Шадар сайдын санаачилга ЗӨВ БАЙЛАА
2018.02.06

Шадар сайдын санаачилга ЗӨВ БАЙЛАА

Шадар сайд Ө.Энхтүвшин “Монгол Улс мал аж ахуйгаа яаж хөгжүүлэх вэ. Бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийдэг шигээ ус, бэлчээрийнхээ даацад захирагдан малаа өсгөх шаардлагатай болж байгаа нь жилээс жилд улам тодорхой боллоо. Зөвлөлтийн эрдэмтэд Монголын газар нутаг, бэлчээр усны нөөцийг судлаад хонин толгойд шилжүүлснээр 60 сая малд тохиромжтой гэж дүгнэлт байсан бол одоо Монголын мал хонин толгойд шилжүүлснээр 104 сая болжээ. Тиймээс боддогоо өөрчилж, тооноос чанарт шилжих цаг болсон байна. 2001, 2009 оны зуд малын тоо толгойг 10, 10 саяар нь хорогдуулж байсан. Хүн өөрөө мал аж ахуйнхаа бодлогыг боловсруулж чадахгүй бол байгаль, тэр дундаа зуд зохицуулаад өгдөг шүү дээ. Хамгийн олон малтай хүн хаана байгааг хайж явахаа больё. Харин хэн малынхаа чанарыг сайжруулав, хэн нь малаас авах үр шимээ өсгөв, хэн бусад малчинд туршлагаараа үлгэр дуурайлал болов, хэн гэдэг малчин мал ахуй тааруутай айл өрхийн амьжиргаанд тус дэм болж, малтай болгов гэдгийг хайя” гэж хэллээ.

Ажил авснаасаа хойш багагүй шүүмжлэлийг араасаа дагуулаад байсан Шадар сайдын санаачилга зөв байна.

“Загатнасан газар маажив” гэдэг шиг жинхэнэ үнэнийг олж харав. Мал аж ахуйн үйлдвэрлэлд дутагдаад байгаа ганц зүйл бол энэ. Манай орон мал сүргийнхээ тоо толгойг өсгөх бодлогыг 1990 оноос хойш хэрэгжүүлж, “Мянгат малчин” тодруулдаг байлаа.

Малчид малынхаа тоо толгойг өсгөж, “Мянгат малчин” болох “уралдаан” руу хошуурсан гэхэд болно. Нэгэн баримтыг эргэн санахад, 1997 онд Булган аймгийн Дашинчилэн сумаас “Мянгат малчин” ес төрж, сум орон нутгийнхан ч бөөн баяр болж, Улсын заан Д.Амгаа тэргүүтэй хүмүүс Техникийн их сургуулийн байранд малчдаа хүлээн авч, А.Ширмэнтуяа оюутан байхдаа ирж дуулж бараг л наадам болж байлаа. Энэ бол миний л мэдэж буй зүйл. Ийм баяр тухайн он жилүүдэд олон болсон гэдэгт эргэлзэхгүй байна.

Гэтэл одоо “Мянгат малчин” гэдэг сонин биш болсон.

Захын малчин айл мянга хол гарсан малтай. Хотоо тойруулаад төрөл маркаар нь машинуудыг эгнүүлчихсэн амьдарч байна.

Ийм атлаа зуданд мал үхлээ өвс, тэжээл өгөөч гээд гараа тосоод сууж буй нь зах зээлийн зарчим мөн үү. Энэ их мал тариалангийн бүс нутагт бүр толгойны өвчин болоод байна. Тариагаа гэх үү, малаа гэх үү. Ийм асуулт хариулт нэхсээр удлаа.

Уг нь тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэсэн төрийн бодлого бий бололтой. Гэтэл нэг өглөө босоход л баруун аймгаас ирсэн нэг мянган малтай, малгайгаа хэлтгий тавьсан нөхөр тариалангийн талбайн захад буучихаад эрх чөлөө яриад алхаж явна. Ингэж л тариаланч, малчдын тэмцэл эхэлдэг.

Өнөөдөр 66.2 сая малтай боллоо гэсэн статистик тоо бий. Энэ бол Монголд бараг гамшиг чирж байна гэхэд нэг их эндүүрсэн болохгүй байх.

Бэлчээрийн даац хүрэхгүй болсон. Шим тэжээлтэй ургамлууд устаж үгүй болсон гээд олон сөрөг үр дагавар энэ их малын хөлийн тоосонд арчигдаж явна.

Төр эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж буй ч олон малын захад усны дусал мэт мэдрэгдэхгүй алга болчихдог. Тухайлбал, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам өнгөрсөн онд өндөр ашиг шимт махны чиглэлийн 370 үхэр импортлоход улсын төсвөөс 2.0 тэрбум, ААН-ээс 1.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, ОХУ-аас Герефорд үүлдрийн 310 үхэр, ХБНГУ-аас Лимузин үүлдрийн 60 үхэр оруулж иржээ.

Тэгэхээр энэ чиглэлийн аж ахуйг хөгжүүлэх гэж оролдож байгаа ч нийт малчдыг хамарч чадахгүй байна. Өндөр ашиг шимтэй малын мах булчинлаг байдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, чанартай гэсэн үг ажээ.

Шадар сайдын хэлснээр малынхаа чанар, үүлдэр угсааг сайжруулснаар төрөөс шагнадаг, урамшуулдаг, дэмждэг болох юм бол малчид тоо биш чанарт тэмүүлдэг болох биз.

Тэр цагт монгол малын мах дэлхийд үнэд хүрэх цаг айсуй. Хүснэгтэд махны чиглэлийн үхэр, хонины тоо, импортолсон үхрийн тоог үзүүлэв.

СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙН ТОО

МАХНЫ ҮХРИЙН АЖ АХУЙН ТОО

Сэтгүүлч С.Эрдэнэбат