, “Хүү төрлөө..,” Үндэсний брэндийн гол түүхий эд болох 100 хувийн кашмерин даавууны тухайд Монголд хөвөн даавууны үйлдвэрлэл байхгүй учир гаднаас оруулж ирдэг. Тэгэхээр 100 хувь үндэсний үйлдвэрлэгч гээд хэлчих зориг хүрдэггүй. Бид нийтийн жишгээр гаднаас түүхий эдээ оруулж ирээд, Үндэсний агууламж шингээн үйлдвэрлэлд нэвтрүүлэх, Монгол ахуйд илүү ойртуулах тал дээр тодорхой бодлого барин ажиллаж байгаа.
Хүү төрлөө бренд...
Хэрэглэгчдийн сэтгэгдлийг ерөнхийд нь ажиглахад “Хүү төрлөө..,” Үндэсний брэнд лого зураг, сав баглаа боодол, уламжлалт эд хэрэглэлийг орчин үед орхигдуулалгүй нэвтрүүлсэн зэрэг үнэлэмж өгдөг. Үндэсний үйлдвэрлэгчид үнэхээр чанартай сайн бүтээгдэхүүн зах зээлд гаргаад байдаг. Гэтэл хэрэглэгчид рүү чиглэсэн марктенгийн бодлогоо нэг төвөөр зангидах тал дээр санхүүгийн чадамж, өөр бусад шалтгаанаас үүдэн, орхигдуулдаг тал бий. Бид яг энэ тал дээрээ залуу брэнд гэлтгүй харьцангуй дэвшилттэй байдлаар хандаж, нэлээд зардал гаргаж, төвлөрсөн ажил явуулж буйгаа таны асуултад онцолмоор санагдлаа.
"Хүү төрлөө..," Үндэсний брэндийн үнэт зүйл юу вэ?
Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг өрх гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэх нь “Хүү төрлөө..,” Үндэсний брэндийн гол зорилго, үнэт зүйл нь юм. Нэрийн бүтээгдэхүүн бүр дээр Үндэсний өв уламжлалын давтагдашгүй чанарыг шингээх замаар үйл ажиллагаагаа илүү өргөтгөх нь бидний явах хамгийн зөв голдрил гэж үзэж байна.
Брэндийнхээ энэ онцлог чанарыг хадгалах, зах зээлд хоногшуулан нэвтрүүлэх зорилгоор уламжлалт сэтгэлгээн дээр үндэслэн аав, ээж, эмээ өвөөгийн багцыг тус бүрд гаргасан. Шинэ хүн мэндлэхэд эцэг хүмүн өлгийг нь бэлтгэн, үнэг хайчилж, суран бүс зэхдэг уламжлалыг нэг дор шийдэх зорилгоор бид өлгийндөө билэгдлийн дөрвөн бэрх шагай болон дээрх зүйлсийг багтаан “Аавын багц” болгон савладаг. Ээж нь өлгийтэй үрээ бариуштай болоод ирэхийн цагт бариувч хийдэг уламжлалыг даган “Ээжийн багц”-д Тоодон дээлээ оруулах жишгээр савлгагаагаа шийдсэн. Цаашдаа 16 үндэстэн, ястны багцуудыг тус тусад нь гаргахаар төлөвлөж, судалгааны ажилдаа орсон байгаа.
Ажилчид, хүний нөөцийн бодлогоо хэрхэн зангидаж байна?
Үйлдвэрлэлийн түвшинд тодорхой технологийн дагуу бүтээмж үүсгэн ажиллах баг бүрдүүлэх асуудал ер нь хэн бүхэнд амаргүй байдаг болов уу. Бид ч яг энэ замыг туулж байгаагаа нуулгүй хэлье. Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн оёдолчин авах зарын дагуу сургалтын төвийн батламжтай хүмүүс ирж уулздаг. Яг ажил дээр технологи барих тал дээрээ нэлээд асуудал үүсгэдэг хэдий ч дотооддоо сургах, чадавхжуулах байдлаар сайн хүмүүсийг тогтвор суурьшилтай ажиллуулахыг эрмэлздэг. Үйлдвэрлэлийн ангилалаар нийгмийн даатгалаа 12 хувиар төлж, ажлын тав хоногийн тогтолцоогоор хөдөлмөрийн гэрээ байгуулаад явж байна.
Илүү цагийн хөлс өгөлгүй ажиллуулах, нийгмийн асуудлыг нь орхигдуулахгүй байх зэрэг асуудалд байгууллагын зүгээс аль болох хариуцлагатай хандаж, гэрээнд тодорхой тусгаж өгдөг. Мөн ажилтны ажлын бүтээмжээс хамааран үр дүнгийн гэрээ хийн, ажиллах тохиолдол ч байна. Ер нь анхнаасаа цэгцтэй, зөв байдлаар ажилчдын нийгмийн асуудлыг шийдэж явах нь компанийн бүтээмжийг нэмэгдүүлдэг юм байна.
Маркетинг, менежментийн бодлогыг хэр явуулж байна вэ?
Дээр ерөнхий утгаар нь хэлсэн. Нэгж бүтээгдэхүүнээ цогц байдлаар хэрэглэгчдэд таниулах, хоногшуулах, Үндэсний өв уламжлалыг хэрхэн шингээсэн талаар мэдээлэл өгөх, үзэмжтэй харагдуулах гээд олон асуудлыг шийдэх хэрэгтэй болдог. Манай нэрийн бүтээгдэхүүнүүдийн нүүр царайг уртын дуучин Б.Номин-Эрдэнэ, жүжигчин Б.Нармандах, Р.Баттогтох, дуучин Ч.Уранхолбоо нар энхрий үрсийн хамт бүтээж, хэрэглэгчдэд хоногшуулахад үнэмлэхүй үүрэг гүйцэтгэсэн байгаа.
Нэрийн бүтээгдэхүүнүүдээ ийм маягаар зах зээлд хоногшуулахын тулд бид зураг авалт, эх бэлтгэлээ мэргэжлийн түвшинд шийдэхээс өгсүүлээд л ажил ундардаг. Гэхдээ үр дүн нь эргээд хэрэглэгчдэд эерэг, дулаан сэтгэгдэл төрүүлэх замаар бидэнд мэдрэгддэг. Зах зээл дээр үр дүнгээ ч өгч байна. Үйлдвэрлэл, марктенг, санхүүгийн асуудлаас нэг нь л орхигдоход шууд доголдол мэдрэгддэг. Тэгэхээр аль ч талаа орхилгүй, жигд бариад явах нь хамгийн чухал асуудал. Сүүлийн үед хэвлэл мэдээллүүд Үндэсний үйлдвэрлэгчид болон нэрийн брэнд үүсгэн хөгжүүлэгч байгууллагуудын сайн дэмжин ажиллаж байгаа нь бидэнд их дэм болж байгаа.
Эдийн засгийн хямралтай энэ үед ашигтай ажиллах боломж хэр байна?
Эдийн засгийн хямралаас үүдэн, иргэдийн худалдан авах чадвар 30 хувиар буурчихаад байгаа энэ үед шинэ залуу брэнд ашигтай ажиллах нь өөрөө их хэцүү асуудал. Гэхдээ өнөө маргаашийн ашгийг харалгүй, хэсэг хугацаанд сэтгэл зүрхээ зориулаад зүтгэхэд тодорхой үр дүнд хүрч болдог гэдгийг мэдэрч эхлээд байгаа нь сайхан. Хүүхэд өөрөө өсч буй хэрэглэгч гэдэг утгаараа багаасаа Үндэсний бүтээгдэхүүн хэрэглэх зөв хандлагад төлөвшүүлэхэд бид анхаарч байна.
ЖДҮ-ийг дэмжих хүрээнд олгогддог зээлэнд танайх хамрагдсан уу?
Банкны зээлийн асуудал уян хатан байдал доод тал нь хоёр жил үйл ажиллагаа явуулсан байх хэрэгтэй байдаг. Барьцаа хөрөнгө шаарддаг ямар нэгэн төслүүд тоног төхөөрөмжийн санхжүүжилтэнд олгодог үйл ажиллагааны зардал маркетингийн зардалд санхүүжилт олгодоггүй. Энэ нь ЖДҮ эрхлэгчдэд тухайн бараа бүтээгдэхүүнээ таниулж сурталчилахад асуудал үүсдэг гол асуудлын нэг байдаг. Дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвөөс хэрхэн бизнес санаагаа хөгжүүлэх, ашигтай ажиллах зөвлөмж зэрэг сураглтуудыг зохион байгуулах, мэдээллээр хангах ажлууд харьцангуй сайн хийгддэг.
Ер нь заавал зээл авахдаа биш тодорхой чиглэл өгч, мэдээллээр хангахын зэрэгцээ үйлдвэрлэгч хоорондоо туршлага солилцох боломжийг нээж өгч байгаа нь сайшаалтай. Ажиглаад байхад Монгол залуус сүүлийн үед өөрт байгаа боломжин дээрээ тулгуурлан хөгжих, ахиж дэвших эрмэлзэлтэй болсон. Энэ нь бас нэг давуу тал нь юм. Сүүлийн жилүүдэд Монголчууд Үндэсний брэндээ илт дэмжиж, худалдан авалтын ерөнхий чиг өөрчлөгдөх хандлагатай болж буй нь бидний хамгийн том тулгуур юм.
Төрөөс ЖДҮ-ийн салбарыг ямар байдлаар дэмжээсэй гэж бодож байна вэ?
ЖДҮ эрхлэгчдийн дунд тулгардаг нийтлэг асуудал бол бүтээгдэхүүнээ хэрхэн зарж борлуулах. Дөнгөж зах зээлд гарангуутаа нэрийн барааны дэлгүүр нээчих боломж тэр бүр бизнес эрхлэгчдэд байдаггүй. Тиймээс аль нэг дэлгүүрийн лангуун дээр байршуулах хэрэг гарна. Үйлдвэрээс гарч буй нэгж бүтээгдэхүүний өртөг хямд байгаа хэдий ч эдгээр шимтгэлүүд нэмэгдэхээр үнэн дүнгээ өсгөхөөс өөр аргагүйд хүрдэг. Иргэд Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүн их үнэтэй байна гэж гомдол мэдүүлдэгийн гол учир энэ. Тиймээс энэ тал дээр нэгдсэн бодлого, төлөвлөлттэй байх хэрэгтэй мэт санагддаг.
Үйлдвэрлэл явуулахад тулгарч буй гол бэрхшээл?
Ихэнх үндэсний компаниуд түүхий эдээ гаднаас оруулж ирж байгаа. Манай салбарт л гэхэд 2005 оны 3-р дугар сарын 18-ны өдрийн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулинд оёмол сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож байгаа сэлбэг түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн татвараас чөллөөлөх хууль батлагдсан хэдий ч одоог хүртэл хэрэгжээгүй л байна.
Энэ төрлийн татварын бодлогыг илүү уян хатан болгосноор үйлдвэрлэгчдийн нуруу тэнийж, санхүүгийн хүндрэл харьцангуй багасах учиртай. НӨҮТ-ийн хуулийн хувьд бизнесээ эхлээд удаагүй бодит орлогоо авч үзээгүй байхад л НӨҮТ төлөгч болгочихдог. Одоо босго нь өндөрссөнөөр, жижиг бизнесүүд харьцангуй сэргэх болов уу гэж харж байна.